Аминч үзлийн эрин
Нийтлэлчийн булан
Их гүрнүүд дангааршилд бэлдэж байна
Дэлхийн байгалийн баялгийн 86 хувийг хүн амын хамгийн баян 20 хувь нь захиран зарцуулж байна. Харин үлдсэн нь маш бага буюу 14 хувийг нь эзэмшдэг гэсэн судалгааг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс гаргажээ. Ер нь аль ч улс оронд баячууд нь дэндүү чинээлэг, дундаж болон ядуу иргэд нь хэтэрхий дорой амьдарч буй. Манай улсад гэхэд баян, ядуугийн ялгаа нүдэнд илт харагддаг. Ядуус нь насаараа хөдөлмөрлөөд ч баячуудын сарын орлогыг олж чадахааргүй хэмжээнд хүрсэн. Угтаа бол дундаж орлоготой иргэдийн тоо жин дарж байж эдийн засаг тогтворждог, ядуурал буурдаг. Гэтэл баялгийн тэгш бус хуваарилалтаас болж ард олны амьдрал өөдлөхгүй, доройтсоор. Үүний шалтгааныг судлаачид даяаршлын давалгаанд хэт автсантай холбоотой хэмээн тайлбарлаж буй. Энэ нь үнэн, худал эсэхийг дэнслэх гээд үзье. Даяаршлын “дуулал” дэлхийг бүрхэх болсон нь 1990 онтой холбоотой. Социалист нийгэм задран унаснаар салангид байсан тогтолцоо, улс орнууд хоорондоо эв түнжинтэй байхыг эрхэмлэх болсон. Мөн шинжлэх ухаан, технологийн томоохон “тэсрэлт”- үүд гарч, хүний хэрэглээнд хүчтэй өөрчлөлт авчирсан. Тэрчлэн, байгалийн баялаг хомсодсоноос том гүрнүүд бусдынхаа баялагт шунаж, тэдэнтэй ямар ч хамаагүй аргаар ойртохыг чухалчлах болсон билээ.
Даяаршил буюу глобализм нь улс орнууд гадаад худалдаа, бараа, үйлчилгээ, технологи, эдийн засаг болон улс төрийн бодлогын хувьд харилцан хамааралтай болж буй үзэгдэл. Сайн тал нь аль ч орны иргэд орчин үеийн технологийн дэвшил шингэсэн бараа, үйлчилгээг хямд өртгөөр худалдаж авах боломжтой болсон. Гэвч үүний цаана асар их зүйл золиослогдсоныг улс орнууд өдгөө л сэхээрч буй бололтой.
Эдийн засаг, бизнесийн зах зээл хэн бүхэнд нээлттэй байх нь том гүрнүүдэд ашигтай. Тэд давуу талаа ашиглан хөгжиж буй орнуудын зах зээлд дураараа гар дүрж, бялууны хамгийн амттай хэсгийг хүртдэг нь нууц биш. Тухайлбал, байгалийн баялаг ихтэй орнуудын хамгийн баялаг уурхайг том гүрнүүдийн корпорациуд эзэмшиж, “өрөм”-ийг нь хамдаг түүхийг бид өөрсдийнхөө жишээнээс ч харж болно. Хамгийн том гай нь, өдөр тутмын бараа, үйлчилгээгээ гаднаас авч сурсан орнууд олон жилийн дараа өөрсдийгөө тэжээх чадалгүй болдог. Бусдаас хямд үнээр худалдаж авсаар улс орон нь аж үйлдвэрийн дэд бүтэцгүй, иргэд нь ур чадваргүй болдог нийтлэг төрх манайд ч илэрч буй.
Хамгийн наад захын жишээ гэхэд, эрээний хилийг гэнэт хаавал монголчууд хоол, хүнсгүй болно гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Нээрээ л манай улс улаан буудай, төмс, махнаас бусад хүнсээрээ гаднынхнаас хараат байдаг нь үнэн. Импортын бараанд үндэсний үйлдвэрлэл өндийж босохооргүй дарлуулаад олон жилийн нүүр үзлээ. Нэг улс хилээ хаахад монголчууд бид өлбөрөх дээрээ тулна гэдэг сүйрэл. Тэгвэл одоо хэрхэх вэ.
Сүүлийн жилүүдэд улс орнууд бусдаас хараат бус байж, дархлаагаа бэхжүүлэх арга хэмжээ авч эхэлсэн. Тухайлбал, Европын холбооны улсууд бусад орноос эдийн засгийн хувьд хамааралтай байхаас эрс татгалзан, зөвхөн өөрсдөд нь ашигтай байх шаардлагыг нэн тэргүүнд тавьж байна. Нэг хэсэг нь ийнхүү эрх ашгаа бүлгээрээ хамгаалж буй бол зарим нь дангаараа даяаршлын эсрэг зогсох боллоо. Их Британи тус холбооноос гарсан нь бусдын хамаарлаас салж, зөвхөн улс орныхоо эрх ашгийг дээгүүрт тавихыг хүссэн аминч үзэлтэй холбоотой.
Энэ аминч үзлийн залгамж халаа манай хоёр хөршид ч тод илэрч байгаа. БНАХУ гэхэд дотоодын ажиллах хүчний цалинг нэмж, иргэдийнхээ орлогыг дэмжиж, гаднаас импортлох бараанд хатуу хяналт тогтоосон. Харин ОХУ-д дотоодын аж ахуйгаа өөд нь татах “суботник” эрчээ авч байна. АНУ, Европын холбоо тус улсад гадаад худалдааны хориг тавьсан нь тэдэнд харин ч сайхан завшаан болсон бололтой. Тус улсын Засгийн газар дээрх хоригийн хариуд өрнөдөөс загас болон мах, махан бүтээгдэхүүний 60 хувь, жимс, ногоо болон сүүн бүтээгдэхүүний 50 хувийг хориглосон юм. Үр дүнд нь, дотоодын Russian Aquaculture компани энэ жил өнгөрсөн оноос 664 хувь илүү загас нийлүүлсэн байна.
Даяаршлаас хаяагаа хамгаалж, дангаарших бэлтгэлээ хангаж буй өөр нэг том гүрэн бол АНУ. Тус улсын ерөнхийлөгч доналд Трамп сонгуулийн кампанит ажилдаа “америкийг дахин агуу болгоё” гэсэн уриа дэвшүүлсэн нь зүгээр нэг романтик үг биш. Хэдийгээр тус улс даяаршлаас хамгийн их хувь хүртдэг ч түүний сөрөг нөлөөнөөс ч мөн зугтаж чадаагүй. Ер нь даяаршлын буулга хамгийн хүнд тусдаг хэсэг бол энгийн иргэд. АНУ том гүрэн ч иргэд нь хямд хөлстэй цагаачдад ажлын байраа алдсаар амьжиргаа нь уруудсан. Тиймээс зөвхөн америкчуудад зориулсан энэ аминч уриа тэдэнд таалагджээ. Ийнхүү том гүрнүүд үндэстнээ бодсон, эдийн засгийн хувьд хараат бус байх алхмаа хийж, даяаршлын давалгаанаас хөлөө алгуурхан татаж эхэллээ.
Харин даяаршлын шуурганд хамгийн их автсан орны тэргүүнд эгнээнд жагсаж болохоор манай улс хаана явна вэ. Манай улсын аль ч салбарын хамгийн үнэтэй цэнэтэй ажилчид нь гаднын зөвлөхүүд болсон гэхэд хилсдэхгүй. Гаднын инженер, техникийн зөвлөхүүд монгол ажилчнаас 10 дахин их цалин авдаг. Хамгийн их мөнгө эргэлддэг барилгын салбарт ч монголчууд ажлын байраа гаднынханд алдсан. Ингээд бодохоор даяаршлын давалгаанд бид хэт автаж, өөрсдийн үнэ цэнээ аажмаар гээж буй мэт. “Даяаршлын хамгийн гол нь сөрөг нөлөө нь хүний хөгжил. XXI зуунд “дэлхийн хүн” гэсэн ойлголт гарч ирсэн. мэдээлэл, соёлын харилцаа даяаршсанаар өөрийн гэсэн онцлоггүй, соёл уламжлалгүй иргэд бий болсон. Тэдний оюун санаанд улс орноо, үндэстнээ гэсэн үзэл байдаггүй” гэж эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор а.даваасүрэн өгүүлсэн. Тэрбээр “манай ард түмэн бол нүүдлийн соёлтой, онцлог хүмүүс. Гэвч даяаршлын хүчтэй шуурганд монгол хүний мөс чанар, ур чадвар муудсан. Гаднаас бүх юмаа худалдаж авсаар бидний бусдаас тусгаар байх дархлаа алга болж байна. нэн тэргүүнд, хөдөө аж ахуйн нөөцөө зөв ашиглаж, хүнсээ өөрсдөө хангадаг болох хэрэгтэй. Цаашилбал, экспортолж буй түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгож, өртөг нэмбэл ашиг хэд дахин өснө. Мөн монгол хүний үнэлэмж, чадварыг дээшлүүлэхийн тулд боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг хэд дахин нэмэх шаардлагатай” гэв.
Өмнө нь улс орныг хөгжүүлэх гол гарц гэгдэж байсан даяаршлын орон зайг аминч үзэл ханхлуулсан дангааршил гэх ойлголт хүч түрж байна. Үүнийг том гүрнүүдийн сүүдэрт оршдог манай улс ч төрийн бодлогодоо тусгаж, амьдралд хэрэгжүүлэх шаардлагатайг орхиж боломгүй санагдана.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй