Тахал танаас таван алхмын зайд байна
ЗГМ: Сэдэв
Тахлын нэг голомтыг устгахад хамгийн багадаа 30-40 сая төгрөг зарцуулдаг
Тарваганы мах хараад нүдээ ухаж өгөхөөс буцдаггүй монголчууд энэ мэрэгч амьтны тахлын нянд дарлуулах эрсдэл хаяанд иржээ. Угаас хүний биеийн дархлаа тэмцээд ч дийлдэггүй аймшигт нян тээгч тарвагыг түүхийгээр нь нийслэлд оруулж ирж буй тохиолдол долоо хоног тутам хэдэн арваараа бүртгэгдэж байна.
Тахлаар нас барах тохиолдол жилд дунджаар нэг бүртгэгдэж байна
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын өгсөн мэдээллээр өнгөрсөн сарын 14-нөөс орон даяар эхлүүлсэн хагас сарын хяналт шалгалтаар нийслэлийн ойролцоох авто замын шалган нэвтрүүлэх цэгүүдээр 41, нэр бүхий худалдааны төвөөр 14 тарвага хурааж авчээ. Харин Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-ийн бүртгэлээр энэ тоо бүр ч нэмэгдэв. Тус байгууллагын Захиргаа, төлөвлөлт, хүний нөөцийн албаны дарга Б.Амгаланбаатарын хэлснээр, хяналт шалгалтын эхний долоо хоногт нийслэл рүү 40-ийг нэвтрүүлэхээр завдаж, зөвхөн өнгөрсөн долоо хоногт 20 гаруй тарвага хураасан байна.
Танил маань “Тарваганы мах гялс олоод өгч болно шүү” хэмээн хэлэх нь хяналт шалгалтаас далдуур оруулж ирсэн бүхэл тарваганы тоо хэдэн мянгаар хэмжигдэж буй бололтой. 1990 онд 20 саяар тоологдож байсан тарваганы тоо толгой өдгөө 75 хувь цөөрсөн тухай саяхан манай сонин мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, монголчууд жилд хагас сая гаруй тарваганы мах боловсруулж, эд эрхтэнийг нь түүхийгээр нь хэрэглэдэг гэсэн үг.
Аюул бидэнд ийм ойрхон байгааг илтгэх мэт энэ жил тарвага агнах хуулийн хугацаа эхлээд дөнгөж тав хоноход уг тахлын тохиолдол Ховд аймагт бүртгэгдээд эхэллээ. Халдвар авсан этгээд хүнсний захаас түүхий тарвага худалдан авч боловсруулах явцдаа ийнхүү эрсэджээ. Азаар мэргэжлийн байгууллага цаг алдалгүй арга хэмжээ авч, халдварыг газар авхуулалгүй зогсоож чадсан байна. Гэхдээ тарваганы мах идээд халуурч, суулгасан тохиолдол 10 гаруй бүртгэгдлээ. Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээллээр тарваганы мах хар захаас хүсвэл 40 мянган төгрөгөөр авч болох нь. Хар зах гэдэг хар тахлын голомтыг тэлэгч хамгийн таатай газар болжээ. Харин өнгөрсөн жил нэг тарвага 50 мянгад хүрч байв.
Тарваган тахалтай нэлээд хэдэн жил хийсэн тэмцэлдээ ялж, ялагдаж явсан Б.Амгаланбаатар “Хүмүүс тарвага агнаж, худал- даж, худалдан авснаар ямар их эрсдэл бий болгож байгаагаа сайн ойлгохгүй байна.
• Тарваганы давсаг, хүн мах, элгийг түүхийгээр залгих нь тахлаар өвчилж нас барах гол шалтгааны нэг.
• Тарваган тахлын халдвар авсан шинж тэмдэг 3-6 хоногт илэрдэг.
• Шинж тэмдэг илэрсэн даруй гэр бүл, орчноос тусгаарлаж, түргэн дуудах ёстой. Хэзээ ч эмнэлэгт өөрөө очиж болохгүй.
Дэгдсэн нэг голомтын эсрэг хариу арга хэмжээ авахад хамгийн багадаа 30-40 сая төгрөгийн зардал гардаг. Хэдэн хүн халдвар авснаас хамаарч зардал нэмэгддэг. 90 сая давж байсан тохиолдол ч бий. Өвчилсөн хүнээ эмчлэх, хорио цээр тогтоох зэрэг ажилд бүхэл бүтэн аймгаараа хөдөлдөг юм шүү дээ” хэмээв.
Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 28.3 хувь байгалийн голомтот бүс гэж тооцогддог байсан бол энэ жил 37.3 хувь болж эрс нэмэгджээ. Өнгөрсөн долдугаар сард ОХУ, БНХАУ-ын мэргэжилтнүүдтэй хамтарч хийсэн шинжилгээгээр манай улс тарваган тахал буюу мэрэгч амьтдын халдвар өндөр идэвхтэй хэвээр байгаа нь тогтоогдов. Өөрөөр хэлбэл, энэ жил тарвага агнасан, худалдан борлуулсан, махыг нь идсэн хүмүүс тахал тусах, тахлаар нас барах эрсдэл маш өндөр байна.
Тарвага болон мэрэгч амьтдаас хүнд зургаан замаар халдварладаг тахалт өвчний нян агаар дуслаар хүмүүст халдварладаг. Тиймээс халдвар авсан нэг хүний цаана багаар бодоход гэр бүлийн, цаашлаад эргэн тойрны хүмүүсийн амь нас эрсдэлд ордог байна. Тарваган тахлын нас баралтын хувь 35 байдаг аж. Халдвар авсан 10 хүн тутмын гурав нь заавал амиа алддаг гэсэн үг. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нас баралтын эрсдэл 60 хувь хүртэл нэмэгдэнэ гэдгийг цахим зөвлөмждөө тусгажээ. ЗӨСҮТ- ийн тоон үзүүлэлтээс харахад манай улсад 2000 оноос хойш жилд дунджаар нэг хүн тарваган тахлаар нас барж байв. Харин олон улсад 2010-2015 оны хооронд халдвар авсан 3248 тохиолдлоос 584 нь амиа алдсан гэх харамсалтай мэдээ байна.
Түүхэнд мэрэгч амьтдын халдварт тахал бүхэл бүтэн хот, улс, тивийг хиаруулж байсан тохиолдол бий. Өдгөө олон улсад мэрэгч амьтдын гурван төрлийн тахал бий. Цус, булчирхай, уушги, арьсаар тархаж хүнийг үхэлд хүргэдэг хар тахлын аль аль нь манай улсад бүртгэгдэж байсан талаар мэргэжилтэн хэлж байна. Тиймээс тарвага агнахгүй, худалдахгүй, худалдаж авахгүй байх нь хар тахлаас урьдчилан сэргийлэх боломж юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй