Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-д айлчилж байна

Мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны есдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Энэ нь Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны албан ёсны гадаад айлчлал гэдгээрээ онцлог юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга есдүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд Владивосток хотод зохион байгуулагдах “Дорнын эдийн засгийн чуулга уулзалт”-д оролцохоос гадна Владивостокт хүрэлцэн ирээд байна. Чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин нартай уулзах юм. Мөн Монгол-ОХУ-ын бизнес форумд оролцох төлөвлөгөөтэй байгаа ажээ. Айлчлалын үеэр ОХУ-тай ОХУ-Монгол Улс-БНХАУ-ын эдийн засгийн коридор, төмөр зам, эрчим хүч, хөдөө аж ахуй, рублийн зээлийн асуудлаар ярилцана. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарт ОХУ-ын талтай хамтын ажиллагаа нэмэгдүүлэхэд Ерөнхийлөгч онцгой ач холбогдол өгч байна. Есдүгээр сарын тавны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Владивостокийн ойр орчмын боомтуудаар зочилж, Япон, БНХАУ зэрэг улсад ОХУ-ын компаниуд нүүрс ачиж байгаа байдалтай газар дээр нь танилцах аж.

“Дорнын эдийн засгийн чуулга уулзалт” ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины санаачилгаар гурав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд БНХАУ, Энэтхэг, Вьетнам, Индонез зэрэг орны албан ёсны төлөөлөгчид, Зүүн хойд Ази, Номхон далайн бүсийн орнууд, АНУ, Канад зэрэг орны бизнесийн 3000 гаруй төлөөлөгч оролцож байна. Өнгөрсөн онд ОХУ болон Монгол Улсын худалдааны эргэлт 20 хувиар буурсан бол энэ оны эхний хагас жилд 34 хувиар өсөөд байгаа юм. Мөн хоёр улсын хоорондын ачаа тээвэрлэлтийн хэмжээ өсөлттэй гарсан байна.




САНАЛ БОЛГОХ