Монголын нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах эхний алхам

ТОМИЛОЛТ

Ерөнхийлөгч өнөөдөр Монгол, ОХУ-ын дугуй ширээний уулзалтад оролцоно

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын гол хуралдаан өнөөдөр эхэлнэ. Энэхүү чуулга уулзалт нь Ази-Номхон далайн бүс нутгийн болон Зүүн өмнөд азийн орнуудын бизнес, улс төр, шинжээчдийн нийгэмлэгийн төлөөлөгчдийн харилцан хамтран ажиллах олон улсын томоохон талбар. Тус чуулга уулзалтад 24 орны 3000 гаруй төлөөлөгч оролцож байна.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр болох Монгол, ОХУ-ын дугуй ширээний уулзалтад оролцож, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа болон Оросын Алс Дорнодод хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцохоор төлөвлөжээ. Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Монгол, Оросын хөрөнгө оруулагчид хамтран хэрэгжүүлж болох зам, тээврийн томоохон төслүүдийн талаар илтгэл тавих бол Үндэсний хөгжлийн газраас Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг танилцуулах аж. Энэхүү дугуй ширээний уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт бие төлөөлөгч Игорь Левитин, Байгалийн баялаг, экологийн сайд Сергей Донской, Оросын төмөр замын удирдах газрын дарга Олег Белозеров, “ренова” группын ТУЗ-ийн дарга виктор векселберг нар оролцоно. ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх антон Кобяков "ОХУ, Монголын дугуй ширээний уулзалтыг өндөр хэмжээнд зохион байгуулах нь хоёр улсын улс төр, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тустай" гэжээ.


Үндэсний хөгжлийн газраас хөрөнгө оруулалтын орчныг танилцуулна

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Приморскийн хязгаарын захирагч болон ОХУ дахь Японы элчин сайдтай уулзаж, санал солилцсон байна. Уулзалтын үеэр тэрбээр Приморскийн хязгаарын өмнөд хэсэгт байрладаг “Дорно” олон улсын боомтоор дамжуулан Ази, Номхон далайн орнууд руу бараа бүтээгдэхүүн экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Харин ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколов “Дорнын эдийн засгийн чуулга уулзалт дээр бид транзит тээврийн хэлэлцээрт гарын үсэг зурахад бэлэн байгаагаа зарлах боломжтой. Харин уг хэлэлцээрт энэ ондоо багтаан гарын үсэг зурж магадгүй” хэмээн мэдэгджээ. Тэрбээр уг боомт дээр Монголын нүүрсийг хүлээн авч Зүүн өмнөд ази болон Ази-Номхон далайн орнууд руу тээвэрлэх бүрэн боломжтойг онцолсон байна. Өмнө нь тэрбээр Монгол Улс уг боомт руу 70 мянга гаруй тонн нүүрс нийлүүлэхээр тооцоолж байгааг дуулгаж байсан. Гэхдээ нийлүүлэх нүүрсний хэмжээ Монгол Улстай байгуулах нүүрс борлуулах гэрээнээс хамаарна гэдгийг ТАСС агентлагт өгсөн ярилцлагандаа тодотгосон удаатай. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Манай Тавантолгойн нүүрсийг дэлхийн зах зээл дээр гаргахад  туслахаар боллоо. Транзит гэрээ байгуулна” хэмээн өөрийн цахим хуудаснаа жиргэжээ.

Приморскийн хязгаар нутгийн врангель тосгонд байрлах “Дорно” усан боомт нь нүүрсний тээвэрлэлтээр дагнасан ОХУ-ын томоохон боомтуудын нэг юм. Тус усан боомтын нүүрсний эргэлт 2016 онд 23.5 сая тоннд хүрчээ. Ингэснээр Оросын далайн боомтуудын нийт нүүрсний экспортын тавны нэг нь болж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хилийн чанадад хийж буй тус айлчлал анхны гэдгээрээ онцлогтой. Айлчлалын хүрээнд тэрбээр хоёр талын хэд хэдэн уулзалт хийхээр төлөвлөсөн. Тухайлбал, ОХУ-ын Төрийн тэргүүнтэй ажил хэрэгч уулзалт хийж, хоёр улсын харилцааны өнөөгийн байдал, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцоно. Мөн Өмнөд солонгосын Ерөнхийлөгч мун Жэ Ин болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нартай уулзалт хийнэ. Үүнээс гадна ОХУ болон Японы бизнесийн төлөөлөлтэй уулзана. Тодруулбал, ОХУ-ын “Русал” компанийн ерөнхийлөгч Олег Дерипаска болон Японы “JBIC” банкны гүйцэтгэх захирал Тадаши Маэда нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхана.

Дашрамд дурдахад, дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох нь Монгол Улсад хөрөнгө оруулах, харилцан ашигтай хамтран ажиллах ихээхэн нөөц бололцоо буйг ОХУ болон гуравдагч орнуудын төрийн болон хувийн хэвшлийн компаниудын төлөөлөгч нарт таниулах ач холбогдолтой. Мөн дэлхий, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн ирээдүйн чиг хандлага, төсөөлөл, бусад улс орны бодлого, байр суурийн талаар мэдээлэл авах боломжтой хэмээн үзэж байгаа аж.
САНАЛ БОЛГОХ