11588
Энэ намрын эрхэмсэг гоёл
Тансаг
Сонгодог өнгө, сул эсгүүртэй пальто энэ намрын өнгийг тодорхойлно
Зөвлөлтийн үеийн бүсгүйчүүдийн хэв маяг дэлхийн дизайнеруудад бүтээлч санаа өгчээ. Парисын загварын долоо хоногийн үеэр дизайнерууд сонгодог бөгөөд орчин үеийн шийдэл бүхий төрөл бүрийн торгомсог толгойн алчуурыг онцлов. Харин Нью-Йорк ба Лондоны загварын долоо хоногт эрх чөлөөг эрхэмлэсэн сул эсгүүр давамгайлсан бол Миланд эмэгтэйлэг чиг хандлага ноёрхож, дизайнерууд шинэхэн урласан загваруудаа арьс, савхиар хийсэн өргөн бүсээр тодотгосон байна. Түүнчлэн даашинзны хормой болон ханцуйг чимсэн урт цацгууд ч тайзнаас буух болоогүй гэдгийг харууллаа. Эрх чөлөөг эрхэмлэгч залууст зориулсан үзэл бодлоо илэрхийлсэн бичиг, брэндийн шошгон чимэглэл шинэ үеийн давалгаа болоод буйг дизайнерууд загвартаа тусгаад амжжээ. Хувцас загварын эрх чөлөөт үе 1950, 1960, 1970, 1990, 2000 оны загварыг орчин үеийн чиг хандлагатай хослуулсан энэ намрын өнгө төрхийг Нью-Йорк, Лондон, Милан, Парис хотод болсон загварын долоо хоногоор тодорхойлов. Тэгвэл Монголын загварын агентлагуудын тодорхойлсноор шоо дөрвөлжин хээтэй өмд, хүрэмний хослол, трапец бүхий нарийн детальтай гадуур хувцас, хүрэм энэ намрыг өнгөлөх аж. Ингээд намрын улирлын трэнд болсон загварыг уншигчдадаа танилцуулъя.
БРЮКЭН ӨМД, ХҮРЭМНИЙ ХОСЛОЛ
Саарал, цэнхэр өнгөний сонголттой, эршүүд загварын өмд, бэлхүүс тодотгосон хүрэм бүхий хослол “Calvin Klein”, “Victoria Beckham” ба “Alexander Wang” брэндийн цуглуулгад оржээ. Харин oversize загварын, тод өнгөтэй хувилбарыг Лондон, Нью-Йоркийн загварын долоо хоногуудаас харж болно.
ДӨРВӨЛЖИН ХЭЭ
Шотландыг санагдуулам дөрвөлжин хээ өмнө нь оффист зориулагдсан уйтгартай хувцсыг төлөөлдөг байсан. Тэгвэл энэ намар хувцас урлаачид төрөл бүрийн дөрвөлжин хээтэй гадуур хувцас, хүрэм, даашинз, цүнх болон гутал өмсөхийг санал болгов.
БӨМБӨГӨР ХАНЦУЙ
Том хэмжээтэй, бөмбөгөр ханцуй дээд язгууртныг илтгэх бүх цаг үеийн хамгийн шилдэг загвар болсоор ирсэн. Романтик өнгө аясыг илэрхийлэх трэндийг “Elisabetta Franchi”, “Antonio Marras”, “Jil Sander” болон “Francesco Scognamiglio” брэнд энэ намрын өнгө төрхөөр сонгожээ.
ХАМБА ХИЛЭН МАТЕРИАЛ
Хоёр улирал дараалан загварын ертөнцөд ноёрхоод буй. Хамба хилэн хүрэм, топ, брюкэн өмд Нью-Йорк, Лондоны загварын тайзыг чимэв. Харин Миланд энэ чиг хандлага дээд цэгтээ хүрч, хамба хилэн материалтай хослол, өргөн эсгүүртэй өмд, даашинзыг тайзнаа толилуулсан юм.
СУЛ ЭСГҮҮРТЭЙ ПАЛЬТО
Намрын улиралд дизайнерууд сонгодог өнгө, сул эсгүүртэй пальто өмсөхийг зөвлөж байна. Хэрэв танд уйтгартай санагдаж байвал Victoria Beckham, Proenza Schouler нарын урласан тэгш бус хормой, өвөрмөц ханцуйтай загварыг ч сонгох боломжтой.
САВХИН ЦУВ
Энэ улиралд загварын нийслэл болсон хотуудыг савхин цувны давалгаа нэгтгэв. Урт сул загварын цувыг нарийн бүсээр чимсэн нь энгийн бөгөөд эрхэмсэг чанарыг илтгэдэг байна.
ГЯЛТГАНАСАН ЧИМЭГЛЭЛ
Энэ намар 1980-аад оны диско үеийг санагдуулам гялтганасан хувцсаар гоёх болсныг Нью-Йоркийн загварын долоо хоног баталсан. Том хэмжээтэй хуванцар чимэглэл, нарийн ширхэгтэй саа нь “Christopher Kane”, “Mary Katrantzou, Mulberry” ба “Topshop Unique” брэндүүдэд давамгайлж байв. Үүнээс харахад гялтганасан хувцас өмсөх нь бүдүүлэг санагддаг байсан үе ард хоцорч, өдөр тутмын хувцаслалтад иргэн иржээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй