БНАСАУ устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа зарлав
Ням гарагт БНАСАУ устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа зарласан байна. Энэ нь Дональд Трампыг ажлаа хүлээн авснаас хойших анхны, Умардын дэглэмийн хувьд зургаа дахь удаагийн цөмийн зэвсгийн туршилт боллоо. Цөмийн туршилтын үеэр тус улсын зүүн хойд хэсэгт байрлах Пунгери цөмийн туршилтын талбайн орчимд хүчтэй чичиргээ мэдрэгдсэн талаар хөрш улсууд мэдээлжээ. Туршилтын улмаас үүссэн чичиргээ жилийн өмнө туршсан тав дахь цөмийн зэвсгийн туршилтынхаас зургаа дахин хүчтэй байсан гэдгийг БНСУ-ын цаг уурын агентлаг мэдээлсэн байна. Харин үүний хариуд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-д тавьсан эдийн засгийн хоригоо чангатгаж, тус улстай хийх бусад улсын худалдааны харилцааг зогсооно гэж анхаарууллаа. "Шинэ хориг арга хэмжээ Пхеньянтай хийх БНХАУ-ын худалдааг зогсооход чиглэнэ" гэдгийг тэрбээр онцолжээ. Учир нь тус улс одоог хүртэл БНАСАУ-тай худалдааны харилцаатай хэвээр байгаа юм. Үүгээр ч зогсохгүй БНСУ-ыг асуудалд тайван хандаж буйг нь шүүмжилсэн байна. Ким Чен Уны дэглэм устөрөгчийн бөмбөг амжилттай туршсаны дараа АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис "Цэргийн ажиллагаа явуулах олон сонголт АНУ-д бий" гэж онцолжээ. Жеймс Мэттис "АНУ-д цэргийн ажиллагаа явуулах олон сонголтууд байгаа, Ерөнхийлөгч ч тэдгээр сонголтуудын талаар хэлэлцэхийг хүсэж буйгаа илэрхийлсэн. Хэдий тийм боловч бид улсаа, цаашилбал, БНСУ, Япон зэрэг холбоотнуудынхаа аюулгүй байдлыг хангах ёстой. Хэрвээ АНУ-ын газар нутагт аюул заналхийлэл учруулсан тохиолдолд Пхеньян цэргийн хатуу хариу арга хэмжээтэй нүүр тулах болно. Тиймээс Ким Чен Ун НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нэгдмэл байр суурийг анхааралтай сонсох хэрэгтэй" гэж мэдэгдлээ.
Харин Япон, БНСУ болон БНХАУ Пхеньяны цөмийн зэвсгийн туршилтыг хүчтэй шүүмжилсэн байр суурьтай байгаа юм. Тухайлбал, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ "БНАСАУ-ын цөмийн туршилтыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй" гэж мэдэгдлээ. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ "БНАСАУ Олон улсын хамтын нийгэмлэгийн удаа дараалсан сануулгыг үл харгалзан цөмийн туршилт хийснийг бид цаашид тэвчихгүй. Дэлхийн энх тайванд аюул заналхийлэл учруулж буй Умардын түрэмгий үйлдлийг зогсоох эсэхээс үл хамааран Олон улсын хамтын нийгэмлэг цаашид хамтран ажиллах болно. Япон улс АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ-тай хамтран ажиллана. Миний бодлоор дэлхийн энх тайвныг хангахад НҮБ шийдэмгий байдлаа хангах хэрэгтэй байна. Япон АНУ-ын холбоотны харилцааны дагуу бид сонор сэрэмжтэй байж, иргэдийнхээ аюулгүй байдлыг бүрэн хангах болно" гэж онцлов.
Түүнчлэн "БНАСАУ-ын цөмийн туршилт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийг зөрчиж, Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдалд аюул заналхийлэл учруулж байна" гэж БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдэгджээ. Үүнээс гадна "АНУ болон БНСУ БНАСАУ-д хариу өгөх зэвсэглэлээр бүрэн тоноглогдсон" гэдгийг дурдсан байна. Мөн БНСУ-ын зүгээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг шуурхай хуралдуулах хүсэлт тавьжээ. Үүгээр ч зогсохгүй БНХАУ-ын Гадаад хэргийн яам БНАСАУ-ын зургаа дахь удаагийн цөмийн туршилтыг шүүмжилж, "Нөхцөл байдлыг дордуулах түрэмгий үйлдлээ зогсоох"-ыг Пхеньянаас шаардсан байна. Харин ОХУ-ын хувьд "БНАСАУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах талаар хэлэлцэх хэрэгтэй" гэж байр сууриа илэрхийлжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй