"Porsche” компани “Cayenne”-ийн III үеийн шинэ загварыг танилцууллаа
Германы автомашин үйлдвэрлэгч “Porsche” компани спорт ангиллын “Cayenne ” загварынхаа III үеийн шинэ автомашиныг танилцууллаа. Шинэчилсэн “Cayenne S” загвар нь хоёр төрлийн хөдөлгүүрийн сонголттойгоор зах зээлд нийлүүлэгдэх юм байна. Тодруулбал, гурван литрийн багтаамжтай V6 турбо хөдөлгүүр бүхий 340 морины хүчтэй энгийн загвараа 75 мянган еврогоор зах зээлд нийлүүлнэ гэж "Volkswagen"-ийн салбар нэгж тус компани мэдэгджээ. Хөдөлгүүрийн хүчин чадал нь өмнөх загвараас 40 морины хүчээр илүү гэдгийг шинжээчид онцолж байгаа юм. Харин тансаг ангилалд багтах 2.9 литрийн багтаамжтай V6 хос турбо хөдөлгүүр, "Tiptronic S" хэмээх найман шатлалт хурдны хайрцагтай, 440 морины хүчтэй "Cayenne S" загварын үнэ 92 мянган еврогоос эхлэх юм байна. “Porsche”-ийн мэдээлснээр “Cayenne S” загвар нь 5.6 секундэд 96.5 км/цаг хүртэл хурдлах чадалтай, дээд хурд нь 264 км/цаг аж.
Үүнээс гадна 2019 оны “Cayenne S” загварт 12.3 инчийн өндөр нягтаршил бүхий мэдрэгчтэй дэлгэцийг суурилуулж өгснийг тус компани онцолж байгаа юм. Түүнчлэн түлш зарцуулалт болон хурдыг сайжруулах үүднээс лити ионы цэнэг хураагуурыг ашигласан нь тус автомашины жинг 65 кг-аар бууруулахад нөлөөлжээ. “Porsche” компани III үеийн шинэчилсэн “Cayenne S” загварын автомашинаа 2018 оны зургаадугаар сараас эхлэн АНУ-ын зах зээлд нийлүүлнэ гэж мэдэгдээд байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй