Эх баригчид энхрий үрсийг хохироосоор байх уу

Үзэл бодол


Бэл бэнчин, танил тал муутай нэгний хувьд төрнө гэдэг амаргүй даваа

...2008 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр. Гурван хүүхдийн ээж Г хэмээх эмэгтэй ЭХЭМҮТ-д багыгаа буюу дөрөв дэх хүүхдээ төрүүлэхээр очжээ. Түүнд эмч нар кесар хагалгаа хийхээр болов. Кесар хагалгааны үеэр ээж, хүү хоёрт ямар нэг асуудал тулгараагүй төдийгүй эсэн мэнд амаржсан байна. Гэтэл хагалгааны дараа эмч нар гэнэт сандралдаж, хүүг нь харвасан гэж хэлээд өөр өрөө рүү авч явжээ. Ингээд хүүг нь эмчилж байгаа гээд гурван сарын турш ээжтэй нь уулзуулаагүй аж. Эсэн мэнд төрсөн хүүхэд яагаад гэнэт харвачихдаг байна хэмээн гайхаж, эмч нараас учрыг лавлахад “Хүүхэд чинь хавантай, даралттай төрсөн. Тиймээс тархинд нь харвалт өгсөн” гэж тайлбарлажээ. Ингээд гурван сарын дараа хүүтэйгээ уулзаж, эмчилгээ хийлгэж байгаад эмнэлгээс гарчээ. Харамсалтай нь, эдгэрсэн гэж бодсон хүүхэд нь зургаан сартайдаа сууж, босож чадахгүй, толгойгоо дийлэхээ болив. Ингээд дахиад эмч нарт үзүүлтэл рахит гэсэн онош тавьсан байна. Аав, ээж нь эмч нарын үгэнд итгэж, энхрий үрээ агаар салхинд байнга асарч, авч болох бүхий л арга хэмжээг авсан ч байдал дээрдэх нь битгий хэл улам бүр дордов.

Хүүхдийн толгой томорч, ярьж, явж чадахгүй байнгын асаргаанд оржээ. Арга барахдаа аав, ээж нь мэргэн цэцэн, таньдаг мэддэг, чадвартай, мэдлэгтэй гэсэн хүн бүрт хандсанаар томографикийн зургийг нь авахуулж, Монголдоо урдаа барьдаг эмчээр уншуулж, таниулжээ. Гэтэл хүүхэд нь эх баригч эмчийн буруугаас болж газар хүчтэй унаж, тархинд нь үхжилт үүссэн гэдгийг хоёр жилийн дараа мэджээ. Ингэхдээ бүр хоёр өөр газар үхжиж эхэлсэн бөгөөд энэ нь толгой томроод байсан шалтгаан байв. Улмаар тархины мэс засалд орохоор болсон аж. Гэтэл бас л асуудал тулгарчээ. Монголд тархинд нь тавих гуурсыг худалддаггүй учир эрэл хайгуул болсны эцэст “Дэлхийн зөн” олон улсын байгууллагад хандаж, ховор байдаг гуурсыг чамгүй үнээр худалдан авч, 2010 онд хагалгаанд оржээ. Эмч нар толгойд нь хоёр ширхэг гуурс тавьсан боловч хүүхдийн бие дээрдэж, эрүүл саруул болох нь бүү хэл татаж унадаг өвчтэй болчихов. Эмч нарт хэлтэл “Зүгээр болно. Санаа зоволтгүй” гэсэн сэтгэл тайвшруулах үгийг сонсжээ. Одоо хүү 10 настай боловч аав, ээж, ах, эгчтэйгээ тоглож, хайрлаж, энхрийлүүлэхийг мэдэхгүй өсөж торниж байна. Иргэн Г “Хагалгаа хийлгэхээр үсийг нь хусах үед толгойд нь сорви байсныг мэдсэн. Хамгийн гомдмоор нь намайг төрөх үед хүүхдийг маань газар унагачихаад худал хэлж, гурван сар сорви эдгэхийг хүлээж, надтай уулзуулаагүй юм билээ. Эмч хүмүүс тийм харгис байж болно гэж үү. Тэр үед намайг төрүүлсэн эмч, сувилагч нар бүгд ажлаасаа гарчихсан байна лээ. Хагалгаанд орох гэж байхад хэл, ам гаргаад яахав гэж бодоод орхисон. Хүүхдийнхээ өвдөж, өвчиндөө шаналж байгааг нь харахад үнэхээр хэцүү байдаг. Халамжаас тодорхой хэмжээний мөнгө өгдөг ч живх, эм тариа нь өндөр үнэтэй урчаас тэр бүр хүрэлцдэггүй” гэв.

Монгол Улсын хэмжээнд эх баригч эмч нарын ёс зүйн асуудал үнэхээр анхаарал татах түвшинд хүрчихсэн байгааг дээрх үйл явдал баталж байна. Өөрийн зовлонг бусдад тоочих амаргүй. Ямартай ч манай сонинд өөрт тохиолдсон харамсалтай явдлыг илэн далангүй ярьсан Г хэмээх эмэгтэйн зовлон, шаналалыг бусад ээж бүү амсаасай гэсэндээ эмч, ялангуяа эх баригч нарын ёс зүйн асуудлыг энэ удаад хөндөж байна. Мэдээж хэрэг, Монголын мянга мянган үрсийг эсэн мэнд өлгийдсөн ачтай буянтай олон хүйн ээж бий. Гэсэн ч энэ мэт сайны хажуугаар саар асуудал нийгэмд тулгарсаар байгаа учраас эрүүл мэндийн тогтолцоо, эмч, эмнэлгийн байгууллагын сахилга бат, ёс зүйг гаргаж тавихыг хүслээ. Хүүхдээ эрүүл саруул тээж, төрүүлчихээд эх баригч эмчийн хариуцлагагүй үйлдлээс болж насаараа зовж, шаналах ямар байх вэ. Тэр тусмаа эмч хүн атлаа өргөсөн тангаргаасаа буцаж, өөрийн өчүүхэн биеийг өмгөөлж, өөдөсхөн хүүхдийг бэртээчихээд нууж, хаана гэдэг үнэхээр том асуудал.

Үнэндээ Монголын нийгэмд хариуцлагагүй, хайхрамжгүй эмч нарын дүр төрх ийм л байна. Энэ салбарт олон жил болсон, ороод удаагүй гээд дээр, доор, хөгшин залуугүй төрөхөөр очсон ээжээс, тэдний ар гэрээс хэдэн төгрөгийн “гар хардаг” нь нууц биш. Бэл бэнчин, танил тал муутай нэгний хувьд эсэн мэнд төрнө гэдэг тамын тогооны үлгэр шиг гаслантай. Ерөөс жирэмсэлсэн цагаас хойш асуудлууд ар араасаа тулгарч эхэлнэ. Найман жилийн өмнө намайг төрөхөөр эмнэлэгт хэвтэж байхад эх баригч эмч, сувилагч нар нь олигтой хайхрахгүй байсныг тод санаж байна. Хажуу талын орон дээр хэвтэж байсан эмэгтэйд илүү анхаарал тавьж, байсхийгээд өрөөнд орж ирж, бие нь ямар байгааг асууж байсан юм. Анхны төрөлт, туршлага муу залуу ээжийн хувьд тухайн үед нэг их гомдоогүй ч эргээд бодоход кесар хагалгаагаар төрсөн намайг өндийж чадахгүй байхад эмнэлгийн ор хүрэлцэхгүй байна гээд хонгилын өрөөндөө гурван цаг хүлээлгэж байсан. Ар гэрийнхэн маань туршлага дутаж төрсний дараа нь гарыг нь цайлгасан учраас хэдэн цаг хонгилд хэвтэх шаардлага тулгарч байсныг сүүлд нь ойлгосон. Төрөхийнхөө өмнө гар сунгадаг “ёс”-ыг мэдээгүй миний хохь болсон. Найман жилийн өмнөх энэ байдал одоо ч хэвээр байгааг саяхан төрсөн хамаатны дүүгээ хараад мэдэрсэн юм. Төрөх дөхөж, шөнө дөлөөр өвдөн савны амсар нь нээгдчихсэн эмнэлэгт очиход нойроо харамласан эмч нар тоохгүй, гэрт нь буцаасан байгаа юм.

Өөрийн биеийг өмөөрч, өргөсөн тангаргаасаа буцдаг эх баригч олширлоо


Ерөөс төрөхийн тулд хамгийн түрүүнд Өрхийн эмнэлгийн “туршилтын туулай”-нуудтай “үзэлцэх” хэрэг гарна. Ханиадны эмийг халууных гээд бичиж өгдөг эмч нарт хэн итгэж, юугаа үзүүлэх билээ. Тиймдээ ч өнөөдөр Өрхийн эмнэлэгт итгэж очдог хүн ховор болсон гэхэд хилсдэхгүй. Дараа нь жирэмсний гурван сар хүрээд дүүргийн эмнэлгийн эмчийн хяналтад орж, бөөн гарын үсэг цуглуулах хэрэг гарна. Зарим дүүргийн эмч нар “Жирэмсэн үү. Ороод ир” гээд л үзэж, харахгүйгээр шууд л дэвтэр дээр гарын үсэг зурж, бушуухан өрөөнөөсөө гаргахын түүс болдог нь нууц биш. Ингэж явсаар харьяа дүүргийнхээ амаржих газрыг бараадна. Ер нь эртхэн шиг танил талаа сураглаж, сувилагчид ч хамаагүй төрөх хүнээ даатгахгүй бол асуудал буруу тийш эргэх магадлал өндөр. Учир нь зарим эх баригчид хурууны амсар нээгдэн, өвдөж байгаа ээжийг болоогүй байна гээд төрөхийн орон дээр гаргахгүй, тоохгүй хөсөр хаях мөртлөө мөнгө өгсөн нэгнийх нь хоол цайг нь зөөгөөд байж байдаг. Хатуу боловч үнэн гэдгийг хэн бүхэн мэднэ. Эмч хүний амь нас, эрүүл энхийн төлөө тангараг өргөдөг.

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргасан судалгаагаар 2016 онд улсын хэмжээнд 38 удаагийн эхийн эндэгдэл гарсан бол энэ оны эхний долоон сарын байдлаар 10-т хүрээд байна. Эхийн эндэгдлийг төрөлттэй хамаатуулан ойлгож болно. Хэдийгээр олон шалтгааны улмаас эх, хүүхдийн эндэгдэл тохиолддог боловч тодорхой хувь нь эх баригч эмчийн буруугаас болдог гэдгийг хэлэхэд буруудахгүй байх. Эхийн эндэгдлийн тухай тоо баримт ийм байгаа бол та хажуугийн тоон үзүүлэлтээс нялхсын эндэгдлийг харж болно. Өнгөрсөн гурван жилийн тоо баримтыг харахад нялхсын эндэгдэл байнга өссөн үзүүлэлттэй байгаа юм. Улсын хэмжээнд гарч буй нийт нялхсын эндэгдлийн гуравны нэг нь Улаанбаатар хотод гарчээ.

Эмчийн буруутай үйлдлээс эх үрсийг хагацаасан, эрүүл мэндээр хохироосон гээд тэдэнд хаягласан санал гомдол, шүүмжлэл энэ салбараас салахаа болилоо. Тэр битгий хэл хорвоод мэндэлсэн үрийг нь согтуугаар өлгийдөн авч, хүндээр гэмтээсэн эмчийн олиггүй үйлдэл олныг цочроосон удаатай. Энэ мэтчилэн эх баригчийн буруугаас болж, ангир уургаа амалж чадахгүй үрс хорвоог цаг бусаар орхиж байгаад харамсаад барамгүй. Хамгийн гол нь эрдэнэт хүний амийг аврах тангараг өргөсөн атлаа хүйтэн хөндий цэвдэг сэтгэлтэй эмчээс болж аав, ээждээ эрхлээд гүйж байх ёстой бяцхан үрс хохирч үлдсэн баримт үүгээр дуусахгүй олон бий. Бүр дөнгөж төрсөн нярайг сувилагч халуун усанд шалзалсан хэрэг ч гарч байлаа. Энхийн манаанд зогссон эмч нарын сэтгэлгээ, ажилдаа хандах хариуцлага нь ямар түвшинд явааг дээрх хэдэн жишээнээс харж болохоор байна. Ямартай ч, эрүүл мэндийн манаанд зогсдог эмч нарын ёс зүйд анхаарах цаг хэдийнэ болжээ.

САНАЛ БОЛГОХ