Ээлжит бус чуулган өнөөдөр хаалтаа хийнэ

Засгийн газар


Ардчилсан намын бүлгийнхэн УИХ-ын даргад шаардлага хүргүүлэв

УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр нээлтээ хийж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлыг хэлэлцэв. УИХ-ын дарга М.Энхболд нээлтийн үгэндээ “2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-д ард түмэн асар их итгэл хүлээлгэсэн. Сонгуулийн өмнөхөн Монгол Улсын эдийн засаг 1.6 хувь агшиж, төсвийн алдагдал 1.2 их наяд төгрөг байсан. Өнгөрсөн хугацаанд ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр Монгол Улсын санхүү, эдийн засгийн суурь үзүүлэлт сайжирч, гадаадын хөрөнгө оруулагчдын манай улсад итгэх итгэл нэмэгдсэн. 2017 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн бодит өсөлт 5.3 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс дөрвөн нэгж хувиар өссөн байна. Эдийн засаг сэргэх энэхүү байдал нь өөрөө аяндаа бий болоогүй. Энэ бүхэн төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулж, орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох, сахилга хариуцлагыг чангатгах, зарлагын үр ашгийг дээшлүүлэх тал дээр гаргасан бодлогын шийдвэр амжилттай хэрэгжсэний үр дүн” гэв. Тэрбээр УИХ-ын гишүүн бүр асуудалд нухацтай, хариуцлагатай хандан төр засаг тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлэн улс орны өмнө хүлээгдэж буй нийгэм, эдийн засгийн илүү чухал асуудалд УИХ анхаарч ажиллах ёстойг сануулсан юм.

Гэвч МАН-ын бүлэг УИХ-ын Тусгай хяналтын дэд хороог хуралдах хүртэл тодорхойгүй хугацаагаар завсарлага авав. Учир нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнасан, чагнасан асуудлыг тодорхой болгохын тулд УИХ-ын Тусгай хяналтын дэд хороог хуралдуулах санал гаргасан юм. Тэрбээр “Наймдугаар сарын 22-нд энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд албан бичгээр хүсэлтээ хүргүүлээд байгаа. Мөн есдүгээр сарын 1-нд Тусгай хяналтын дэд хороонд дээрх асуудлыг хэлэлцэн, үүссэн нөхцөл байдлыг тодорхойлж өгнө үү гэдэг хүсэлт гаргасан. Ерөнхий сайдыг огцруулах, эсэх асуудлаар УИХ ямар ч шийдвэр гарсан Ерөнхий сайд, Шадар сайд нарын нэр холбогдоод буй асуудлыг эцэслэх ёстой” гэв.

УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооны гишүүд Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнасан, чагнасан асуудалд Ерөнхий сайд холбоотой, эсэхийг шалгаж өгөх хүсэлттэй танилцаж байгаа гэсэн шалтгаанаар хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын даргад анхааруулга хүргүүллээ. Тус анхааруулгад УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг хуулийн хугацаанд шийдвэрлэхийг шаарджээ. Харин хэлэлцэхгүй бол Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Цэцэд хандаж, УИХ-ын даргад хариуцлага тооцох нөхцөл байдал үүсэхийг сануулсан байна.

УИХ-ын даргын захирамжид зааснаар ээлжит бус чуулган өнөөдөр хаалтаа хийнэ.

САНАЛ БОЛГОХ