Хэтийдсэн баясал буюу “согтуу” үрс

Нийтлэлчийн булан


Хөнгөн зугаа мэт санагдах таны үйлдэл хүүхдийн тань амь насанд хүрэх вий

Нэгэн танил ах маань спиртийн дутагдалд “орчихсон” хүүхдүүдийн талаар өхөөрдөл, гайхширал хослуулан ярив. Дүүгийнх нь зургаагаас доош настай дөрвөн хүүхэд баяр ёслолоор томчуудын дэргэд архи нэхээд зогсчихдог аж. “Бусад хүүхэд амандаа ойртуулахдаа л огиулж байхад сайх дөрөв юу ч болоогүй юм шиг уучихдаг” гэв. Би гайхан “Арай ч дээ. Гэхдээ цагаан архи биш биз дээ” хэмээн лавшруулан асуутал “Цагаан архи. Дарс энэ тэр бол цаашаа шүү дээ” хэмээн хэнэггүйхэн хариуллаа. Мэл гайхаж, цэл хөхрөв. Гэртээ найз нөхдөө урьж, баяр ёслол хөл хөөртэй тэмдэглэж байхдаа бага насны хүүхдэдээ дарс, шар айраг гэмгүйхэн амсуулчихдаг аав, ээж цөөнгүй бий. Хүүхдийнх нь царайд улаа бутарч, инээдээ барьж ядах нь томчуудад өхөөрдөм санагддаг болоод тэр биз.

Түүнээс биш угжнаасаа гараад удаагүй байгаа хүүхдэдээ согтууруулах ундаа өгнө гэдэг ямар ч эрүүл ухаантай хүний санаанд багтахгүй үйлдэл. Гэтэл хүүхдийн сониуч авир эцэг, эхийн хэнэггүй зантай нийлэхээрээ ирээдүйгээ спиртээр “угжих”- аас ч сийхгүй болж буйг илтгэх жишээ амьдралд олон болж. Барин тавин гаргаад ирэх тоон мэдээлэл байхгүй ч олон хүн ийм явдлын гэрч, оролцогч болж байсан нь эргэлзээгүй.

“Өхөөрдөм санагддаг учраас” гэдэг үг бага насны хүүхдэд нэг балга шар айраг, тал стакан дарс уулгах шалтгаан биш. Харин ч хүүхдийн эрхийг зөрчиж буй ноцтой үйлдэл. Хүүхэд 21 буюу согтууруулах ундаа хэрэглэх насанд хүрээгүй л бол архи, түүнтэй төстэй бүтээгдэхүүн хэрэглэх, түүнд худалдах, үйлчлэхийг хуулиар хориглодог. Үүнийг зөрчсөн хүн эрүүгийн хариуцлага хүлээхээр хуульчилсан.

Нөгөөтэйгүүр, өөрсдөд нь хөнгөн зугаа мэт санагдах эл үйлдэл нь хүүхдийн сэтгэл зүй, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна, согтууруулах ундааг зохисгүй хэрэглэх суурь шалтгаан болдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.

БОГИНО ХУГАЦААНД НАС БАРАХ ЭРСДЭЛТЭЙ

Саяхан АНУ-д дөрвөн настай охин дарсанд хордож, нас баржээ. Хоосон лонхны дэргэд ухаангүй хэвтэх охиныг ээж нь эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч амь насыг нь аварч чадаагүй. Хүүхдийн цусан дахь сахрын хэмжээ бага байдаг тул тархинд хангалттай глюкоз очиж чаддаггүй аж. Нарийн судсаар нь урсаж буй цусан дахь сахрын хэмжээ хэт багасах нь үхэлд хүргэдэг байна. Өөрөөр хэлбэл, хүүхдийн зүрхний цохилт нь хурдсаж, цусны даралт нь унаж маш богино хугацаанд нас бардаг аж. Гэтэл алаг дэлхийг тэмтчих хөл нь солбицож, төрсөн эцэг, эхээ хоёр харж байгаа хүүхдүүдээ өхөөрдөж, баясна гэдэг тэнэгийн туйл, мунхгийн харанхуй гэлтэй.

Монголойд төрлийн шар арьстнуудад архийг бүрэн задалж, боловсруулах фермент төрөлхөөс байдаггүй. Уугуул америкчууд шиг архинд донтох, гүнзгий хордох эрсдэл өндөр байдаг аж. Үндсэндээ цагаан арьстнуудаас үүгээрээ ялгаатай. Тиймээс ч согтууруулах ундаа хэдий чинээ эрт хэрэглэж үзнэ архинд донтох магадлал төдий чинээ өндөр байдаг. Дэлхийн зөн болон Архидалт, мансуурлын эсрэг нийгэмлэгийн 2010 онд хийсэн судалгаагаар 12-17 насныхны 70.6 хувь нь 12-оос доош насандаа архи, согтууруулах ундаа хэрэглэж үзсэн гэж хариулсан байна. Тэдний ердөө 16 хувь нь архины хор хөнөөлийн талаар тодорхой хэмжээгээр мэднэ гэдгээ илэрхийлсэн байна. Харин 2016 онд явуулсан Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа, ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийн судалгааны үр дүнгээр сурагчдын 43.3 хувь 14-өөс доош насандаа согтууруулах ундаа хэрэглэж байсан талаар НЭМҮТ- ийн мэргэжилтэн С.Гэрэлмаа ярилаа. Гэтэл 21 нас хүрээгүй байхдаа архи хэрэглэж эхэлбэл архаг архичин болох магадлал зөвшөөрөгдсөн насандаа хэрэглэсэн хүмүүсээс дөрөв дахин өндөр байдаг аж.

• Эцэг, эхээ хоёр харж байгаа хүүхдээ өхөөрдөнө гэдэг мунхагийн харанхуй.

• Хүүхдийн цусан дахь сахрын хэмжээ бага байдаг тул тархинд хангалттай глюкоз очиж чаддаггүйгээс богино хугацаанд нас бардаг.

• Нас нь нэмэгдэх тусам архины хор хөнөөл, биед үзүүлэх нөлөө, гарч болох сөрөг үр дагаварын талаар тайлбарлах хэрэгтэй.

АНХНЫ СЭТГЭГДЭЛ ХАМГИЙН ХҮЧТЭЙ

Сэтгэлзүйч Б.Баярцэнгэл “Та хүүхдэдээ нэг удаа архи, согтууруулах ундааны зүйлийг саваагүй, хошин байдлаар санал болгож байгаа нь үндсэндээ сургалтын хөгжилтэй арга. Тэгэхээр хүүхэд архи уухыг хөгжилтэй зүйл гэж ойлгоно. Хэзээ ч жигших ёстой гэж ойлгохгүй” хэмээв. Бага насны хүүхдэд сууж бие засах үйлдлийг 10-аас дээш удаагийн оролдлогын үр дүнд сурдаг. Тэгсэн атлаа хожим нь эл үйлдлээ хийхдээ хамгийн анхны буюу идэвхтэй оролдлогуудаа санаж гүйцэтгэдэг аж.

Ерөөс хүүхдийн аливаа зүйлийг сурах, түүнийг өөртөө үнэмшүүлэх хамгийн идэвхтэй үе бол 3-5 нас гэж мэргэжилтнүүд үздэг байна. Энэ үедээ ээж, аавынхаа дуу хоолойн эмоци, бусдад хандах хандлага, уурлах, баярлах гэх мэт сэтгэл хөдлөл, нийгмийн амьдралд оролцох хэв маягийг суралцаж, өөриймшүүлж эхэлдэг байна. Тиймээс гэр нь бохир байвал хүүхэд нь багаасаа энэ байдлыг мэдэрч, хар үгээр хэлбэл залхуу хойрго нэгэн болно гэсэн үг. Тэгэхээр оргилуун дарс, шар айраг өгсөн нь зугаа төдий зүйл биш болоод хувирах нь. Нөгөөтэйгүүр, амтлах мэдрэмж тархинд нөлөөлнө. Ялангуяа, архи, дарс аз жаргалын даавар ялгаруулдаг бөгөөд хүүхдийн мэдрэмж асар хурдацтай хөгжиж байгаа тул яагаад ч баясмаар зүйл биш гэдгийг Б.Баярцэнгэл учирлалаа.

Хэдийгээр цаг үе өөрчлөгдөж байгаа боловч эцэг, эх гэдэг үр хүүхдээ нийгмийн муу муухайгаас хамгаалах үүрэгтэй. Тиймээс аваар осол, хамгаалалтгүй бэлгийн харилцаа, дээрэм, донтолт зэрэг эрсдэлээс хамгаалахын тулд архины зохистой хэрэглээг ойлгуулах хэрэгтэй баймаар. Нас нь нэмэгдэх тусам архины хор хөнөөл, биед үзүүлэх нөлөө, гарч болох сөрөг үр дагавар болон ядаж л хэдэн нас хүрээд согтууруулах ундаа хэрэглэж болох талаар хүүхэд тань мэддэг байвал архийг зохистой хэрэглэнэ. Угтаа ойлгуулна гэдэг хар багаас нь “угжаад” байхын нэр биш.

Эцэст нь хэлэхэд, монголчуудын баясаж цэнгэх багадаагүй. Гэхдээ балчир үрсдээ иссэн сархад балгуулчихаад баясаж суух нь эргээсээ хальж, савнаасаа сагасан цэнгэл гэлтэй.


САНАЛ БОЛГОХ