Workcentral Coworking Space: Ажлын байргүй ажил, төсөл гүйцэтгэгч нарт дундын оффис санал болгож байна
Сүүлийн зургаан жилийн хугацаанд дотоодын оффисын барилгын нийлүүлэлт эрчимтэй өсөж, оффисын түрээсийн зах зээл жилд дунджаар 20 орчим хувиар нэмэгдэж байгаа талаар “Remax” компани мэдээллээ. Хэдий тийм боловч нийлүүлэлтийн илүүдэл бий болж, худалдан авах чадвараар баталгаажсан эрэлт буурч байгаагаас оффисын түрээс, борлуулалтын зах зээл харьцангуй сул байна.
Харин уламжлалт түрээсийн оффистой харьцуулахад илүү уян хатан нөхцөлтэй “Coworking Space” буюу дундын нээлттэй зургаан оффис Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа аж. Ажлын байргүй, эсвэл байнгын ажлын байрны шаардлагагүй, гарааны бизнес эрхлэгч болон улирлын чанартай ажил, төсөл гүйцэтгэгч нарт зориулсан энэхүү үйлчилгээ нь 8-50 ам метр хүртэлх оффисын зориулалттай талбайг санал болгодог гэж “Workcentral Coworking Space” компаниас мэдээллээ. Тус компани Сингапур улсад 2015 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотод албан ёсоор салбараа нээгээд байна. Оффисуудын хувьд ашиглах талбайгаас шалтгаалан 100 мянгаас 600 мянган төгрөгийн хооронд үнэтэй ажээ.
“Coworking Space” буюу дундын оффис гэх ойлголт анх 2005 онд АНУ-ын Сан Франциско хотод эхлэл нь тавигдсан бөгөөд 2015 оноос хойш эрчимтэй хөгжиж, 88 оронд 1108 нээлттэй оффис ажиллаж байна. Монгол Улсад нээлттэй оффисын үйл ажиллагааг хамгийн анх Мэдээлэл технoлoгийн үндэсний паркийн дэргэд нээжээ. Мөн сүүлийн үед залуусын ихээр очдог “Club Coworking Office” онлайнаар хянах боломжтой системээр үйл ажиллагаагаа эрхэлдэг гэж мэдээллээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй