Цаг уурын өөрчлөлт ОХУ-ын үр тарианы экспортод эергээр нөлөөлж байна
Цаг уурын өөрчлөлт ОХУ-ын хүнсний экспортод эергээр нөлөөлж эхэлжээ. Эрчим хүчний салбарын түүхий эдийн экспортод түшиглэсэн тус улс 2016 оны долоодугаар сараас хойш жилийн дүнгээр нийт 28.8 сая тонн улаан буудай экспортлосон байна. Энэ нь энэ төрлийн экспортоор тэргүүлдэг Европын Холбоог анх удаа давсан дүн болж байна. Үүгээр зогсохгүй ирэх оны долоодугаар сард эцэслэх санхүүгийн жилд 31.5 сая тонн улаан буудай экспортолно гэж АНУ-ын Хөдөө аж ахуйн яам тооцоолжээ. ОХУ мөн эрдэнэ шиш, арвай, овьёосны экспортоор олон улсыг тэргүүлдэг. Өөрөөр хэлбэл тус улс Украйн, Казахстантай зэрэгцээд дэлхийн үр тарианы зах зээлд онцлох байр суурь эзлэх болж байгааг шинжээчид онцолжээ. ОХУ техник, технологийн хөгжилд түшиглэхийг зорьж байгаа хэдий ч үр тарианы экспорт аажмаар газрын тосыг орлож, улсын төсвийн орлогын гол эх сурвалж болно гэж тус улсын зарим эрх баригчид таамаглаж буйгаа илэрхийлсэн байна. ОХУ-д үр тарианы экспорт нэмэгдэж байгаа нь дэлхийн хүн ам өсөж байгаагаас гадна цаг уурын өөрчлөлттэй холбоотой юм.
Дэлхийн үр тарианы хэрэглээ 2011-2016 онд жилийн 2.8 хувиар өссөн, 2021 он хүртэл жилийн 1.4 хувиар өсөх төлөвтэй байна гэж Олон улсын үр тарианы зөвлөл таамаглажээ. Харин Евроазийн газар тариалангийн бүсэд агаарын температур 2020 он хүртэл 1.8 хэм, 2050 он хүртэл 3.9 хэмээр тус тус нэмэгдэх, ялангуяа өвлийн улиралд дулааны хэм огцом нэмэгдэх төлөвтэй байна. Энэ нь эргээд ургацын улирал уртсах, илүү их ургац хураах таатай нөхцөл болохын дээр агаарт нүүрсхүчлийн хий ихээр ялгарах нь газар тариаланд эерэг нөлөө үзүүлэхийг шинжээчид тайлбарлажээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй