Дулаан алдалтын эсрэг “жор”

ЗГМ: Сэдэв


Дулаан алдалтын 24 хувийг хана, 22 хувийг тааз эзэлдэг

Хүйтний улирал хаалга тогшиж байна. Намрын сэрүүн өдрүүд, өвлийн жиндэм хүйтнээс урьтаж гэр, сууцаа дулаалах цаг иржээ. Ингэснээр бид эрүүл мэндээ хамгаалахаас гадна өрхийн орлогоо хэмнэж чадна. Хэчнээн сайн халаалтын системтэй байлаа ч дулаан алддаг бол үр ашиг нь гарахгүй. Түүнчлэн, гэр хорооллын айлууд гэр, сууцаа сайтар дулаалбал түлш хэмнэж, агаарын бохирдлыг бууруулах эерэг нөлөөтэй.

Улаанбаатар хотод 1965-2000 онд баригдсан угсармал орон сууц 1000 гаруй бий. Эдгээрийн ашиглалтын хугацаа дууссан, их засвар хийж байгаагүй тул дулаан их алддаг. Энэ хэрээр оршин суугчид нэмэлт халаалт хэрэглэж, илүү зардал гаргаж буй. Барилгын зөвлөх инженер С.Түвшинхүү 20 ам метр талбайтай угсармал орон сууцыг нормын дагуу дулаалбал жилд цахилгаан халаалтаас 395,884 төгрөг, төвлөрсөн халаалтаас 74,063 төгрөг хэмнэх боломжтой хэмээн тооцжээ.

Барилгын дулаалгыг дотор, гадна аль ч талаас нь хийж болно. Гэхдээ дотроос нь дулаалсан тохиолдолд сантехникийн холболтоос шалтгаалан элдэв нүх, сүв гарч, цан тогтох эрсдэл учирдаг. Дулаан хэр хэмнэх нь ханын зузаан, тусгаарлах чанараас шалтгаалдаг. Барилга олон өнцөг, хэсэгтэй байх тусам гадаргуугийн талбайн хэмжээ нэмэгдэж, дулаан алдах нь их болдог. Дулаан алдагдлын ихэнх буюу 40-өөс хол илүү хувийг хана, тааз эзэлдэг. Тиймээс дулаалгын ажлыг эндээс эхлэх хэрэгтэйг “Dream house” компанийн инженер Б.Баярсайхан зөвлөв.

Дулаалгын олон төрлийн материал байдаг ч мэргэжилтнүүд эрдэс хөвөн, хөөсөнцрийг илүүд үздэг. Харин шилэн хөвөнг дээвэр эсвэл шугам, хоолойг дулаалахад түлхүү ашигладаг. Эдгээр нь “100 айл”-д байрладаг барилгын материалын дэлгүүрүүдэд хамгийн их эрэлттэй. Энд БНХАУ-аас импортолсон шилэн хөвөн 10 метр нь 14.5 мянга, ОХУ- ынх 17 метр нь 52 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин хөөсөнцрийн нэг багц буюу 5-7 ширхэгтэйг нь 28-85 мянган төгрөгөөр худалдаалж буй. Хөөсөнцөр 10 см-ээс багагүй зузаантай байж дулаан алдагдлыг бууруулдаг ч сүүлийн үед гарсан шүршдэг хөөс үүнээс хоёр дахин нимгэн. Гэхдээ үнэ өртгийн хувьд ахиу буюу нэг ам метр талбайд таван см зузаантайгаар шүршиж хэрэглэх нь 25 мянган төгрөгийн үнэтэй. Өнгөрсөн хавартай харьцуулахад барилгын материалын үнэ төдийлэн өөрчлөгдөөгүй байна.

Амины орон сууцны дулаан алдалтын 24 хувийг хана, 22 хувийг тааз эзэлдэг. Хөнгөн блокоор хоёр давхар амины орон сууц барьсан Хан-Уул дүүргийн иргэн З.Баттулга өнгөрсөн долоо хоногт байшингаа дулаалжээ. Тэрбээр гаднах дулаалгадаа 10 см зузаан хөөсөнцөр ашигласан бөгөөд нийт 700 мянган төгрөг  зарцуулсан гэв. Харин Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Ууганбаяр мөн ийм хэмжээтэй байшин дулаалахдаа түүнээс бага мөнгө зарцуулжээ. Тэрбээр гурван см зузаантай хөөсөнцрийг бөөний үнээр нь хямд авчээ. Үүнийгээ гурав давхарлаж ашигласнаар 400 мянган төгрөг зарцуулж, багагүй хэмнэсэн байна.

Байшингийн дээврийн дулаалгыг орхигдуулж болохгүй. Ханаа хэчнээн сайн дулаалсан ч дээвэртээ анхаарахгүй бол дулааныхаа 22 хувь буюу ойролцоогоор тавны нэгийг алдана гэсэн үг. Хэрэв дээврийн хөндийг л ашиглах бол дээд давхрын хучилтыг дулаална. Харин сууцны зориулалтаар ашиглах бол дээврийн налуу хэсгийг нэмж дулаална. Хөөсөнцөр, шилэн хөвөнгөөр дулаалбал зузаан нь 20-25 см байх нь зохистой. Тиймээс анхны дулаалга дээрээ хэр зэрэг хөөсөнцөр, шилэн хөвөн нэмэхээ тооцоорой.

Дулаалгатай дээврийн хийцэд талаас нь битүүмжлэл сайтай уур тусгаарлагч хийх нь чухал. Ингэснээр өрөөний доторх чийгтэй агаар дээврийн хийц рүү нэвтэрч түүнийг норгож гэмтээхгүй. Уур тусгаарлагчийг битүүмжлэл муутай хийвэл агаар нэвтэрч дээврийн хийц хөлөрдөг. Өвлийн улиралд энэ нь цантаж хөлдөх ба дулаан болоход хайлж тааз, хананд гэмтэл учруулна. Үүний гэрч нь хана, таазны уулзвар хэсэгт үүссэн толбо юм.

Норсон буюу чийг авсан дулаалгын материал нь дулаан тусгаарлах чанараа алдсан байх ба дээврийн модон хийцэд гэмтэл учруулж болзошгүй. Дээврийн модон хийцийг галд өртөх, хөгц, мөөгөнцөрт идэгдэхээс хамгаалсан байх шаардлагатай. Хөгц, мөөгөнцөр нь зөвхөн чийгтэй орчинд үүсдэг. Тиймээс хуурай, хангалттай агааржуулалттай орчин бий болговол маш сайн урьдчилсан хамгаалалт болно. Тэрчлэн, байшинд дулаалгын будаг буюу шингэн керамик дулаан тусгаарлагч ашиглаж болно. Нэг литр будгаар нэг ам метр талбайг нэг мм зузаан будах заавартай аж. Нэг мм зузаан дулаалгын будаг нь 50 мм шилэн хөвөнгөөр дулаалсантай тэнцдэг аж. Хэрэв хана цантаж, мөөгөнцөртвөл хоёр мм зузаан түрхэж болно. Дулаалгын будаг нэг литр нь 35 мянган төгрөгийн үнэтэй байна.

Халаалтын систем сайн байсан ч дулаан алддаг бол үр ашиг гарахгүй
“Нарантуул” худалдааны төвд нэг эсгий буюу нэг дээвэр, эсвэл туурга нь дангаараа 50 мянган төгрөгийн үнэтэй байна. Хэрэв иж бүрнээр нь авбал 280-340 мянган төгрөг зарцуулна. Түүнчлэн, цас, борооны ус нэвтрэхээс хамгаалсан хучлага 300-350 мянган төгрөгийн үнэтэй байна.
Гэрийн дулааныг хамгийн их гадагш алддаг хэсэг бол шал. Сүүлийн үед гэрийн шалыг бетоноор цутгах нь түгээмэл болсон. Ингэхдээ хөөсөнцөр шахаж, эсвэл бусад хайрга гэх мэт уламжлалт дулаалгын материал ашиглах боломжтой.

Модон шалыг сайтар дулаалах цөөнгүй арга бий. Тухайлбал, керамзит хайрга ашиглаж болно. Энэ нь хулгана, хорхой, шавж үүрлэхгүйгээс гадна галд тэсвэртэй, ус чийг татдаггүй. Таван ханатай гэрт зориулж бэлдсэн 15 см зузаантай тусгаарлагч шал нэг шоо метр нь 55 мянган төгрөгийн үнэтэй байна.

САНАЛ БОЛГОХ