Цахим ертөнцийн хамгаалагч

Технологийн цаг

Хэрэглэгчдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд олон тэрбум ам.доллар зарцуулдаг Microsoft компани Төв болон Зүүн Европын бүсийн төвөө Казахстанд нээгээд удаагүй байна. Тус төвөөс Монголыг зорин ирсэн төлөөлөгчид цахим аюулгүй байдлын зуу зуун шилдэг мэргэжилтэн Казахстан дахь Microsoft-д ажилладгийг онцоллоо.

Дэлхий даяар цахимжиж буй энэ эринд хүмүүс өдөр тутам төрөл бүрийн технологийг өөр өөрийн зорилгоор ашиглаж буй. Тэд интернэтээс хэрэгцээтэй мэдээллээ хайх, нийгмийн сүлжээгээр дамжуулан бие биетэйгээ харилцах, төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн худалдан авах, банкны гүйлгээ хийх зэргээр цахим ертөнцийг улам бүр идэвхжүүлэх болжээ. Технологи хурдтай хөгжихийн хэрээр цахим орон зайг ямар нэг зорилгоо гүйцэлдүүлэх талбар болгон ашиглаж буй цахим гэмт хэрэгтнүүдийн чадвар ч мөн даган сайжирсаар байна. Тэдний учруулсан хохирол 2020 он гэхэд гурван тэрбум ам.долларт хүрнэ гэсэн урьдчилсан тооцоо байгааг Microsoft-ийн Төв болон Зүүн Европын бүсийн маркетингийн ахлах менежер Жорж Копилашвили өгүүлж байна. Тиймээс улс орнуудын Засгийн газар, ашгийн байгууллага болон олон улсын байгууллагууд цахим аюулгүй байдалдаа ихээхэн анхаарал хандуулах болжээ. Тухайн байгууллагын сүлжээнд нэвтэрсэн болон нэвтрэхийг оролдсон халдлагын тоо нэг өдөрт л гэхэд 140 давж буй нь маш ноцтой үзэгдэл. Гэтэл зарим компани цахим халдлагад өртсөнөө ч мэдээгүй байх нь бий. Халдлагад их өртөж буй компаниуд ихэвчлэн найдваргүй эх үүсвэрээс программ хангамжаа авч хэрэглэсэн байдаг аж. Жорж Копилашвили “Олон улсын дата мэдээллийн корпорациас гаргасан “Лицензгүй программ ба цахим халдлагууд” тайланд нэг бүхлийг төгс харьцаа гэж тооцдог тухай тэмдэглэсэн байсан. Харин цахим аюулгүй байдлын эрсдэл болон лицензгүй программ хангамжийн харьцаа 0.79 гэж гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, найдваргүй эх үүсвэрээс программ хангамж татаж авсан тохиолдолд таны компьютер халдлагад өртөх маш өндөр эрсдэлтэй гэсэн үг” хэмээн тайлбарлав. Тэрбээр ажлын хамтрагч Microsoft-ийн программ хангамжийн лиценз ашиглалт хариуцсан мэргэжилтэн Наталья Матассовагийн хамт тус компанийн технологийн хэрэглээний талаарх мэдээллийг Монголын хэрэглэгчдэд хүргэх зорилгоор манай улсад ирсэн нь энэ юм. Тэд Microsoft-ийн технологи, үйлчилгээний давуу тал болон зөвшөөрөлгүй программ хангамж хэрэглэснээс үүсэх эрсдэлийн талаар Монгол дахь түншүүдтэйгээ мэдээлэл солилцжээ. Монголын технологийн салбарын ирээдүйг өөдрөгөөр харж буйгаа тэд мөн энэ үеэр хэлж байв.

Технологиос шалтгаалан бидний амьдралын хэв маяг бүхий л талаасаа асар хурдтай өөрчлөгдсөөр буй. Үүнийг дагаад бусадтай харилцах, бүтээгдэхүүн худалдан авах, зах зээлд шинэ бүтээгдэхүүн нийлүүлэх хүмүүсийн арга барил ч өөрчлөгдөж байна. “Microsoft-ийн үүрэг бол хувь хүн, байгууллага бүрийг илүү амжилтад хүрэхэд туслах юм. Ингэснээр тэдэнд бизнес эрхлэх илүү таатай нөхцөл бүрдэж, олон улсад бизнесээ тэлэх боломж нээгдэж байдаг” хэмээн Жорж Копилашвили ярьж байна. Тэрбээр өмнө нь үүлэн технологийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай учраас Монголын компаниуд энэ технологийн тусламжтай бусад орны зах зээлд хялбар нэвтрэх боломж бүрдэнэ гэдгийг тодотгож байв. “Үүлэн технологи бол файлуудыг хаа нэгтээ зөвхөн хадгалах тухай биш, харин аливаа бизнесийг цоо шинэ арга барилаар эрхлэх боломжийг олгодог тун өргөн хүрээний ойлголт”.

Казахстан дахь Microsoft-ийнхон үүлэн технологийн бизнесийн ач холбогдлыг харилцагчдадаа таниулахын тулд их цаг хугацаа зарцуулж, хүчин чармайлт гаргадаг. Үүлэн технологи тухайн бизнес эрхлэгчид бизнесээ илүү уян хатан, бага зардалтайгаар эрхлэх, хүссэн газраасаа ажиллах боломжийг олгодог ач холбогдолтой. Тэд үүлэн технологийг Казахстаны бизнес эрхлэгчдэд таниулах зорилгоор хоёр жилийн өмнө уулзалт зохион байгуулжээ. Энэ үеэр хүрэлцэн ирсэн зочид үүлэн технологийг хэрэглээндээ нэвтрүүлэхэд бэлэн биш, дотоодын IT технологид илүү итгэж байгаагаа илэрхийлжээ. Гэсэн ч Төв болон Зүүн Европын бүсийн төвийнхөн сургалт, сурталчилгаа олон удаа хийсний үр дүнд Казахстаны бизнес эрхлэгчдийн хандлага өөрчлөгдөж, тэндхийн томоохон компаниуд үүлэн технологийг хэрэглэх болж, цахим аюулгүй байдлын тухай илүү ихийг мэдэх хүсэлтэйгээ илэрхийлж, тэдэнд ханддаг болсон аж. “Хэрэглэгчдийнхээ цахим аюулгүй байдлыг хангах нь бидний үүрэг. Microsoft өөрчлөлтийг авчирна гэдэгт бид итгэлтэй байдаг” хэмээн Жорж Копилашвили онцолсон юм. Тэрбээр үргэлжлүүлэн “Хэрэв үйлчлүүлэгч серверээ хажуугийнхаа өрөөнд хадгалсан нь аюулгүй шүү дээ гэж хэлбэл би Microsoft таны аюулгүй байдлыг хангахын тулд олон тэрбум ам.доллар зарцуулдаг тул таны аюулгүй гэж үзсэн нөхцөлтэй харьцуулах боломжгүй гэж хэлнэ” хэмээн өгүүлэв.

Аливаа улсын Засгийн газар болзошгүй эрсдэлээс хамгаалах, халдлага болсон тохиолдолд хариу арга хэмжээ авах цахим аюулгүй байдлын бодлоготой байх нь чухал. Харин Microsoft компани энэ чиглэлээр Засгийн газруудтай хамтран ажилладаг тусгай хэлтсүүдтэй аж. Тухайлбал, цахим гэмт хэргийн асуудал хариуцсан хэлтэс нь цахим аюулгүй байдлыг дэлхийн хэмжээнд хангах зорилгоор үндэсний болон олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг байна. “Бид Монголын Засгийн газрын төлөөлөлтэй уулзаагүй ч энэ бол хөндөх ёстой маш чухал сэдэв. Казахстан улс гэхэд л маш сайн боловсруулж, Ерөнхийлөгчийн зүгээс соёрхон баталсан цахим аюулгүй байдлын стратегитай. Ер нь Microsoft-оос боловсруулсан маркетингийн ажлууд тухайн Засгийн газрын болон аливаа бизнесийн үйл ажиллагааг цахим халдлагаас хамгаалах бодлого, стратегитай зайлшгүй уялдсан байдаг. Цахим халдлагаас сэргийлэхийн тулд бид тухайн улсыг Software Asset Management (SAM) procedure буюу Программ хангамжийн хөрөнгийн менежмент хэмээх аргачлалыг тогтмол хэрэгжүүлэхийг зөвлөдөг” хэмээн Наталья Матассова ярилаа. Тус менежментийг хэрэгжүүлснээр тухайн компани программ хангамжаа хэр үр дүнтэй удирдаж буйгаа, ямар төрлийн программ хангамж ажиллаж байгааг болон тэдгээрийн лиценз найдвартай, эсэхийг мэдэх боломжтой аж.



САНАЛ БОЛГОХ