"ДАЛД УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЗАХИАЛААД ЭХЭЛСЭН"

Уул уурхай
2018, 2019 он гэхэд зах зээлд зэсийн хомсдол дахин үүснэ

"Turquoise Hill Resources" компанийн гүйцэтгэх захирал Жефф Тайгесентэй ярилцлаа. Далд уурхай ашиглалтад орсноор Оюутолгой дэлхийн зэсийн гурав дахь том уурхай болно гэдгийг тэрбээр онцлов.

- “Rio Tinto” групп “Turquoise Hill Resources” (TRQ) компанийг бүхэлд нь эзэмшинэ гэсэн яриа гараад байна. Энэ үнэн үү?

- Ийм яриа 2012 онд “Оюутолгой” төсөл эхлэхэд гарч байсан. Өдгөө ч давтагдаж буй. “Turquoise Hill Resources”-д онцгой үе тохиож байна. “Оюутолгой”-н гүний уурхай урагшилсан. 4.4 тэрбум ам.долларыг олон улсын зах зээлээс босголоо. Эдгээр эерэг чимээ зах зээлд хөөрөл үүсгэж байна. Тиймээс TRQ-ийн талаар янз бүрийн мэдээлэл гарч байгаа юм.

 - Та “Rio Tinto”-д 30 орчим жил ажилласан. Тэр утгаараа энэ асуудлаар “Rio Tinto” группээс тантай холбогдсон уу?

- “Rio Tinto” групп нь “Turquoise Hill Resources”-ийн гол хөрөнгө оруулагч боловч бие даасан компани. Дийлэнх үйл ажиллагаа хараат бус, ангид явагддаг. Тиймээс надтай холбогдоогүй.

- “Оюутолгой”-н талаар ярилцъя. Зэсийн ханш сайнгүй байна. Энэ үед далд уурхайн бүтээн байгуулалтад саатал учрах эрсдэл бий юү?

- Юун түрүүнд, “Оюутолгой” төсөл саадгүй болсныг онцолмоор байна. Энэ төсөл одоо ил уурхайд түшиглэж байгаа. Тиймээс санхүүгийн зарим хүндрэл гарахыг үгүйсгэхгүй. Энэ нь 2016 оны хоёрдугаар хагасаас 2018 оны дунд үе хүртэл үргэлжилнэ гэж таамаглаж байгаа. Үүнд бид үйл ажиллагаагаа бэлэн байлгахаар ажиллаж байна.

Зэсийн ханш 5000 ам.долларт хэлбэлзэж байна. Энэ үнээр тооцвол компанийн орлого, зарлагын харьцаа тэнцэнэ. Харин 2018 онд “Оюутолгой” төслийн хоёр дахь шат эхэлнэ. Энэ үед алтны дайвар бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдэж, мөнгөн урсгал эерэг гарах боломжтой. Далд уурхай ашиглалтад орсноор үйлдвэрлэл тэлж, хагас сая тоннд хүрэх тооцоо бий. Ингэснээр Оюутолгой дэлхийн зэсийн гурав дахь том уурхай болно.

“Оюутолгой” болон TRQ-ийг олон тал сонирхож буй

Бид сүүлийн 15 сарын хугацаанд олон асуудлыг шийдлээ. “Rio Tinto” болон Монгол Улсын Засгийн газрын хооронд үүссэн маргааныг цэгцэлсэн. Мөн бүтээн байгуулалтын зөвшөөрлөө саяхан аваад байна.

- Улс төрийн эрсдэлийн талаар асуумаар байна. Монгол Улсад сонгууль болох гэж байна. Монголд сонгууль зарим түвэгтэй асуудлын эхлэл болдог талтай. Энэ тухайд таны байр суурь ямар байна вэ?

- Улс төрийн эрсдэлтэй орон цөөнгүй. Харин Монгол Улсын тухайд санаа зовохгүй байна. “Оюутолгой”-н хувь нийлүүлэгчдийн дунд үл ойлголцол байсан нь үнэн. Гэвч бид үүнийг өнгөрсөн онд байгуулсан Далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээгээр шийдвэрлэж чадсан. 

Өргөн хүрээнд харвал, энэ төсөл лав 15 сонгуулийн нүүрийг үзнэ. Өнгөрсөн долоо хоногт бид Монгол Улсад айлчилж, улс төрийн хоёр гол хүчний төлөөлөлтэй уулзсан. Тэд “Оюутолгой”-г урагшлахыг дэмжиж байсан. Бас үр ашгийг нь зөвхөн ажиллах хүч төдий бус илүү өргөн хүрээнд харж байна. Тухайлбал, тус төсөл албан ёсоор 5000 ажлын байр бий болгож байгаа. Үүнээс гадна шууд болон шууд бусаар 25 мянган хүнийг ажлын байраар хангаж, үр шимийг нь хүртээж байна. Өнгөрсөн онд “Оюутолгой” компани Монгол Улсын шилдэг татвар төлөгч болсон. Энэ нь тус компанийн зүгээс ямар хариуцлагатай ажиллаж буйн илэрхийлэл.

Харин зэсийн зах зээлд одоо илүүдэл үүсээд байна. 2005 онд зах зээл хомсдолтой байхад хийсэн их хэмжээний хөрөнгө оруулалт өнөөгийн нөхцөл байдлыг үүсгэсэн. Гэхдээ энэ илүүдэл татарч, 2018, 2019 он гэхэд эргээд хомсдол үүснэ гэж таамаглаж байна. Энэ нь “Оюутолгой”-н далд уурхайн үйлдвэрлэл эхлэх үетэй давхцаж буй. Иймд зэсийн ханшид 2020 он хүртэл тун эерэг төлөв давамгайлж байна.

- Эерэг гэдэг нь үнэ яг хэдэн ам.долларт хүрнэ гэсэн үг үү?

- Шууд хэлэх боломжгүй. Гэвч зэсийн 1-1.5 сая тонн хомсдол үүссэн 2005 оныг нэхэн саная. Тухайд үед шаргал металлын ханш гурав дахин өсөж байлаа. Яг ийм нөхцөл байдал 2020 онд давтагдана гэж хэлж чадахгүй. Гэхдээ үнэ өснө гэдгийн баталгаа. Бас ханш буурахгүй гэж таамаглаж байна. Учир нь эрэлт тогтмол өсөж байгаа.

- Зэсийн ханшийн төлөв богино хугацаанд сөрөг байгаа. Хятадад нөөц улам нэмэгдэж байна. Яг одоогийн ханш ёроолын цэг мөн үү?

- Зэсийн ханш ёроолын, эсвэл оргил цэгтээ хүрнэ гэж бараг байхгүй. Ханш үл ялиг суларч болно. Гэхдээ зэс бол маш сайн түүхий эд. Мөн зэсийн өндөр эрдэсжилт бүхий орд олоход одоо улам хэцүү болж байна. Чили улс гэхэд дэлхийн нийт хэрэгцээний 30 хувийг дангаараа хангадаг. Сүүлийн үеийн мэдээллээр тус улсын нөөц хумигдаж байна. Жилд нэг сая тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалтай уурхай одоогоор зөвхөн “Escondida” л байна. Тус уурхай үйлдвэрлэлээ энэ түвшинд хүргэхэд 18 жилийн хугацаа зарцуулсан. Өөрөөр хэлбэл, нэг л өдөр бий болчихоогүй гэсэн үг. Харин энэ нь “Оюутолгой”-г онцгой болгож байгаа юм. Тус төслийг уртаас урт зам, өргөн боломж хүлээж байна.

- Төслийн ирээдүй Хятадтай салшгүй холбоотой. Сүүлийн үед TRQ-ийг хаалттай компани болгож магадгүй. Бас худалдан авагчид нь хятадууд гэсэн яриа гарсан. Энэ боломжтой юу. Хэрэв ийм зүйл болбол төсөлд өөрчлөлт орох уу?

- “Оюутолгой” гол хэрэглэгчийнхээ хажууд оршдог. Бараг хэдхэн километрийн зайтай. Тэр утгаараа хайлуулах олон үйлдвэр “Оюутолгой”-н баяжмалыг авах сонирхолтой бас хүсэлтэй байна. Учир нь баяжмалын агууламж өндөр. Бас цэвэр. Дашрамд хэлэхэд, 2019, 2020 онд гарах гүний уурхайн бүтээгдэхүүнийг худалдан авах захиалга хэдийнэ ирээд эхэлсэн.

Харин хятадууд авах нь ашигтай, эсэхэд би худалдан авагчдын өмнөөс хариулж чадахгүй. Ганцхан зүйлийг хэлж чадна. Оюутолгой бол маш гайхалтай орд. “Оюутолгой” болон “Turquoise Hill Resources”-ийг маш олон тал сонирхож байгаа.






САНАЛ БОЛГОХ