Ядуурлын ужиг шалтгаан

ЗГМ: Сэдэв


Ажилгүй иргэдийн 59.1 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын цахим сайтад 350-1.5 сая төгрөгийн цалинтай их эмч, орчуулагч, архитектор, худалдагч, барилгын туслах, сантехникч, гагнуурчин, жолооч гээд 216 ажлын байр нээлттэй зарлажээ. Ажил хайж хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн иргэний тоо өнгөрсөн долдугаар сарын байдлаар 37.5 мянгад хүрчээ. Хамгийн сонирхолтой нь, бүртгүүлсэн ажилгүй иргэдийн 59.1 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Эндээс харахад, жингийн туухайны нэг талд ажилгүйдэл нэмэгдэж, нөгөө талд ажлын байр эзэнгүйджээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй төрийн болон хувийн өмчийн 100 орчим их, дээд сургуульд 160 гаруй мянган оюутан суралцаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан судалгаагаар жилд 30-40 мянган оюутан сургуулиа дүүргэдэг ч ердөө гуравны нэг нь эзэмшсэн мэргэжлээрээ ажилладаг аж. Хөдөлмөрийн биржид уул уурхай, барилгын салбарт хамгийн олон ажлын байрны захиалга ирдэг ч сонирхох хүмүүс цөөн байдаг талаар албаны хүмүүс хэлж байна. Эндээс харахад, Монголд ажилгүйдэл газар авах бус, харин Монгол Улс ажилчин ангийн хомсдолд орсон гэж хэлж болохоор байна. Арга ч үгүй биз.

Дээд боловсрол эзэмшчихээд хэн ажилчин ангийн эгнээнд шилжихийг хүсэх билээ. Энэ бол хөдөлмөрийн салбарын томоохон гажуудал юм. Үүний цаад шалтгаан нь ердөө мэргэжил сонголттой холбоотой. Нөгөөтэйгүүр, дээд боловсролгүй л бол хүн биш болчих мэт нийгмийн сэтгэлгээ бий болсон нь асуудлын гол зангилаа.

Түүнчлэн Монгол Улсад их, өөрчлөгдөж, ажил олгогчид техник, технологийн үсрэнгүй хөгжлийг дагаж, инновацид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг түлхүү сонирхож байна. Ингэснээр энэ чиглэлээр төгссөн боловсон хүчний эрэлт хэрэгцээ бий болоод буй. Гэтэл гурван жилийн өмнөх судалгааг шинэчлэхгүй, эрэлттэй 40 мэргэжил хэдэн он хүртэл хүчинтэй талаарх нарийвчилсан тооцоо хийгээгүй байгаа нь нэг талаар учир дутагдалтай. Уг нь мэргэжлээ сонгож буй сурагчид нэн түрүүнд өөрийн хүсэл эрмэлзлээ тодорхойлж, тухайн мэргэжлээр сурвал ажлын байр байгаа эсэх, хэдэн төгрөгийн цалин авах зэргээ судалж, эцэстээ чадварлаг боловсон хүчин болж бэлтгэгдэх учиртай. Гэтэл хүний нүдэнд үзүүлэх дипломтой л байвал хамаагүй гэж ханддаг нь юм. Тодруулбал, ажиллагсдын тоо 2016 оны дөрөвдүгээр улиралд 1.1 сая болж, өмнөх оны мөн үеэс 6.1 хувиар өссөн байна. Гэтэл ажилгүйчүүдийн эгнээ өдөр ирэх тусам тэлж, хөдөлмөр эрхлэх сонирхолтой хүмүүсийн тоо буурч байгааг доорх тоон үзүүлэлтэд харуулжээ. Жишээлбэл, Хөдөлмөрийн биржид бүртгэлтэй ажилгүйчүүдээс ажилд орсон иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 26 хувиар буурсан байна. Тэр дундаа, “хар ажил” хийх сонирхолтой хүмүүс байхгүй болсныг тус тайланд дурджээ.

Үүнээс болж нийгэмд хуульч, эдийн засагч, нягтлан бодогч, санхүүч зэрэг мэргэжлээр боловсон хүчин илүүдэж, жинхэнэ эрэлттэй байгаа малын эмч, бага ангийн багш, геологич зэрэг бусад нарийн мэргэжлээр суралцах оюутнуудын квотыг тогтоодог ч үнэн хэрэгтээ байдал өөрчлөгдөөгүй л байна.

Гэхдээ ажилгүйдэлд ажил олгогчид ч бас буруутай. Хөдөлмөрийн биржид хандаж байгаа иргэдийн хэлж буйгаар ажил олгогчид ажлын байрны шаардлагыг хэт өндөр тавьдаг аж. Тухайлбал, хамгийн багадаа хоёроос дээш жил ажилласан туршлагатай байх, 35-аас доош настай, англи хэлний мэдлэгтэй байх зэрэг шаардлага тавьдаг нь дөнгөж сургуулиа дүүргэсэн горилогчдын хувьд том бэрхшээл болдог байна. Ажилгүй иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь ядуурлын ужиг шалтгаан болж байна. Тиймээс амьдралын баталгаа болсон мэргэжлээ зөв сонгох, сонгоход нь төрөөс анхаарах шаардлагатай байна.


Т.Амаржаргал: Мэргэжил сонголтод тавих бодлого алдагдсан

Ажлын байр ба ажилгүйдлийн зөрүү, мэргэжил сонголтын талаар БСШУСЯ-ны Дээд боловсролын Бодлогын газрын дарга Т.Амаржаргалтай ярилцлаа.

-БСШУСЯ оюутнуудад мэргэжил сонголтод туслалцаа үзүүлэх судалгааг хэдэн жилээр төлөвлөж гаргасан байдаг вэ?
-Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед хэдийд, ямар ажлын байр, хаана гарах нь тодорхой байж, үүний дагуу боловсон хүчин бэлтгэдэг байсан. Зах зээлийн нийгэмд шилжсэнээр мэргэжил сонголт нь тухайн хүний чөлөөт сонголт болсон. Өнөөдөр 100 орчим их, дээд сургуульд 160 гаруй мянган оюутан суралцаж байна. Оюутнуудын мэргэжил сонголтыг ажиглавал голдуу нийгмийн ухаан, хууль, эрх зүйн чиглэлээр суралцаж байна. МУИС-ийн хуулийн ангид олон оюутан элсэх хүсэлтэй байдаг. Гэтэл төгсөөд хэд нь хуулийн чиглэлээр ажил, хөдөлмөр эрхлэх бол гэдэг нь сонин. Тиймээс манайх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран судалгаа хийж байгаа. Тодруулбал, хөдөлмөрийн зах зээл дээрх ажил олгогчид болон горилогчдын эрэлт, нийлүүлэлтийн судалгааг олон түвшинд гаргахаар зорьж байна.

-Хамгийн эрэлттэй 40 мэргэжлийн судалгааг 2014 онд гаргасан. Тэгвэл эдгээр мэргэжлийг оюутнууд сонгон суралцаж байна уу?
-Монгол Улсыг хөгжүүлэхийн тулд зайлшгүй бэлдэх ёстой мэргэжлүүд гэж бий. Гэтэл оюутнууд ажлын байр хомс хэрнээ ажиллах хүчин олон мэргэжлийг сонгож байна. Хувь хүний сонголтыг хүндэтгэх ёстой ч төрөөс тодорхой чиглүүлэлт хийх зайлшгүй шаардлага тулгарч буй. Тиймээс салбарын яам өнгөрсөн хоёр жилийн элсэлтэд анализ хийж байна. Уг нь яамны зүгээс элсэгчдийн тоонд хяналт тавьдаг байсан. Харин 2016 онд хуульд өөрчлөлт орж, тухайн сургуулийн Удирдах зөвлөл хэлэлцээд, элсэгчдийн хяналтын тоог тогтоодог болсон. Иймд улсын хэмжээнд элсэгчдийн мэргэжил сонголтод тавих бодлого алдагдсан гэж хэлж болно. Гэхдээ цаашид энэ талаар судалж, хуульд ямар зохицуулалт нэмэх талаар шийдвэрлэх байх.

-Ажил олгогчид дөнгөж төгссөн боловсон хүчнийг ажилд авах сонирхолгүй байдаг. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой вэ?
-Судалгаагаар сургуулиа төгсөөд гурван сарын дотор ажилтай болсон хүмүүсийн эзлэх хувь 30 байдаг. Мэдээж ажил олгогчид чадвартай боловсон хүчнийг илүүд үзнэ. Яамнаас барьж буй бодлогод төгсөж байгаа мэргэжлээрээ тухайн ажлын байранд шаардагдах ур чадвар, мэдлэгийг эзэмшсэн байх ёстой гэж байгаа. Тиймээс ажлын байр болон ажилгүйдлийн зөрүүг нөхөх ганц шалгуур нь төгсөгчдийн эзэмших мэдлэг, ур чадвар юм. Үүний тулд сургууль, багш, оюутан бүгд хамтын ажиллагаатай байж, сайн боловсон хүчин бэлдэхэд анхаарах ёстой.



САНАЛ БОЛГОХ