Эрдмийн луужин

ЗГМ: Зочин


Одоогийн хүүх­ дийг итгэлээр, урмаар хүмүү­ жүүлдэг болсон

Багшийн эрдэм шавьд гэдэг сайхан үг бий. Хүн бүр “А” үсэг заасан анхны багшаа мартдаггүй билээ. Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан энэ удаагийн “ЗГМ: Зочин” буландаа боловсролын салбарт 27 жил зүтгэж яваа, 300 гаруй шавь өлгийдсэн нийслэлийн Нэгдүгээр сургуулийн бага ангийн багш Ч.Чагцалыг урив.

-Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе. Манай сонины уншигчдад өөрийнгөө танил- цуулахгүй юү?
-Би 1994 онд Улаанбаатар хотын Багшийн сургуулийг бага ангийн багш, пионерийн удирдагч мэргэжлээр төгссөн. Ажил хөдөлмөрийн гараагаа Дорноговь аймгийн эвлэлийн хороонд пионерийн зөвлөл хариуцсан арга зүйчээр эхэлж байлаа. 1990-ээд онд пионерийн удирдагч, залуучуудын эвлэл тарсан тул, хотын унаган хүүхэд учраас Улаанбаатартаа ирсэн. Нийслэлийн Боловсролын газраас ажил горилоход “Пионерийн байгууллагад эргэж ажиллахгүй” гэсэн тодорхойлолт аваад ир гэсэн. Ингээд Пионерийн төв зөвлөлийн даргаар тодорхойлолт хийлгэж, 1990 оны есдүгээр сарын 1-нд Нэгдүгээр сургуулийн бага ангийн багшаар томилогдон ирсэн юм. 2002 онд Багшийн сургууль, 2010 онд Удирдлагын академийг нийгмийн удирдлагын магистр зэргээр дүүргэсэн.
Багшлахын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлж, бас Сингапурт англи хэлний сургалтад хамрагдсан. Мөн 2003-2009 онд 1-4 дүгээр ангийн математикийн сурах бичиг, зургаан настнуудын сургалтын хөтөлбөрийг орон даяар зохион байгуулах багт ажилласан.

-Хүмүүс “А” үсэг заасан анхны багшаа үргэлж санан дурсдаг. Өнөөдрийг хүртэл хэдэн шавь төрүүлсэн бэ?
-Нэгдүгээр сургуульд 27 жил ажиллаж, энэ хугацаанд долоон анги төгсгөжээ. Намайг анх багш болж байхад бага анги 1-3 хүртэл байсан бол дараа нь 1-4, одоо 1-5 дугаар анги болсон. 20 гаруй жилийн өмнө нэг анги 35- 37 хүүхэдтэй байсан бол өдгөө 60 гарчихлаа. Тэгэхээр барагцаагаар “А” үсэг заасан 300 гаруй шавьтай.

-Хүүхдэд суурь боловсрол олгодог гэдэг утгаараа бага ангийн багш хамгийн чухал мэргэжил. Мэргэжлийнхээ үнэ цэнийн талаар бодлоо хуваалцахгүй юү?
-Амьдралд суралцах хандлага тогтоодог анхны хүн бол яах аргагүй бага ангийн багш. Дэлхийн боловсрол 20 гаруй жилийн өмнөхөөс өөрчлөгдөж байна. Намайг анх багш болж байхад дэлхийн боловсролын чиг хандлага багшлах арга, техник рүү чиглэдэг байсан бол өнөөдөр хүүхдийг өөрөөр нь хөгжүүлэх хандлагатай болсон. Хүүхдийн хүмүүжлийн 60-70 хувь нь гэр бүлийн суурь хүмүүжил болон цэцэрлэгт олж авсан төлөвшлөөс хамаардаг. Гэхдээ тогтсон энэ хүмүүжил яг л луужин шиг савлаж, ямар хүн болох хандлага нь хараахан тогтоогүй явсаар бага ангийн багштайгаа “танилцдаг”. Иймд тухайн хүүхдийн ямар хүн болох төлөвшил, хүмүүжил бага ангийн багшаас ихээхэн хамаарна. Тиймээс бага ангийн багш хүүхдийг хүн болгож, эрдэмд сургах луужин нь юм.

