Д.Бум-Эрдэнэ: Уур амьсгалын өөрчлөлт бол санхүүжилт босгох боломж
ЗГМ: Зочин
Ногоон бизнесийг дэлхийн орлогын 80 хувийг бүрдүүлэгчид дэмжиж байна
Дэлхийн 196 орон нэгдсэн уур амьсгалын ногоон сангийн санхүүжилт манай бизнес эрхлэгчдэд нээлттэй болж байна. Энэ талаар зах зээлийн судалгааны MMCG компанийн гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр бизнесээ ногооруулах шаардлага болон түүнийг хөдөлгөх хөшүүргүүд ажиллаж эхэлснийг онцоллоо.
-Ногоон бизнесийн санхүүжилтээс аль салбарынхан нэн түрүүнд хүртэх боломжтой вэ?
-Эрчим хүчний хэрэглээ, дулаан алдагдлыг бууруулахад чиглэсэн аливаа үйл ажиллагаанд хөнгөлөлттэй зээл олгоно. Яагаад энэ чиглэлд анхаарах хэрэгтэй талаар ярья. Манайхан германчуудад цахилгаан станц барьж өгөх хүсэлт тавьсан. Германчууд хүсэлтийнх нь дагуу ирж судалгаа хийгээд, цахилгаан станц барих шаардлагагүй гэж үзсэн.
Харин дулаан алдагдлаа бууруулж чадвал эрчим хүчний хэрэглээгээ хоёр дахин хэмнэх боломжтой. Тиймээс цахилгаан станц нэмж барих нь эрчим хүчний илүүдэл бий болгож, хүлэмжийн хий үүсгэнэ гэж үзжээ. Тэгэхээр санхүүжилт эхний ээлжинд энэ зүгт чиглэнэ гэсэн үг. 2015 онд Парис хотноо дэлхийн 196 орон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, хүлэмжийн хийг бууруулахаар нэгдсэн. Үүний хүрээнд Уур амьсгалын сан байгуулж, жил бүр 100 тэрбум ам.долларын санхүүжилт босгохоор тохиролцсон. Хүлэмжийн хийг бууруулах аливаа үйл ажиллагааг энэ сангаас дэмжихийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа орнуудад санхүүжилт олгохоор болсон юм.
-Бизнесээ ногооруулах ямар бодит шаардлага байгаа вэ?
-Энэ зун хүндхэн боллоо. Бороо орсонгүй, зуны улирал цагтаа болохгүй байна. Гэсэн атлаа бороо саяхнаас асгараад эхэллээ. Мөн Харви хар салхины улмаас АНУ 160 тэрбум ам.долларын буюу түүхэнд байгаагүй их хохирол амслаа. Өнгөрсөн жил Европ тэр аяараа үерт автсан. Гэтэл энэ бүхэн уур амьсгалын өөрчлөлтийн анхан шатны л шинж тэмдэг. Дэлхийн хоёр туйлын хойд талынх нь 2040 он гэхэд хайлж дуусна гэсэн тооцоо бий. Хэрэв тэгвэл туйлаас ирсэн хүйтэн агаар экваторын бүсэд мөргөлдөж үүсгэдэг байсан агаарын урсгал зогсонги байдалд орж, дэлхий маань хүлэмж шиг халуун бүгчим болно. Туйлын мөс хайлж, наанадаж нэг цунами болоход л эрэг дагуух нутгуудаас их хэмжээний дүрвэлт бий болно. Гэтэл ганц Сирийн дүрвэгчдээс болж “би, чи хаана байна” гээд бөөн юм болсон шүү дээ. Энэ бол бизнесийн эрсдэл, эдийн засгийн хямралаас илүүтэй хүн төрөлхтний оршин байх, эсэх тухай асуудал. Дэлхийн олон орон нэгдэж, мөнгөө нийлүүлээд тэмцэх гол шалтгаан бол энэ юм.
-Энэ эрсдэл манайд байгаль, цаг уурын үзэгдлээс гадна ямар байдлаар буух бол?
-Бид гаднын зээл, хөрөнгө оруулалт авахгүйгээр ажил хийж чаддаггүй. Дэлхийн 400 гаруй хөрөнгө оруулалтын сан хүлэмжийн хийг бууруулах чиглэлд нэгдчихлээ. Ийм байхад нүүрсний салбарт гаднын хөрөнгө оруулалт татах боломж хумигдана гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, сүүлд эдийн засгийн өсөлтөд жин дарсан экспортын тулгуур түүхий эд маань эрсдэлд орлоо. Гэтэл нүүрсний худалдан авалт нэмэгдсэн шалтгаан нь Хятад улс нүүрсний 1000 уурхайгаа хаасан. Мөн өнгөрсөн жил нөхөн сэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлтээ 16 хувиар нэмэгдүүлсэн. Хятад хүртэл ногоон эдийн засгийн өөрчлөлтөд ийм амбийцтай оролцож байгаа юм. Үүнээс болж манай эдийн засагт өсөлт бий болсон.
Яг үүнтэй адилхан хүрэн бизнесүүд шахагдах цаг хаяанд иржээ. Тиймээс бид болоод байгаа үйл явцтай эртнээс танилцаж, энэ талаар мэдлэгтэй байж олон улсын зах зээл дээрх байгаа мөнгөний урсгалыг эх орондоо татах боломжтой.
-Гэхдээ Д.Трампын Засгийн газар Парисын хэлэлцээрээс гарна гэдгээ зарласан шүү дээ?
-Эрдэмтдийн 95 хувь нь дэлхийн дулаарал бол бодитой гэдэгтэй санал нэгдсэн. Үүнээс зөрж байгаа бол орчин үеийн шинжлэх ухааны эсрэг, эсвэл ойлгодоггүй, магадгүй хүлээн зөвшөөрдөггүй гэсэн үг. АНУ-ын Ерөнхийлөгч хэлэлцээрээс гарах мэдэгдэл хийсэн ч зөрүүлээд Apple, Facebook, Gap зэрэг дэлхийн орлогын 80 хувийг бүрдүүлдэг бизнесийн 365 компани нийлж Ерөнхийлөгчдөө шахалт үзүүлж эхэллээ. Мөн Нью-Йорк хотын дарга Майкл Блумберг ч Ерөнхийлөгч байсан, байгаагүй дэлхийн дулааралтай тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр энэ тэмцэлд хувийн хэвшлийн асар их дэмжлэг орж ирж байна шүү дээ.
Эдгээр компани, хотын ихэнх нь RE 100 хөтөлбөр буюу үйл ажиллагаагаа 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангахаар зорьж байна. Португали, Швед, Германы хотууд ч нэгдсэн. Үндсэндээ 100 хувь эрчим хүчний зардалгүй улс, компани болно гэсэн санаа л цаана нь яваад байна. Эрчим хүчний зардалтай улс, зардалгүй улс өрсөлдөхөд бүтээгдэхүүний өртгийн хувьд урт хугацаанд хэн нь хожих нь ойлгомжтой байгаа биз. Энэ давалгааны цаана үнэгүй эрчим хүчээр өөрсдийгөө хангах мөнхийн хөдөлгүүр бий болох юм.
-Эрчим хүчний салбарт хамгийн амбийцтай нь Tesla байх шиг байна. Бараг сарын өмнө Невадагийн цөлд нарны эрчим хүчний асар том байгууламж нээлээ?
-Тийм шүү. Аварга үйлдвэрийнхээ эхний хэсгийг нээсэн. Ийм хэмжээний 100 үйлдвэр ажиллуулахад л дэлхийн эрчим хүчийг тэр чигт нь хангана гэсэн шүү дээ. “Before the flood” кинонд Леонардо ди Каприо “Ердөө 100-г л байгуулчихад болоо юм уу” гээд л гайхаад байсан шүү дээ.
-Сэргээгдэх эрчим хүчний зардал олборлох түлшнээс хямд байж чадах уу?
-Нар, салхины эрчим хүчний өртөг нүүрснээс өндөр байсан. Одоо бол хямдарчихсан. Технологи, тоног төхөөрөмж нь олширч, зах зээл дээр үнийн өрсөлдөөн явж байна. Тиймээс глобал бизнесүүд өртөг, зардлаа бууруулахад хэрэгтэй гэж үзсэн учраас хошуураад байгаа юм. Ямар ч бизнесийн байгууллага өөрсдөдөө ашиггүй зүйлд байгаль орчин бодож хуйларна гэж байхгүй. Гэтэл манайхан зардал ихтэй, хөрөнгө оруулалт шаардлагатай гээд айгаад байх шиг байна. Байгаль орчны стандарт бол тэр чигтээ зардлыг хэрхэн бууруулах, бага нөөцөөр их үйлдвэрлэл явуулахад чиглэсэн менежментийн бэлэн загвар юм. Эрчим хүчний зардлаа бууруулъя гэвэл ISO 50001, нөөцөө үр ашигтай зарцуулъя гэвэл ISO 14001-ийг нэвтрүүлэх хэрэгтэй. Аль аль нь бизнесийн үйл явц, шат дамжлага бүрд зардал хэмнэхэд чиглэдэг юм.
-Энэ стандартыг Монголд амжилттай хэрэгжүүлж байгаа компани хэр олон байгаа вэ?
-10 гаруй бий. Ихэнх нь үйлдвэрлэгч. “Улаанбаатар буян” зэрэг үйлчилгээний ганц нэг байгууллага бий. Хөрс бага бохирдуулдаг, газар хэмнэдэг, зуух нь шүүлтүүр сайтай тул агаар ч бага бохирдуулдаг юм билээ.
Бас АПУ компани ISO 14001-ийг хэрэгжүүлээд хоёр сумын хэрэгцээтэй тэнцэхүйц эрчим хүч хэмнэсэн. Энэ менежментийг хэрэгжүүлэхэд гаргасан зардлаа 10 жилийн дотор нөхнө гэж тооцож байсан. Гэтэл хоёр жилийн дотор хэмнэлтээрээ нөхсөн. Үлдсэн найман жилийнх нь ашиг болж байна гэсэн үг. Үйлдвэрийн тоног төхөөрөмжөө цагт нь унтрааж, асааж, усны хэрэглээгээ хянасан байгаа юм. Нийслэлийн захиргаа бас эрчим хүчинд хэмнэлттэй гэрэлтүүлэг хийснээр сард 16 сая төгрөг хэмнэдэг шүү дээ.
-Байгальд ээлтэй бизнес гэхээр Монголын хувьд хэдэн жилийн дараа л ярих асуудал мэтээр хүмүүс ойлгодог. Гэтэл энэ бол хүн бүрээс хүчин чармайлт шаардах ажил гэдгийг ямар үндэслэлээр тайлбарлах уу?
-Ногоон бизнесийг дэмжиж, хүрэн бизнесийг шахах хөшүүргүүд санхүүжилтээс эхлээд хөдөллөө. Яваандаа татварын систем рүү орох байх. Бас нүүрс, ямаанд татаас өгөхөө болих биз ээ. Бас орон нутаг ч гэсэн хамгийн анхны нөхөн сэргээгдэх эрчим хүчээр өөрийгөө хангадаг суурин гэж амбийцлаж болно. Дэлхийн банкны хөтөлбөрөөр малчид нь нөхөн сэргээгдэх эрчим хүчээр цахилгаанаа хангаж байгаа. Тэгэхээр аймгийн төвийн нүүрсний бага зэргийн хэрэглээгээ л нар, салхиар орлуулчихад дэлхийгээс мөнгө босгох боломж байгаа юм. Энэ боломжийн төлөө зүтгэх хэрэгтэй.
Нөгөө талаас, Монгол бол байгаль орчны асуудал тулгамдсан орон. Онгон зэрлэг, хөндөгдөөгүй байгальтай гэж ярьдаг. Гэтэл нийт газар нутгийн 80 хувь цөлжиж байна. Дэлхийн усны бага нөөцтэй 22 орны нэг. Улаанбаатар хот 2025 он гэхэд усны хэрэгцээгээ хангаж дийлэхгүй болно. Бэлчээрийн даац хоёр дахин хэтэрсэн. Хүүхдийн зулай шиг нимгэн хөрстэй. Ой модны нөөц маш бага. Нийслэлд хөрс, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас манайд гурав дахин эрчимтэй явагддаг. Хүмүүс аялахдаа Сэлэнгэ, Хөвсгөл, Булган гээд ихэвчлэн сайхан байгальтай газраар аялдаг тул Монголыг ногоон хэвээрээ гэж ойлгоод байна.
-Ногоон бодлогыг дэмжих эрх зүйн орчин хэр зэрэг бүрдсэн бэ?
-Нэлээд чухал хуулиуд батлагдсан. Сая батлагдсан Хог хаягдлын тухай хууль байна. Мөн Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуультай. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль одоо яригдаж байгаа. Үүнээс илүүтэйгээр олон нийтэд ойлголт өгөх, үйлдвэр аж ахуйн нэгжид, бизнесүүдэд ногоон зээлд хамрагдах боломж, гарцыг хэлж өгөх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохын тулд яах ёстой талаар мэдээлэл их хэрэгтэй байна. Өндөр хөгжсөн орнуудад худалдан авалт нь хүртэл ногоон болоод байна шүү дээ.
-Монголд аль салбарт биз- нес эрхлэгчид ногоон болох боломж өндөр байна вэ?
-Зээл, хөрөнгө оруулалтаа харах юм бол эрчим хүчнийхэн хурдтай ногоорч болохоор байна. Мөн дулааны алдагдал багатай барилгын шийдэл байгаа бол барилгынхан гээд хүлэмжийн хийг бууруулахад чиглэсэн аливаа үйл ажиллагаа илүү их боломжтой. Цаашдаа ус хэмнэлт, хог хаягдал дахин боловсруулах салбарынхныг дэмжих байх.
-Өндөр хөгжилтэй орны худалдан авалт нь хүртэл ногоон болчихлоо гэж та хэллээ. Монголд хэрэглэгчийн сэтгэл зүй хэр зэрэг бэлтгэгдсэн бэ. Ногоон худалдан авалт хийхийн тулд сонголтоо юунд үндэслэх вэ?
-Хэрэглэгчийн амьдрал сайжрахын хэрээр үр хүүхдийнхээ ирээдүйд гай болохооргүй бизнесийг дэмжиж, худалдан авалт хийе гэх хандлага өндөр хөгжилтэй орнуудад 60-70 хувь болсон байна. Уг нь барааны шошгыг хараад л үйлдвэрлэлийн мөчлөг ой тасдаад байна уу, аль эсвэл хаа нэгтээ байгаль сүйтгээд байгаа юм биш биз гэдгийг мэддэг байх хэрэгтэй.
Эрчим хүчний хэмнэлттэй ламп, таримал модоор үйлдвэрлэсэн цаас зэргийн мэдээлэл шошгондоо байдаг. Харамсалтай нь, манайд хэрэглэгчийн мэдлэг тааруу тул одоохондоо энэ асуудал орхигдоод байна. Уг нь цахилгааны тарифыг нэмнэ гэж сүрдүүлэхийн оронд мэдлэг түгээж, дулаан алдагдал, эрчим хүчний үрэлгэн хэрэглээг бууруулах ёстой. Сайн дурын зарчим ажиллахгүй бол хөшүүргүүдээ хэрэглэж, ус, цахилгааны үнэ нэмэхээс өөр аргагүй. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллагуудын нийгмийн хариуцлага ч яригдах ёстой.
-Байгууллагуудад маркетин- гаа ногооруулах ямар боломж байгаа юу?
-Levi’s брэндийн жинсийг бид мэднэ. Нэг ширхэг өмдний материал боловсруулахад 42 литр ус зарцуулдаг, будаг нь байгальд хортой талаар баримтат кино гарч, ихээхэн хэмжээний шүүмжлэлд өртсөн. Гэхдээ waterless буюу бага ус хэрэглэх технологийг инновацид нэвтрүүлсэн. Одоо Levi’s 501 загвар нэг литр ч хүрэхгүй усаар бүтдэг. Өөрөөр хэлбэл, байгаль орчинд ээлтэй эл үйлдлийнхээ төлөө усны зардлаа 96 хувь багасгасан гэсэн үг.
Дэлхий дахин 2025 он гэхэд усны нөөцийн хомсдолд гуравны хоёр нь орох гээд байна. 2020 он гэхэд Улаанбаатар хот усаа хангаж чадахгүй болно гэх тооцоо бий. Ийм байхад хэн ч гэсэн усаа хэмнэсэн сонголт хийнэ шүү дээ. Тиймээс зар сурталчилгаанд үүнийгээ тусгана гэсэн үг. Тухайн бизнес нийгмийн тулгамдсан асуудалд хэрхэн хариу өгч байгаа вэ гэдгийг худалдан авагчид хардаг болсон. Тиймээс компаниуд технологийн шинэчлэл хийж үүнийг сурталчилах сонирхолтой байгаа хэрэг. Энэ бол бүтээгдэхүүний брэндинг хийхэд асар их нөлөөтэй юм. Яагаад автомашины зах зээлд дөнгөж саяхан орсон Tesla АНУ-ын зах зээлд Mercedes Benz-ээс тав дахин их буюу 25 мянган ширхэг автомашин борлуулж чадсан юм бэ. Ногоон бизнес бол зардлыг бууруулаад зогсохгүй брэндийн нэр хүндэд ийм ач тустай байна гэдгийг харуулж байгаа. Монголд ч гэсэн удахгүй ийм л болно.
Мөн Starbucks, Ikea-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд гэхэд эрчим хүчээ бууруулсан, хог хаягдлаа дахин боловсруулсан талаар тайлагнадаг. Starbucks гэхэд Руанда, Танзанид органик тариалалтаар кофегоо ургуулдаг. Хөрс доройтуулахгүй, нутгийн ард иргэдийн амьдрал ахуйд нь нэмэртэй гээд энэ брэндийн нэр хүнд өндөр. Бас бүтээгдэхүүн нь ч тансаг амттай. Ийм олон давуу тал байгаа юм.
-Өнгөрсөн жил та “Ногоон бизнесийн ДНК” форум зохион байгуулж байсан. Энэ ажил үргэлжлэх үү?
-Үргэлжилнэ. Бас өргөжинө. Арваннэгдүгээр сарын сүүлээр томоохон бизнес эрхлэгчдэд зориулан “Ногоон бизнес форум”-ыг хоёр дахь жилдээ зохион байгуулна. Мөн удахгүй Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой амьдралын боловсрол төсөл, БОАЖЯ-тай хамтран Улаанбаатар хотын бизнесийн байгууллагуудад байгаль орчны менежментийн сургалт явуулна. Бас Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ аймагт менежментээ яаж ногоон болгох, хэмнэлт хэрхэн бий болгох гарцыг хэлж өгнө.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй