Харь гарагийнхан ямар царайтай байх бол

Үзэл бодол


Харь гарагийнхан хүн дүрст саарал амьтан байх албагүй

А м е р и к и й н G i z m o d o цахим сэтгүүл ийм асуултыг задгай сансарт амьд биетийн хайгуул хийдэг сансар судлаач эрдэмтдэд тавьсан байна. SETI хүрээлэнгийн астрономич сет Шостак харь гараг дээрх ухамсарт амьдралын хамгийн байж болшгүй хэлбэрүүд зөгнөлт кино зохиогчдын уран сэтгэмжээр бүтсэнийг онцлов. Doctor Who киноны баатрууд үйлдвэрийн тоос сорогчтой төстэй бөгөөд бодит байдлаас асар хол аж. ноён Шостак огторгуйн хаа нэгтээ хүнийхтэй жишихүйц оюун ухаантай организм оршдог гэдэгт итгэдэг агаад тэд шавжтай илүү төстэй гэж үзэж байна.

Арканзасын их сургуулийн астрофизикч Кейтлин аренс шингэн ус байх боломжтой томоохон одыг тойрон эргэдэг амьдралын бүсэд харь гарагийн амьтан илэрч болзошгүй гэв. Түүнчлэн эх оддоос алс оршдог гараг дээр ч амьдрал үүсэх боломж бий гэнэ. Гэхдээ газар дээрх эрчим хүчний үндсэн эх үүсвэр болох нарны туяа далайн гүнд нэвтэрдэггүй тул ёроол дахь дулааны эх үүсвэр бактерийн амьдрах орчныг бүрдүүлнэ. Аренс цааш ярихдаа харь гарагийн амьд биетүүд орчин үеийн төсөөллөөс өөр байж магадгүйг тэмдэглэв. Газар дээрх организмууд үндсэндээ нүүрс устөрөгчөөс бүтдэг бол өөр ертөнцөд хүхэр, цахиур болон бусад элементээс үүсэх боломжтой аж. Тэд ямар ч хэлбэр, хэмжээтэй байж болох агаад оюун ухаангүй ч байж болзошгүй.

Өөр гарагаас ирэх дохиог хайх ажлаар дагнадаг METI хэмээх хөтөлбөрийн удирдагч дуглас вакох гараг дээрх хувьсал газрынхаас өөрөөр явагдаж болохыг үгүйсгэсэнгүй. Амьдралын хөгжил болон шинэ төрлийн үүсэл нь тохиолдлын үйл явцаас хамаардаг. Хэдий ийм боловч газрынхтай төстэй хэлбэр байж болохгүй гэсэн үг биш. Эрдэмтэн цааш нь ярихдаа “аварга загас ба далайн гахай хоёр холын хамааралтай боловч нэлээд төстэй. Аварга загас нь загасны төрөл бөгөөд далайн гахай сүүн тэжээлтэнд багтана. Өөр ертөнцийн амьдралтай тулгарвал биеийн хэлбэр төсөөтэй байхад гайхах зүйлгүй” гэсэн юм.

Үүний зэрэгцээ төстэй эрхтнүүдийн хослол дэлхийнхээс өөр тоо томшгүй олон янзын хэлбэр үүсгэх тул хүн төрөлхтөн өөртэйгөө төстэй ухаант биеттэй хэзээ ч учрахгүй байх гэж ноён вакох ярилаа. Судлаач нарны аймгийн дагуул дээрх далайд амьдрал байж болохыг ч хэлсэн юм. Сансрын зон дууд (сансрын төхөөрөмж) тэндээс хоёр аргаар амьдрал илрүүлж болно. Гейзерээс сансарт цацагдсан уснаас дээж авах замаар болон мөсөн бүрхүүлийг өрөмдөх аргыг хэрэглэх юм. Санчир гарагийн зургаа дахь том дагуул болох энцелад дээрх ус хэт хүйтэн учир микробоос том биет орших боломжгүй гэж үздэг.

Эрдэмтдийн ярьснаар үл танигдах нисдэг биет болон уран зөгнөлийг бишрэн шүтэгчдийн төсөөлдөг харь гарагийнхан хүн дүрст саарал амьтан байх албагүй аж. Хүнтэй төстэй өөр төрлийн ухамсарт амьдрал үүсэхийн тулд маш олон санамсаргүй тохиолдол хэрэгтэй. Газар дээр хүн үүсэх биологийн үйл явц хэрэгжихэд африкийн дулаан бүсэд таатай нөхцөл бүрдэх ёстой байсан. Эртний хүний биеийн босоо байдал өвсөнд нуугдсан араатныг харах боломж олгожээ. Өөр нөхцөлд бол биеийн дээд хэсэгт орших тархины давуу талыг ашиглахад бэрх юм. Иймээс харь гарагийн ухамсарт амьтан дурын хэлбэртэй, гарын оронд тэмтрүүлтэй байж магадгүй гэж эрдэмтэд таамагласан байна.

САНАЛ БОЛГОХ