-Хүүхэдтэй зөв харилцаж, үлгэр дуурайл үзүүлэх ёстой хүний нэг бол багш. Таны хувьд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд хэрхэн анхаарч ажилладаг вэ?
-Энэ зуны амралтаараа Голланд улсад 18 хоног ухамсарт суурилсан боловсролыг хөгжүүлэх сургалтад хамрагдаад ирлээ. Тэндээс дэлхийн боловсролын чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж, хаашаа чиглэж буйг мэдлээ. Монголд сайхан ирээдүйг бүтээхийн тулд сурган хүмүүжүүлэгчид маань нэн түрүүнд харилцаагаа өөрчлөхөөс эхлэх ёстой. Багшийн сургуульд суралцаж байхдаа шинжлэх ухааны мэдлэгийг хүүхдэд хэрхэн зөв дамжуулахад анхаардаг байлаа. Гэтэл энэ сургалтад сууснаар хүүхдийг өөрийгөө таньж мэдэхэд нь тусалж, юу ойлгож, юу чаддаг хандлагыг нь тэдэнд мэдрүүлэх ёстойг ойлгосон. Нэр томъёонуудыг тухайн үед нь тогтоолгож болох хэдий ч жинхэнэ утгаар нь боловсрол олгохын тулд бүхий л шатанд хандлагаа өөрчлөх хэрэгтэй.

-Одоо үеийн хүүхдийн сэтгэл- гээ 20 жилийн өмнөхөөс тэс өөр болжээ. Үүний шалтгааныг юунаас үүдэлтэй гэж бодож байна?
-Өнөөдрийн зургаан настнууд 20 жилийн өмнөх найман настнуудын санааг хэдэн хувь давуулан сэтгэж, гүйцэтгэж байна. Дээр үед цэнхэр дэлгэцээр ердөө хоёр, гуравхан суваг гарч, хүүхдэд зориулсан нэг, хоёрхон сэтгүүл хэвлэгдэж, тэндээс мэдээлэл авдаг байлаа. Хүмүүс ч хүүхдээс амьдралын эрээн барааныг нуудаг байсан. Харин өнөөгийн нийгэмд хүүхдийн мэдээлэл авах суваг асар их болж, ээж, аавтайгаа зэрэгцэж суугаад юу ч хамаагүй чөлөөтэй үздэг болсон. Мөн орчны нөлөөнд автаж байна. Хэдийгээр хүүхдээ аль болох сайн хүмүүжүүлж байгаа ч гадаа тоглохдоо, автобусанд явахдаа, сургууль дээрээ гээд эргэн тойрны хүрээлэн буй орчноосоо элдэв янзын үг хэллэг,  үйлдэл сурчихдаг. Иймд эцэг, эхчүүд хүүхдийнхээ авч байгаа мэдээллийг хянах, чиглүүлэх ёстой.

-Хүүхэдтэй ажиллахад тулгардаг хамгийн том бэрхшээл юу вэ?
-Сурах, сургах үйл явцын хамгийн гол тулгуур хүндэтгэл дээр оршдог гэж би боддог. Хүндэтгэлгүй болчихвол хүүхэд багшаас эрдэм сурч чадахгүй. Мэдээж бид хүн л юм хойно бүх аав, ээжид байнга таалагдахгүй шүү дээ. Эцэг, эхчүүд багштай санал нийлэхгүй, сэтгэл дундуур үлдэх үе бишгүй гарна. Гэтэл тэд өөрт үүссэн сургууль болон багшийн тухай сөрөг мэдрэмжээ хүүхдийнхээ дэргэд ярьчихдаг. Хүүхдийн багшаа, сургуулиа хүндэтгэдэг тэр сайхан бодлыг аав, ээж нь үгүй хийчихээр багш хэчнээн мэрийж, хөдөлмөрлөөд ч тархинд суучихсан бодлыг нь амархан өөрчилж чаддаггүй. Би шинэ анги авах бүртээ эцэг, эхчүүдэд хэлдэг юм. “Миний хэлж байгаа үг, үйлдэл танд таалагдахгүй, ойлгогдохгүй байж болно. Гэхдээ миний шавийн дэргэд үүнийгээ битгий яриарай. Унтсан хойгуур нь хаалгын хаагаад зөвлөлдөөрэй” гэдэг. Миний хэлээд байгаа хүндэтгэл гэдэг зүйлийг хадгалж чадвал таны, миний хүүхэд багш руугаа хайр гэрэлтсэн харцаар харж, сурах хүсэл эрмэлзэл нь дүүрэн байдаг. Тиймээс эцэг, эхчүүдэд хүүхдийнхээ дэргэд муу муухай зүйл битгий ярьж байгаарай гэж захимаар санагддаг.

-Олон жил бага ангийн багш хийсэн хүний хувьд Монголын боловсролын суурь тогтолцоо ямар түвшинд явж байгаа санагддаг вэ?
-Боловсролын хамгийн эцсийн зогсоол хүүхэд бүрийг хөгжүүлэх. Үүний төлөө багш нар зүтгэх ёстой. Бүх хүүхэд нэг зогсоолоос хөдөлдөг ч бүгдээрээ онц сурдаггүй шүү дээ. Тиймээс хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө явах нь багшийн хамгийн том зорилго яах аргагүй мөн. Жишээ дурдмаар санагдаж байна. Хүүхэд нь жаахан тааруу сурлагатай бол эцэг, эхчүүд багштай нь уулзахдаа өөрийгөө өмгөөлөх сэтгэл зүйтэй байдаг. Багш ч гэсэн муу сурлагатай, сахилга батын доголдолтой хүүхдийн аав, ээжтэй уулзахдаа ууртай байдаг. Ийм байдалтай уулзаж байгаа хүмүүс сайхан зүйл ярьж, нэг нэгнээ ойлголцохгүй нь тодорхой. Тэгвэл багш хүн тэр муу сурч байгаа хүүхдийг хамтраад яаж хөгжүүлэх тухай ярилцаж, танай хүүхэд ийм сайн талтай гэдгийг дурдвал эцэг, эхийн харилцаа зөөлөрч, үр дүнд нь хүүхэд “нахиалдаг” юм.

-Сурган хүмүүжүүлэгчид эцэг, эхчүүдийг хүүхэдтэйгээ ажиллахгүй, ярилцлахгүй байна гэж шүүмжилдэг. Энэ тухай ямар бодолтой байдаг вэ?
-Эцэг, эхчүүд хүүхдээ хайрлаж байна гээд хамгийн үнэтэй, чамин зүйл авч өгөхийг эрмэлздэг. Жишээ нь, аав, ээж нар хүүхдэдээ тоглоом болдог хичээлийн хэрэгсэл авч өгдөг. Гэтэл зургаа, долоон настай хүүхдийн нүдний өмнө машин болдог үзэгний сав харагдахаар тогломоор санагдана шүү дээ. Хүүхэд хичээлдээ анхаарах уу, үзэгний сав руу харах уу гэдэг сонголттой тулгардаг. Энэ бол зөвхөн нэг хүүхдийн асуудал ч биш. Ойр орчны хүүхдүүдийн анхаарлыг сарниулна. Энгийн асуудал мэт боловч ардаа ямар том үр дагавар дагуулж мэдэхийг манай аав, ээж нар ойлгох хэрэгтэй.


Сурах, сургах үйл явцын хамгийн гол тулгуур хүндэтгэл дээр оршдог


Залуу эцэг, эхчүүд ажил ихтэй, завгүй учир эмээ, өвөө, эсвэл өдөр өнжүүлэхэд хүүхдээ даатгачихдаг. Орой ирээд хүүхдээсээ “Даалгавар хийсэн үү. Хоолоо идсэн үү. Ядарсан уу. Багш нь загнасан уу” гэсэн гурав, дөрөвхөн асуулт асуудаг. Уг нь бага ангийн хүүхэд хамгийн их үг, өгүүлбэр хэлж, ярих ёстой. Гэтэл одооноос дөрөвхөн өгүүлбэрээр хязгаарлагдах харилцаа цаашид улам бүр түвэгтэй болгоно. Тиймээс эцэг, эхчүүд хамгийн багадаа хүүхэдтэйгээ 30 минут ярилцах хэрэгтэй. Ингэхдээ багш нь загнасан уу, ямар дүн авсан гэж асуух бус өнөөдөр юу сурсан, шинэ найзтай болсон уу, ямар хичээл таалагдаж байна зэрэг эерэг асуултаар хүүхдээ чиглүүлэх хэрэгтэй. Ингэснээр таны хүүхэд байгаа орчноосоо эерэг зүйлийг олж харж чаддаг болох юм.

-Багш хүн хүүхэд бүрийн зан ааш, сайн, муу талыг нь харж, мэдрэх нь чухал байдаг болов уу. Та хүүхдүүдтэй хэрхэн ажилладаг вэ?
-Багшийн ажлын гол онцлог хүүхдээ хүлээж авахаас эхэлдэг. Хичээлдээ ирж байгаа хүүхдийн зан байдал, дүр төрх заавал нэгийг илэрхийлдэг. Тухайлбал, аав, ээж нь ирэх замдаа хүүхдээ урамшуулсан бол тэр хүүхдийн нүдэнд баяр хөөр дүүрэн байдаг. Эсвэл “найз” загнуулсан, нүүрээ дутуу угаасан, яарч хувцасласан байвал нэг өөр байх жишээтэй. Магадгүй бүр аав, ээж хоёр нь шөнөжин муудалцаж, хүүхэд дутуу нойртой хоносон нь ч анзаарагдана. Ерөөс хүүхэд бүрийн нүднээс Монголын нийгмийн дүр төрх харагддаг. Тиймээс хүүхдээ хүлээж авахдаа зүгээр нэг “Сайн байна уу, сайхан амарсан уу” гэхээс илүүтэй шавь маань өнөөдөр ийм байна гэсэн бодлыг тээж, тухайн өдөр харилцах хандлагаа тодорхойлох нь чухал. Аав, ээждээ загнуулж, бухимдсан хүүхдийг аргадах, урамшуулах, хайрлах хэрэгтэй. Ингэхдээ заавал үгээр хэлэх албагүй. Хичээл дундуур тэр хүүхэд рүү инээмсэглэх, гарыг нь зөөлөн атгах, мөрийг нь илэх гэх мэт үйл хөдлөлөөр хандаж болно.
Би өдөр бүр хамгийн багадаа 180 дэвтэр засахаар гэр рүүгээ авч явдаг. Тэр 180 дэвтэрийг үзээгүй өнгөрвөл маргааш нь надад хичээл заах боломжгүй байдаг. Хүүхдийнхээ дэвтэртэй өдөр бүр тулж ажилласан багш манай ангийн хэн юун дээр хоцорч, миний заасан аргын юу нь болж байна, юу нь ойлгомжгүй байна гэдгийг олж харахад хялбар байдаг.

-Ахмад багш нар хуучны арга барилаараа хүүхдийг “тоншоод” авах тохиолдол цөөнгүй гардаг. Зарим эцэг, эх миний үед ийм л байсан гэсэн хандлагаар хүлээж авдаг бол нөгөө хэсэг нь гар хүрэхэд дургүй байдаг. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Ганцхан ахмад үеийн багш нар гэхгүй хөгшин, залуу ямар ч багш харилцааны аргад сурал- цаагүйн улмаас хүүхэдтэй зүй бусаар харилцдаг. Өнөөгийн хүүхэд өөрчлөгдсөн гэдгийг ойлгоогүй багшийн харилцаанаас ийм хандлага илэрнэ. 20-30 жилийн өмнө хүүхдэд айдас үүсгэж сургадаг байсан. Айдас үүсгэснээ хүндэтгэл гэж ойлгож, мэдлэгт тургуурласан академик сургалт явуулж байсан тул нийгмийн шаардлагыг хангаж болоод байсан байх. Харин одоогийн хүүхдийг итгэлээр, урмаар хүмүүжүүлдэг болсон. Энэ гарцыг олж харж чадвал биеийн шийтгэлээс татгалзана. Хүүхдийг магтаад л байвал “Би тэгье, ингье” гээд л "далавчтай" болж, сурах хүсэл эрмэлзэлээр дүүрдэг юм шүү дээ.

-Багш нар цалингаа нэмүү- лэхээр жагсаж байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Монголын багш нарын цалин бага, нийгмийн үнэлэмж муу байгаа нь үнэн. Нэг талаас багш нар өөрийнхөө төлөө, амьжиргаагаа дээшлүүлэхийн төлөө тэмцэж байгаа мэт боловч нөгөө талаас Монголын боловсролыг өөр шатанд аваачих, ирээдүйн төлөө зорьсон тэмцэл юм. Өөрөөр хэлбэл, ийм бага цалингаар маргаашийн боловсролд хэн ажиллах вэ. Нийгэмд үнэлэмжгүй мэргэжлийг хэн эзэмших вэ. Шилдгүүдээр шилдэг багийг хүмүүжүүлдэг шүү дээ. Энэ талаас нь харж, гарцаагүй нэг тийш нь шийдэх шаардлага бий.
-Ярилцсанд баярлалаа.

САНАЛ БОЛГОХ