7366
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний хөтөлбөрийг батлуулна
Хүмүүс
Улсын хэмжээнд өнгөрсөн жилийн байдлаар нийт 100993 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг аж. Үүнээс есөн мянга гаруй нь хөдөлмөр эрхэлдэг гэсэн тооцоо бий. Эдгээр иргэдийн хөдөлмөрийн оролцоог хангахад чиглэсэн хамтарсан хэлэлцүүлэг өчигдөр боллоо.
Сүүлийн жилүүдэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн оролцоог нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд нийт 4.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Өнөөдрийн байдлаар ХНХЯ-ны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудал хариуцсан Засгийн газрын хэрэгжүүлэг ч агентлаг байгуулах, хууль эрхзүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Тэгвэл энэ удаагийн зохион байгуулж буй арга хэмжээгээр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чиглэсэн гаднын орны туршлагыг монголд хэрэгжүүлж болох, эсэх талаар туршлага солилцов.
Хэлэлцүүлэгт Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын ФЭС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Дотор Нийлс Хегевиш болон Хамбург чөлөөт боомт хот улсын Хөдөлмөр, нийгэм, нэгдлийн яамны Нийгэм, нөхөн сэргээлт, нөхөн төлбөр, хөдөлмөрийн оролцооны рефератын дарга Доктор Дийрк Меллиес хүрэлцэн ирэв. Мөн Ерөнхийлөгчийн зөвлөх Ш.Батцэцэг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцлоо.
Хоёр улсын хамтарсан хэлэлцүүлгийн талаар ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамираас тодруулахад “Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр найман төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үүний нэг нь өөртөө ажлын байр бий болгож буй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах аж ахуйн нэгж болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг, эхийг дэмжих, хөдөлмөрийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа юм. Тиймээс тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд өнөөдрийн хэлэлцүүлэг чухал үүргийг гүйцэтгэж байна” гэв. Мөн цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг батлуулж, цахим мэдээллийн нэгдсэн санг бий болгож, хөдөө орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг байгуулахаар төлөвлөжээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй