Шүлхий өвчний тархалт буураагүй

ЗГМ: Тодруулга


Вакцинжуулалтад хамрагдаагүй хэчнээн мал халдвар авсан нь тодорхойгүй байна

Малын гоц халдварт шүлхий өвчний анхны тохиолдол гарснаас хойш улсын хэмжээнд нийт 6000 гаруй мал өвчлөөд байгаа. Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт 170 орчим толгой мал өвчилж, өнгөрсөн сарын 25-наас өнөөдрийг хүртэл хорио цээрийн дэглэм үргэлжилсээр байгаа юм.

- Өнөөдрийн байдлаар шүлхий өвчний тархалт ямар бай на вэ?
-Улаанбаатар хотоос гадна сүхбаатар, хэнтий, дунд говь болон Төв аймгийн зарим суманд малын гоц халдварт шүлхий өвчин тархсан. Ерөнхийдөө орон  нутгийн нийт 10 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвчлөл бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.

- Өвчний тархалтыг тогтоон барьж чадахгүй байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
- Мал эмнэлгийн байгууллагад бүртгэгдсэн өвчлөлийн талаарх мэдээллийн тандалт шинжилгээний үр дүнгээр бид малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэгтэй малыг устгалд оруулж байгаа.  Гэвч шинжлэгдсэн малын 10 орчим хувь нь халдвартай байх магадлалтай гэсэн хариу гараад байна. Мөн иргэд өөрсдөө мэдээлээгүй өвчилсөн мал байхыг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс вакцинжуулалтыг үргэлжлүүлэх шаардлагатай байна.

-Хэчнээн тооны мал өвчлөөд байгаа вэ?
-Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хоёр голомтод 28 өрхийн 168 толгой үхэр, Хан-Уул дүүргийн нэг өрхийн гурван үхэр малын гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилсөн. Харин Төв аймагт өвчлөлийн тархалт илүү өргөн хүрээг хамарсан. Сэргэлэн сумын хөшигийн хөндийд бусад сумаас орж ирсэн, өмнө нь вакцинд хамрагдаж байгаагүй 492 мал, Сүхбаатар аймгийн Асгат суманд 388, Баруун-Уртад 41, Мөнх-хаанд 166 мал өвчилсөн. Харин дундговь аймагт 639 толгой мал, хэнтий аймгийн Баянхутагт суманд таван үхэр өвчлөөд байна.

-Малын гоц халдварт өвчин гарах болсон шалтгаан нь юу вэ?
-Улсын хэмжээнд эрт илрүүлэлт оройтож хийгдсэн нь өвчин тархах шалтгаан болсон. Хөдөө орон нутгийн хувьд вакцинжуулалтад хамрагдаагүй мал өвчилсөн бөгөөд үүнийг малчид мэдээлэхгүй байсаар газар авахуулсан байх магадлалтай. Харин нийслэлийн Хан-Уул дүүргийн хувьд Дундговь аймгаас гаралтай мал ирж, халдвар тараасан нь мэдэгдсэн. Ингээд өвчлөлийн тохиолдлыг аваад үзвэл өмнө вакцинд хамрагдаж байгаагүй мал өвчлөх тохиолдол их байна. Үүнд төл мал ч орно. Шүлхий бусад өвчин шиг хөрсөнд удаан хугацаагаар хадгалагдаж, халдварладаггүй. Харин хил дамжин халдварладаг. Тиймээс хилийн био аюулгүй байдлыг хангах зайлшгүй шаардлагатай байгаа юм.

- Вакцинжуулалт хэзээнээс эхлэв. Яагаад өвчлөл буурах гүй байна вэ?
-Өнгөрсөн нэгдүгээр сараас вакцинжуулалтыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар мал эмнэлгийн үржлийн газрын буюу улсын нөөцөд байсан болон ОХУ-аас авсан хоёр төрлийн вакцин хэрэглэж байна. Улсын нөөцөд байсан 3.4 сая тун вакциныг 6.5 сая малд өнгөрсөн тавдугаар сард хийж дууссан. Харин долдугаар сарын 30-нд ОХУ-аас 1.3 сая орчим тун вакцин нийлүүлсэн. Үүнээс эхний ээлжид Дундговь, Төв, Сүхбаатар, Хэнтий аймаг болон нийслэлийн гоц халдварт шүлхий өвчин гарсан газрыг вакцинжуулж байна.

-Төл малыг яагаад вакцинжуулалтад хамруулаагүй юм бэ?
-Нэгдүгээр сард вакцинжуулалт хийгдэж байхад мал төллөөгүй байсан бөгөөд төвийн нутгуудад вакцин хүрэлцээгүй.

-Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт тогтоогоод байгаа хорио цээрийн дэглэм хэзээ тавигдах вэ?
-Хамгийн сүүлд өвчилсөн малаас хойш хорио цээрийн дэглэм тогтоож, нийт 28 хоногийн дотор өвчлөл нэмэгдэхгүй бол цуцалдаг журамтай. Тэгэхээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд наймдугаар сарын 11-нд хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш өвчлөл нэмэгдээгүй болохоор удахгүй тавигдах байх. Харин Хан-Уул дүүргийн морингийн даваанд өнгөрсөн наймдугаар сарын 26-нд хорио цээрийн дэглэм тогтоосон тул энэ сарын сүүл хүртэл тавигдахгүй байх.

-Өвчлөлөөс сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
-Таван хошуу мал дундаас үхэр хамгийн мэдрэмтгий амьтан учир вирусийг маш ихээр ялгаруулж, халдварыг тарааж байдаг. Тиймээс малчид отор нүүдэл хийхгүй байхаас гадна вакцинжуулалтад заавал хамрагдах хэрэгтэй. Мөн хамгийн чухал нь малчид малдаа байнгын хяналт тавьж, үзлэг хийн өвчлөлийг эрт илрүүлэх шаардлагатай. Ингэснээр өвчний тархалтыг нэмэгдүүлэхгүй байх боломжтой. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас шүлхий гарсан бүс нутагт зургаан сар тутамд вакцин хийх ёстой гэсэн зөвлөмж бий. Үүнийг манай улс дагаж мөрдөх зайлшгүй шаардлагатай.

САНАЛ БОЛГОХ