"Үндэсний брэнд бол тухайн улс, ард түмний үзэл санаа, эв нэгдэл, хүрэх мөрөөдөл, урагш явах зүг чиг болдог"

Мэдээ

Монголчуудын өв соёл,үнэт зүйл зэргийг илэрхийлэх үндэсний брэндтэй болохын тулд эрдэмтэн, докторуудтай хамтарсан Үндэсний брэндийн зөвлөл байгуулсан талаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ мэдээллээ. Монголын Үндэсний брэндийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ "Монголын Үндэсний брэндийн зөвлөл нь дэлхийд Монгол Улсын үнэлэмж, байр суурь, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлэн таниулах бодлогыг зохицуулах, гадаадын улс орнуудад Монгол Улсын байр суурь, ард түмэн, түүх, өв соёл, үйлчилгээ, бүтээгдэхүүнүүд ямар түвшинд танигдан үнэлэгдсэн талаарх шат дараалсан судалгааг мэргэжлийн төвшинд хийж, кампанит ажил өрнүүлэх чиг үүрэгтэй. Улс орны хөгжил зогсонги байдалд орох эсвэл эдийн засгийн хэт уналтанд орсон тохиолдолд улс орнууд үндэснийхээ брэндийг Засгийн газрынхаа түвшинд дэмжин ажилладаг. Учир нь үндэсний брэнд бол тухайн улс, ард түмний үзэл санаа, эв нэгдэл, хүрэх мөрөөдөл, урагш явах зүг чиг болдог байна. Монгол Улс ийм үндэсний брэндтэй, үндэсний үзэл санаа, мөрөөдөлтэй, явах зүгтэй болохоор Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд үндэсний зөвлөл байгуулан ажиллаж байна" хэмээн онцоллоо.

Үндэсний брэндийн зөвлөл дотроо гурван хэсэгтэй байх бөгөөд эхний хэсэгт язгуур чанар буюу өв түүх соёл, бүх үнэт зүйлийг судлах эрдэмтдийн зөвлөл багтаж байгаа аж. Харин хоёрдугаарт Монгол Улсыг гадаадад төлөөлж чадахуйц компаниудын зөвлөх зөвлөл нэгдэх бол гуравдугаарт Төрийн болон Төрийн бус байгууллагаас бүрдсэн зөвлөл байгуулах юм байна. Дээрх гурван зөвлөлөөс гарсан санааг дэлхийн 6000 гаруй брэндийн мэргэжилтнээр хянуулна гэж тус зөвлөл мэдээллээ.

Монгол Улсыг дэлхийд таниулж байгаа тэргүүн салбар болох ноолууран хувцас үйлдвэрлэгчдээр дамжуулж үндэсний брэндийг дэлхийд таниулах нь хамгийн дөт зам гэж зөвлөлийнхөн үзэж байна. Тухайлбал, дэлхийн ноолуурын зах зээлийн 50 хувийг дангаар хангадаг БНХАУ-ын жилийн нийт түүхий эдийн 80 хувийг Монголоос экспортолдог ч БНХАУ-ын нэрээр үйлдвэрлэлийн шатанд орж эцсийн бүтээгдэхүүн болон гардаг талаар зөвлөлийнхөн дурдсан юм.

Үүнээс гадна "Үндэсний брэнд Монголд хөгжихийн тулд 10-15 жил шаардлагатай" гэж “Edelman Korea “компанийн захирал Квон Шин Ил мэдээллээ. Монголыг илтгэх хамгийн том брэнд “Говь”-ийн хувьд солонгосчуудын 15 хувийг л хамрах хэмжээнд танигдсан гэдгийг мөн онцлов. Түүнчлэн жилд 500 мянган жуулчин хүлээн авч байгаа нь дэлхийд Монголыг таниулах үндэсний хэв маяг, брэндгүйгээс болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Монголын брэндүүд өөрсдийн гэсэн нэр, логоноос гадна худалдан авч байгаа хэн бүхэнд “Монгол брэнд юм” гэдгийг шууд таниулах лого, үндсэн өнгө зэргийг шингээж түүгээрээ ижилсэх ёстойг онцоллоо.




САНАЛ БОЛГОХ