Өнөөдөр-Есдүгээр сарын 1

Мэдээ

2017-2018 оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 798 буюу Төрийн өмчийн 654, Төрийн бус өмчийн 144 ерөнхий боловсролын сургуульд 575 мянга 879 сурагч хичээлийн шинэ жилээ эхлүүлж байгааг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамнаас мэдээллээ. Хөдөөгийн 557 ерөнхий боловсролын сургуульд нийт суралцагчдын 56.7 хувь болох 326 мянга 286 суралцагч, Улаанбаатар хотын 241 ерөнхий боловсролын сургуульд нийт суралцагчдын 43.3 хувь болох 249 мянга 593 суралцагч суралцах ажээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энэ хичээлийн жилд өмнөх оныхоос 23 мянга 926-аар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үүнээс 73 мянга 545 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орж байна. Нэгдүгээр ангийн элсэгчид өнгөрсөн оныхоос 11 мянга 300-аар нэмэгджээ. Ерөнхий боловсролын нийт сургуулийн 70 орчим хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хичээлийн жилд нийт 21 сургуулийн барилга ашиглалтад орж, сургуулийн хүчин чадал 11940 суудлаар нэмэгдэх аж. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхний хичээлийг "Эх хэлээ дээдэлье" сэдвийн дор явуулна.

Үүнээс гадна улсын хэмжээнд энэ хичээлийн жилд 252 мянга 753 хүүхэд цэцэрлэгт хамрагдана. Энэ нь өмнөх оныхоос 9321 хүүхдээр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үүнээс 44.9 хувь болох 113 мянга 597 хүүхэд Улаанбаатар хотод, 55.1 хувь болох 139 мянга 156 хүүхэд хөдөө орон нутагтаа хамрагдана. Улсын хэмжээнд Төрийн болон Төрийн бус өмчийн нийт 1422 цэцэрлэг ажиллах бөгөөд Төрийн өмчийн 877, Төрийн бус өмчийн 545 цэцэрлэг байх юм.

Харин Нийслэлийн Засаг даргын хүсэлтийн дагуу их, дээд сургууль, коллежийн хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын дөрөвний өдөр болно. 2017-2018 оны хичээлийн шинэ жилд 96 их, дээд сургуульд 150 мянга гаруй оюутан суралцах төлөвтэй байна.




САНАЛ БОЛГОХ