Магтаалын хаан BMW 7
Анхлан 1977 онд догшин немцүүд дэлхийн баян тансаг нь барагдахгүй хүмүүст зориулсан нэгэн автомашиныг зохион бүтээчихээд шонхор хамраа улам сөхөж, урт эрүүгээ байдгаар нь дээш өргөчихсөн, харцаа тээр дээрээс доош хандуулаад зогсож байлаа. Тэр нь бидний амаа олохгүй магтан дуулаад байгаа BMW 7 серийн анхны загвар байсан юм. Тухайн үед 7 серид хүмүүсийн бодох байтугай төсөөлөө ч үгүй технологийг нээлтээ хийтлээ чанд нууцалж, BMW- ийн инженерүүд “Ирээдүйн машиныг өнөөдөр” хэмээн нүүр бардам зарладаг байж. Одоо ч 7 серитэй анх учирсан хүн бүр хэсэг хугацаанд юу ч дуугарч чадахгүй гайхшран зогсдог нь үнэн. Аль эрт 1980 он гэхэд л германчууд BMW 7 сери турбо загвартаа компьютер, АBS систем, халуун хүйтэн тохируулагч, шил толины халаагч, ослын дэр, дискэн тоормос, эвдрэл гэмтлийн үед хянах самбар дээр шууд асах чекний гэрэл зэргийг суурилчихаад бас л ихэмсэг бардам байдаг байж. 2016 оны BMW 7 серийн тоноглолд ноён эсвэл хатагтай таны гар хуруу хүрэх бараг л шаардлагагүй. Нэг үгээр хэлбэл BMW 7 серийн G12-г хөлөглөсөн жолооч машиндаа суусан л бол “сим сим онгой” гэхэд л хамаг гайхамшиг эхэлнэ. Салонд суусан хэн ч бай илээд авмаар зөөлөн материалаар алгаа баярлуулж, чанар, чансааг нь энэ яваа насандаа л мартахгүй. Машины урд самбарын гэрэлтүүлэг нь сэтгэл сэргэмээр, хуруу мэдрэгчтэй агааржуулагч нь уушги зүрх баярлуулмаар, скай лаунж (SKY Lounge) люкны гэрэлтүүлэг нь зургаан өнгөөр асаад, үгүй мөн сайхан амьтан даа. Эдгээр тоногийг үзсэн тэдний мөнхийн өрсөлдөгч, нутаг нэгт Mercedes-ийн нуруугаар нь хүйт оргино. Чухамдаа авто ертөнцийн үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн дундаас хэрэглэгчид хождог ч гэсэн байгалийн шалгарлыг даван гарсан жинхэнэ магтаалын хаан бол BMW 7 юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй