"Хамрын үзүүр том байх тусам мөнгө олох чадвартайг илтгэдэг"
ЗГМ: Зочин
Царайнаас мэдээлэл авах үйл явц 30 секунд л үргэлжилнэ
Таны царай таны талаар бүхнийг хэлдэг аж. Зөвхөн эрүүл мэнд төдийгүй давуу болон сул тал, мөнгө олох, бусдад нөлөөлөх чадвар, ажлын амжилт, магадгүй өөрөө ч анзаараагүй явсан зан чанарууд зөвхөн царайны тань цаана нуугдаж байдаг гээд төсөөл дөө. Энэ бүхнийг тайлж уншихын тулд царай унших урлагийг эзэмшсэн байх шаардлагатай. Нэгэнт эзэмшчихвэл өрсөлдөгч, түнш, ажил горилогч хэн нэгний зан чанар, үйлдэл алган дээрээ тавьсан мэт тодорхой байдаг аж. Хүний царайны нууцын талаар уг шинжлэх ухааныг Монголд нутагшуулж буй Ч.Мөнхбаатартай ярилцлаа.
- Царай унших урлаг гэж юу вэ?
-Энэ бол сэтгэл судлалын салбар шинжлэх ухаан. Нийтийн тооллын өмнөх V зуунд үүссэн. Хэн нэгэнтэй ярих, удаан хугацаанд хамт байх шаардлагагүйгээр зөвхөн царайг нь хараад л зан төрх, сэтгэл зүйн байдлыг нь тодорхойлох боломжтой.
Маш их мөрөөддөг хүн байдаг. Мөрөөдөл, төсөөллөөрөө аливааг нэг бүрчлэн тооцоолж, үүнээсээ өөрийн мэдэлгүй суралцдаг хүн байдаг. Гэтэл энэ чанарыг нь дэргэд нь 20-30 жил амьдарсан хүн ч мэддэггүй. Тэгвэл хүний царай энэ бүх давтагдашгүй онцлогийг илэрхийлдэг. Царай уншиж сурсан хүн зөвхөн зураг хараад л тэр хүний талаар бүхнийг хэлж чаддаг.
-Үнэнд ойртох магадлал хэдэн хувь бэ?
-Эртнээс нааш хүн төрөлхтөнд нэг чухал төрөлхийн хэрэгцээ байсан нь танин мэдэх. Өөрийгөө, бусдыг, аливааг танин мэдэх хэрэгцээ дуусашгүй, үргэлжилдэг. Царай уншилтын шинжлэх ухаан үүнд тулгуурлан хөгждөг. Энэ шинжлэх ухааны дагуу хүний зан төрх, ухамсарт бус сэтгэлгээг 68 үндсэн шинжид ангилдаг. Энэхүү шинж төрхүүд хүний царайтай яаж холбогддогийг тогтоох судалгааг 1950-аад оны үед хийсэн. Санамсаргүй аргаар 1050 хүнийг туршихад царай, зан төрхийн нийцэл 95-аас дээш хувьтай гарсан. Үүнээс бид юу гэж ойлгох вэ гэхээр хүний зан төрх зүс царайтай нь маш их холбоо хамааралтай.
-Сайхан царайтай хүн сайхан зан төрхтэй гэж ойлгож болох уу?
-Шууд тэгж ойлгож болохгүй. Энэ ойлголт царайны зөв бүтцэд илүү хамааралтай.
-Үндэстэн бүрийн царай өөрийн гэсэн онцлогтой. Тэгэхээр энэ нь нийтлэг зан төрхийн толь гэсэн үг үү?
-Үндэстний онцлог мэдээж нөлөөлөлгүй яах вэ. Орчин, зан төрхөөс шалтгаалж царай нь хувьсаж өөрчлөгддөг. Тухайлбал, Монголчууд дугуй царайтай, навтгар хамартай, бөөрөнхий эрүүтэй. Тиймээс нямбай, зочломтгой, сайхан сэтгэлтэй, өгөөмөр зан царайных нь цаана харагддаг. Европчуудын нүүрний хэлбэр бол илүү нарийн, өтгөн хөмсөгтэй, хөмсөг нь нүдэндээ ойрхон гэх мэт өөр шинжүүд илэрдэг. Үүний цаана түргэн зантай, тооцоотой ханддаг нийтлэг зан төрх байгаа юм.
-Царай унших онолыг эзэмшсэн хүн ямар давуу талтай болох вэ. Юунд ашиглаж болох вэ?
-Ажил, амьдрал, бизнес гээд бүхий л хүрээнд хүнтэй ямар нэг байдлаар харилцдаг. Ингэхдээ харилцагчдаа нөлөөлөх, удирдах, хүсэл зоригоо хэрэгжүүлэх гэх мэт тасралтгүй хэрэгцээ бий. Гэтэл энэ хэрэгцээ зайлшгүй бусдаас хамаардаг. Царайнаас мэдээлэл авах үйл явц 30 секунд л үргэлжилнэ. Тэр тусмаа даяаршсан эрин зуунд асар богино хугацаанд нэг нэгнээ танин мэдэх зайлшгүй шаардлагатай болж байна. Энэ онолыг эзэмшсэнээр тухайн хүнийг анх харах агшиндаа миний хэлснийг тэгж хүлээж авна гэх зэрэг хариу үйлдлийг нь даруй тооцоолж чаддаг болох юм. Эсвэл магадгүй эргэн тойрны хэн нэгэн нь уцаарлавал шалтгааныг нь ойлгож, үл ойлголцлыг гэтэлж гарах боломжтой. Тэгэхээр хүмүүс хоорондын харилцааг илүү хялбаршуулж байгаа юм.
-Царайг нь уншаад тухайн хүний талаар юу мэдэж авах боломжтой вэ?
-Хүнд ухамсарт бус сэтгэлгээ буюу өөрийн эрхгүй хийдэг үйлдэл бий. Чоно өөрийн эрхгүй мах иддэг шиг. Мөн тухайн хүн гаднын нөлөөнд ямар хариу үйлдэл үзүүлэх, бусад мэдээлэл буюу тухайн хүний зан ааш, өнгөрсөн үеийн сэтгэл зүйн байдал нь ямар байсан, хүнд хэр зэрэг уурлаж, гомддог юм бол, ямар хандлагатай вэ гэх мэт мэдээллийг авах боломжтой.
Хүний царай, зан төрхийн нийцэл 95-аас дээш хувьтай гарсан
-Ажил хэрэгч хүмүүст эзэмшвэл зохих чадвар шиг санагдлаа. Энэ ярилцлагыг уншиж байгаа хүн үйл ажиллагаандаа хурдан хэрэглэх юмсан гэж хорхойсож байгаа байх?
-Энэ онолд маш хурдан хугацаанд суралцах боломжтой. Царай унших чадварыг хүн 2-3 долоо хоногт л мэдэх боломжтой гэдгийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд би судалж мэдлээ. Ялангуяа, бизнес, улс төрийн хүрээнд, байгууллагын хүний нөөцөд энэ онолыг маш өргөн хэрэглэдэг. Анкет дээрх чээж зургийг нь хараад л тохирох ажлын байранд нь хуваарилна гэдэг маш чухал. Хүний нөөцийн салбарт 2003 оноос эрчимтэй хэрэглэх болсон.
-Сэтгэл зүйн сорил авч байж тохирох ажлын байранд нь хуваарилна гэхгүйгээр шууд царайг нь хараад л шийдчих юм байна. Тийм үү?
-Яг тийм. Буруу ажил олголтоос болж компаниуд маш өндөр алдагдал хүлээдэг. АНУ-ын Төрийн департамент 2003 онд тайландаа буруу ажил олголтоос болж үүссэн алдагдал нь нийт орлогынх нь 30 хувьтай тэнцэж байсныг мэдээлсэн. Үйл ажиллагаа нь тогтвортой явагддаг төрийн албанд ийм хүчтэй нөлөөлж байна шүү дээ. Тэгэхээр бизнесийн байгууллагад шууд нөлөөлнө гэсэн үг. Мөн жилийн бараа эргэлт нь 150 тэрбум ам.доллараар хэмжигддэг нэгэн цахим худалдааны сайтын үүсгэн байгуулагч эрхэм буруу ажил олголтоос болж ойролцоогоор 120 орчим сая ам.долларын алдагдал хүлээснээ хэлсэн. Үндсэндээ царай уншилтын шинжлэх ухаан бизнесийн үйл ажиллагаанд ямар чухал вэ гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм.
-Хүний нүүрэнд зан төлөвийг нь илтгэх хэчнээн элемент байдаг вэ?
-Нэг шинжээс нь гэхэд л маш олон мэдээлэл авах боломжтой. Зөвхөн хамрын нүх нь гэхэд хандлага, дуртай зүйл, шинж чанарыг нь илтгэдэг. Би өөрийн явуулдаг VIP сургалтдаа хүний нүүрийг 150 шинжээр унших чадварыг заадаг юм. Үүгээр шинжихэд зан төрхийг нь 95-аас дээш хувийн магадлалтай тодорхойлж чадна. Нэгхэн шинжийг нь хараад хэлсэн ч болно. нүүрний эд эрхтэн, элемент бүр өөр өөр зүйлийг илэрхийлдэг. Чих бол суралцах хурд, мэдээлэл хүлээж авч боловсруулах үйл явцыг, дух бол сэтгэл зүйн онцлог, нүд бол тэр чигтээ сэтгэлийн толь, хамар нь мөнгө санхүү, чадавхыг, ам бол орчин тойронтойгоо харьцах чадварыг илэрхийлдэг.
-Монголчууд навтгар хамартай гэхээр мөнгө санхүүгийн ямар утга явж байгаа гэсэн үг вэ?
-Навтгар хэсэг нь биш үзүүр хэсэг нь мөнгө санхүүтэй холбоотой байдаг. Хамар ерөнхийдөө том байх тусмаа санхүү, ажил хэргийн хувьд маш чадавхтай, удирдах албан тушаалд хамгийн тохирох хүмүүс байдаг. Мөн монголчуудад хамгийн түгээмэл ажиглагддаг шинж бол нүд, хөмсөг хоорондын зай нь хол. Зай хол байх тусмаа аливаад нягт нямбай, ул суурьтай, сонголт хийхдээ няхуур, цөөхөн найзтай байх хандлагатай, мэдээллийг маш сайн боловсруулж байж ашигладаг, хийхээсээ өмнө хөндлөнгөөс маш их нягталж, ажиглаж байж хийдэг шинж төрхийг илтгэдэг.
-Үрчлээ мэдээж өөрийн гэсэн өгүүлэмжтэй байх?
-Тийм ээ. Хүмүүсийн үрчлээ ямар нэг байдлаар ондоо, дахин давтагддаггүй. Хүний нүүр бол тэр чигтээ булчин. Энэ булчингууд яаж ажиллана тэр хэрээр хөгжил хүний нүүрэнд явагддаг. Хүн худлаа инээхэд амны эргэн тойронд ойролцоогоор 2-3 төрлийн булчин ажилладаг. Үнэнээсээ инээхэд 12 булчин ажилладаг. Шинжлэх ухааны үндэслэл нь ердөө энэ. Ярвайгаад л байвал ам нь унжина, инээгээд байвал дээшлээд л байна шүү дээ.
-Аньсаганы үрчлээг инээд муутай хүний шинж гэдэг нь үнэн байх нь. Монголчуудын хүний царайг таних чадвар уламжлалд нь хэр зэрэг туссан байдаг вэ?
-Монголчууд зөн совинтой, мэдрэмж өндөртэй. Аливаа зүйлийн мөн чанарыг таних чадвар сайтай. Нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой хүүхэд, шар хүн шартайдаа, зовхи нь өөдөө монголчууд гээд л ярьдаг, өөрсдийгөө. Энэ бүхэн бол бид хүний шинжийг харж сурсан гэсэн үг. Гэхдээ хүнээс илүү морь, малаа маш сайн шинждэг шүү дээ. Тиймээс нүүр унших шинжлэх ухааныг бодитой гэдгийг нь монголчуудын аж амьдрал харуулж буй хэрэг.
-Ажил хэргийн шугамаар уулзаж байгаа хүнийхээ юуг хамгийн түрүүнд шинжих хэрэгтэй вэ?
-Хамар, ам, дух, чих, нүднээс ерөнхий мэдээлээ авч, яаж харьцахаа түвэггүй шийдчихэж болно. Энэ хүн ийм зан төлөвтэй учраас ингэж хэлбэл таалагдахгүй. Тиймээс ингээд хэлье гэх зэргээр тодорхойлчихно. Царайнаас мэдээлэл авах үйл явц ихдээ 30 секунд л үргэлжилнэ.
-Эсрэгээрээ, өөрийнхөө талаарх сөрөг мэдээллийг халхалж болох уу?
-Тэмээ гэдгэрээ мэддэггүй гэдэг. Хүн сул талаа тэр бүр олж хардаггүй. Өөрийн эрхгүй уурладаг, дотроо бодолхийлж, шаналдаг бол сул талаа мэдэхгүй байгаагийн шинж. Энэ шинжлэх ухааныг судлахад өөрийн сул болон давуу талыг мэддэг болно. Сул талаа мэддэг байна гэдэг маш том давуу тал. Ядаж л тийшээ чиглэсэн цохилтод өгөх хариу няцаалтыг тооцоолж болно. Алган дээрээ тавьсан мэт л харах боломжтой.
-Амжилттай бизнесмен, улстөрчдийн нүүрний ерөнхий шинжид адил тал байдаг уу?
-Энэ шинж нь үрчлээн дээр тод харагддаг. Зан төрхийн нийтлэг тал ч бий. Дух болон цохны үрчлээ хүний сэтгэн бодох чадварыг харуулдаг. Өөрөөр хэлбэл, тэр орчмын булчин яаж хөгжсөн байна вэ гэдгээс шалтгаалдаг.
-Энэ шинжлэх ухаанаар харахад монголчуудын сул тал юу вэ?
-Эрт дээр үеийн хүний царай төрхийг харахад уужуу тайван, аливаад удаан тал анзаарагддаг. Одоо бол түрэмгий аястай болсон. Цаг үеийн шилжилтийн байдал үүнд нөлөөлсөн. Энэ бол хувьслын явцад бий болохоос гадна булчингийн хөгжилд нөлөөлдөг үйл явц шүү дээ. Хүний царай бүх л амьдралынх нь турш 13 удаа хувьсаж өөрчлөгддөг.
• Царай унших чадварыг хүн 2-3 долоо хоногт л мэдэх боломжтой.
• Стив Жобс хувийн амьдралдаа маш мэдрэмтгий, гомдож явдаг байсан нь харагдаж байна.
• Нүүрний эд эрхтэн, элемент бүр өөр өөр зүйлийг илэрхийлдэг.
-Уужуу магнайтай хүн ухаантай, чихнийх нь омог том байх тусам буянтай гэх зэргээр ярьдаг. Энэ бүхэн шинжлэх ухааны хэр үндэслэлтэй вэ?
-Царай уншилтын шинжлэх ухаанд гурван хүчин зүйл маш том нөлөө үзүүлсэн. Энэ бол шашин, соёл, улс төрийн нөлөө. Үүний улмаас эрт үед уг салбар шинжлэх ухаан гол мөн чанараасаа их хазайсан. Чихний гэдэс цүдгэр, омог том байх тусам буянтай гэж ярьдаг. Дээр үед бурхны шашны лам нар том, хүнд ээмэг зүүдэг байснаас чих нь суначихдаг байж. Тиймээс өөрсдийн эрх ашигт нийцүүлэн зэрэг дэвээ өндөрсгөх, бусдаас ялгарах зорилгоор буянтай, бурханлаг хүний шинж гэх хазгай ойлголт өгсөн нь өнөө хэр явж байна. Гэтэл бодит байдал дээр дотоод сэтгэхүйдээ анхаардаг хүний чихний омог том байдаг.
-Хүүхдийнхээ мөн чанарт тохирсон ажил мэргэжил сонгохын тулд багаас нь 5-6 дугуйланд явуулдаг, тэгж байж хүүхэд өөрийгөө олно, зөв мэргэжил сонгоно гэж найддаг эцэг эх олон. Хүүхдийг хэдэн настайд нь шинжвэл зан төрхөд нь тохирох мэргэжил олох вэ?
-Боломжтой. Царай төрх удамшлын мэдээлэл, өсөж байгаа орчны нөлөөллөөс бүрддэг. Нялх байхад нь удамшлын мэдээлэлд нь тулгуурлан зан төрхийг нь гаргаж, тохирох мэргэжилд нь ойртуулж болно. Заргач удамтай бол тэр нь үе дамжаад л царайнд нь илрээд явдаг. Ерөнхийдөө таваас дээш насанд царай, зан төрх нь тогтворжиж ирдэг.
-Таны яг ард талын ханан дээр Стив Жобсын нүүрний зүүн тал нь гарсан зураг байна. Энэ хэсэг нь танд ямар мэдээлэл өгөх нь сонин байна?
-Нүүрнийх нь энэ хэсэгт хувийн амьдрал нь харагдаж байна. Дотроо маш их зүйл бодож явдаг. Бусдаас илүү би ингэсэн болов уу, тэгчихсэн юм биш биз гэсэн бодол тээдэг нэгэн байж. Хувийн амьдралдаа маш мэдрэмтгий, гомдож явдаг. Нөгөөтэйгүүр, аливааг маш хурдтай хийдэг, суралцдаг. Хамт ажилладаг хүмүүс нь гүйцдэггүй л байсан болов уу. Маш бие даасан, ажилсаг юм. Энэ шинжийг нь хийсэн ажлаас нь хүн бүр одоо харж байгаа байх. Мөн асар түргэн ууртай ч хурц ухаантай. Хүний юу ярихыг тооцоолж, яриаг нь тасалж чаддаг. Амных эргэн тойрныг харахад хүнд нөлөөлөх маш өндөр чадвартай. Төрөлхийн хүнд итгэн үнэмшүүлэгч. Тэмээг ямаа гэж итгүүлэх чадвартай. Энэ хүний үрчлээнээс ажилдаа л анхаарал хандуулахаас хувийн амьдралаа анхаарч чаддаггүй байсныг нь харж болно.
-Та Стив Жобсын талаар хэр мэдэх вэ. Бүрэн цадигийг нь уншиж байсан уу?
-Ерөнхийдөө хүн бүр л мэднэ шүү дээ. Миний хувьд онцолж бол судалж, уншиж байгаагүй юм байна. Гэхдээ би сая маш товчхон л ярилаа. Дэлгэрэнгүй ярих юм бол маш их зүйл өгүүлдэг. Тухайн хүний өөрөө ч мэдэхгүй онцлог шинжүүд гарч ирнэ.
-Та ярианыхаа эхэнд царай унших урлагийг улс төрийн салбарт өргөн хэрэглэдэг тухай хэлсэн. Аль улс орон түлхүү хэрэглэдэг вэ?
-Америкт бол өндөр түвшинд хөгжсөн. Мөн хятад, энэтхэг, Европын олон оронд ашиглаж байгаа. БНСУ гэхэд 2013 онд Умард солонгосын удирдагч Ким Жөн Уны царайнд зан төрхийн шинжилгээ хийснээ Yonhap агентлагаар дамжуулж нийтэлж байсан. Тэгэхээр Өмнөд солонгос бас хэрэглэдэг байжээ гэсэн үг. Улстөрчид ялангуяа сул талаа далдлахын тулд царай уншилтын зөвлөх мэргэжилтэнтэй байдаг. Бизнесийнхэн ч гэсэн түншийн харилцаагаа өргөжүүлэх, гэрээ хэлэлцээр амжилттай хийх гээд маш өндөр түвшинд ашиглагддаг.
-Нүүрний царай төрх сонгуулийн үр дүнд нөлөөлдөг үү?
-Тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Жирийн хүн харахад итгэж болох царай гэж бий. Хөмсгөө зангиддаг хүнийг анх харахад сүрдмээр, хүчирхэг зан төлөв харагддаг. Эсрэгээрээ, хөмсөг нь өргөгдсөн бол гэнэн итгэмтгий, хүүхдэрхүү харагддаг. Хэдийгээр хүн бүр царай уншдаггүй ч энэ бүх элемент хүнд сэтгэгдэл төрүүлдэг. Шийдэмгий харцтай бол үнэхээр хүчирхэг хүн байна гэж бусад хүн хүлээж авдаг тул сонгуульд ялах магадлал өндөр.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй