Том хөрөнгө оруулагчид Монгол дахь үйл ажиллагаагаа тэлж байна
Албаны хүний үг
Дунд хугацаанд гурван том эрсдэл байна
Монгол Улсын Ерөнхий сайдын Ахлах зөвлөх Н.Энхбаяртай ярилцлаа.
-Энэ долоо хоногт гадаадын хөрөнгө оруулагчид Монголд чуулж байна. Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын чуулган шил шилээ даран болж буй. Эдгээр уулзалтаас харахад хөрөнгө оруулагчдын хандлага ямар байна вэ?
-Монгол Улсад олон улсын хөрөнгө оруулагчдын уулзалт, зөвлөгөөн зохиогддог болоод 10 гаруй жил болж байна. Хөрөнгө оруулагчид, төр засаг, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил нэг дор цуглаж, сорилт, шийдэл хэлэлцэх сонирхолтой байна. Олон улсад ч ийм төрлийн сэдэвчилсэн зөвлөгөөн олон болж байгаа. Цаашид эдгээр зөвлөгөөн, уулзалт илүү төрөлжихөөр байна. Энэ сард болох олон чуулганаас гадна ирэх арваннэгдүгээр сард “Аж үйлдвэржилт ба дэд бүтэц” гэсэн сэдвээр чуулган зохион байгуулахаар яригдаж байна. Үүнээс үзэхэд уул уурхайгаас гадна аж үйлдвэр, дэд бүтцийг сонирхох хөрөнгө оруулагчдын тоо нэмэгджээ.
Монгол Улс дэд бүтцийн хөгжлөөрөө хоцорч яваа. Угтаа уул уурхайн баялаг, түүнийг борлуулах зах зээл нь ойрхон. Гэвч тээвэрлэх дэд бүтцийн хөгжил сул. Монгол Улс газар нутгийн байршлын хувьд харьцангуй давуу талтай. Хятадын зах зээлд нүүрс, төмрийн хүдэр нийлүүлж буй Чили, Бразил, Австрали зэрэг улс урд хөршид түүхий эдээ нийлүүлэхийн тулд өндөр зардал гаргаж, багагүй хугацаа зарцуулдаг. Латин Америкийн орнууд Хятадын зах зээлд хүрэхийн тулд 20 гаруй мянган километр буюу Номхон далайг бүхэлд нь туулдаг. Австралийн компаниуд ч 10 гаруй мянган километрийн цаанаас тээвэрлэдэг. Мөн Индонез 4000, ОХУ 2000 километр замыг туулж, үйлдвэрүүдэд хүрдэг.
Гэтэл манай Тавантолгойгоос Хятадын Бугат хүртэл 500 километр зайтай. Үүний тал зайд нь төмөр зам тавьчихсан. Хэрэв бид 270 километр төмөр замаа тавьж чадвал ганц удаагийн ачилтаар урд хөршийн үйлдвэрүүдэд хүргэх боломжтой. Гэтэл бусад улс зорьсон газраа хүрэхийн тулд гурван удаа ачиж, буулгаж байна. Тодруулбал, төмөр зам, далайн тээвэр дахиад төмөр зам гэсэн чиглэл дамжиж, түүхий эдээ үйлдвэрүүдэд нийлүүлдэг. Тэгэхээр Монгол Улс түүхий эд нийлүүлэх дэд бүтцээ шийдэж чадвал бидэнд туйлын давуу тал бий болгоно.
-Хөрөнгө оруулалтын тухай ярихаар тогтвортой байдлыг хөнддөг. Бид хөрөнгө оруулагчдад тогтвортой байдал санал болгож байгаа юу?
-Монгол Улс чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжээд 27 жил болж байна. Аль ч улс орон зах зээлээ нээсний дараа маш богино хугацаанд ашиг олох сонирхолтой жижиг хөрөнгө оруулагчид орж ирдэг. Өөрөөр хэлбэл, худалдаа, үйлчилгээ, банкны салбарын хөрөнгө оруулагчид гэсэн үг. Харин 2000 он гарсаар томоохон хөрөнгө оруулагчид Монголыг чиглэж байна. Үндэстэн дамнасан томоохон компаниуд Монголыг сонирхож байна. Тиймээс одоо бол эдгээр том хөрөнгө оруулагчдыг тогтоон барих, тогтвортой ажиллуулах талаар бодох үе. Засгийн газар Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулсан. Үүнд олон улсын байгууллагаас өгч буй зөвлөмж нь шинээр түнш татахаас гадна одоо үйл ажиллагаа явуулж буй хөрөнгө оруулагчдадаа хадгалахыг чухалчлах хэрэгтэй.
Ингэж чадсан тохиолдолд хөрөнгө оруулагчид итгэлээ нэмж, дараа, дараагийн шатны бүтээн байгуулалтаа эхлүүлнэ. Томоохон хөрөнгө оруулагчид Монгол дахь үйл ажиллагаагаа тэлж байна. Тухайлбал, “Rio Tinto” групп гэхэд “Оюутолгой”- гоос гадна шинэ бүсүүдэд хайгуул хийж эхэлсэн. Монголд ажиллаад сурчихсан компаниудад шинэ хамтрагчаас илүү хуучин түнштэйгээ харилцаагаа зузаатгаж, дассан улсдаа үйл ажиллагаагаа тэлэх нь хамаагүй хялбар байгаа. Бид хууль эрх зүй, татварын орчны алдаагаа засаж, ямар нэг байдлаар сайжруулж байна.
-Уул уурхай ойрын хугацаанд хөрөнгө оруулалт татах хамгийн чухал салбар хэвээр байх нь. Харин бусад салбар буюу хөдөө аж ахуй, аж үйлдвэр, барилгын салбарт ямар дүр зураг ажиглагдаж байна вэ?
-Монгол Улсын экспортын 90 гаруй хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байгаа. Үлдсэн 10 хүрэхгүй хувь нь хөдөө аж ахуйн салбарт ногдож буй. Урт хугацаанд уул уурхайн ДНБ-д эзлэх хувийг багасгаж, эдийн засгаа төрөлжүүлэхээр зорьж байгаа. Үүний тулд банк, аж үйлдвэр, үйлчилгээ зэрэг салбарын хувийн жинг нэмэгдүүлэх нь чухал. Гэхдээ үүнд урт хугацаа, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Тэгэхээр богино хугацаанд юу хийж чадах вэ гэхээр анхан шатны боловсруулалт хийхгүй байгаа салбаруудаа анхаарах нь чухал. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт эрүүл ахуйн тогтолцоог сайжруулах хэрэгтэй.
Багцлаад авч үзвэл дунд хугацаанд гурван том эрсдэл байна. Нэгдүгээрт, биднээс үл хамаарах гадаад зах зээлийн эрсдэл. Мөн байгаль, цаг уурын эрсдэлийг орхиж болохгүй. Ялангуяа, нийт ажиллах хүчний 30 гаруй хувь нь хөдөө аж ахуйд ажиллаж байгаа үед манай улсын хувьд энэ салбар аль ч талаар чухал. Дээрээс нь дотоодын бизнес, эдийн засгийн орчны эрсдэл.
• Дэд бүтцээ шийдэж чадвал бидэнд туйлын давуу тал бий болно.
• Ирэх арваннэгдүгээр сард “Аж үйлдвэржилт ба дэд бүтэц” сэдвээр чуулган зохион байгуулахаар яригдаж байна.
• “Rio Tinto” групп “Оюутолгой”-гоос гадна шинэ бүсүүдэд хайгуул хийж эхэлсэн.
Бид эхний буюу гадаад зах зээлийн эрсдэлд нөлөөлж чадахгүй. Хоёрдох эрсдэлийг тодорхой хэмжээгээр зохистой менежментээр удирдаж болно. Сүүлийн 16, 17 жилийн Монгол орны бэлчээрийн ургамлын тархалтын талаар сансраас хийсэн судалгаа бий. Олон улсын эрдэмтдийн судалгаанаас хэдэн онд гантай байсан нь тодорхой харагдана. Үүнээс үзэхэд сүүлийн 17 жилийн хугацаанд хоёр жил тутам ган болох магадлал нэмэгдээд байна. Гэхдээ 2009-2011 онд “Атрын III” аян хэрэгжүүлсэн жилүүдэд манай улс ургацаа алдаагүй тогтмол өсгөсөн. Тэгэхээр үүнтэй адил зөв бодлого явуулбал гангийн эрсдэлийг даван туулж болно. Шинжлэх ухааны үүднээс гангийн давтамжийн хугацааг бид мэдэж байна. Үүнийг даван туулах арга замаа олж чадвал эрсдэлийг хохирол багатай туулах боломжтой. Одоо газар тариалангийн салбарт хамгийн чухал зүйл нь усалгаатай тариалан, ганд тэсвэртэй зөв сортын үр тариалах чухал байна. Эцэст нь, дотоодын эдийн засгийн тогтвортой байдал. Төрийн тогтвортой байдал, үйл ажиллагааны залгамж чанараа хадгалж чадвал тогтворжилтыг бий болгоно. Эдгээр нь хөрөнгө оруулагчдын хүсэж буй зүйл.
-Олон улсад өрнөж буй үйл явдлууд дэлхий нийтийн анхаарлыг төвд байна. Ялангуяа, манай бүс нутаг буюу Зүүн хойд Азийн орнуудын нөхцөл байдал олон улсын анхаарал татсан хэвээр. Үүнд Монгол Улс эдийн засаг, худалдааны бодлогын ямар алхам хийх нь зүйтэй вэ?
-Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, тив алгассан пуужингийн туршилт нь зөвхөн Өмнөд болон Хойд Солонгосын асуудал биш боллоо. Энэ нь их гүрнүүдийн ашиг сонирхолтой зөрчилдөж байна. НҮБ ч анхааралтай ажиглаж, тив алгассан пуужингийн туршилтын дараа Аюулгүйн зөвлөл хуралдсан. Энэ байдал цаашид хэрхэх нь тодорхойгүй хэвээр.
Гэхдээ үүнээс үүдэх үр дагаврыг урьдчилан таамаглах боломжтой. БНАСАУ-ын хоригтой холбоотой бидэнд хамгийн их нөлөөлсөн зүйл нь нүүрсний экспорт. БНХАУ-ын зах зээлд жилд 20 орчим сая тонн нүүрс экспортолдог байсан Хойд Солонгосын нийлүүлэлт зогссон. Ингэснээр энэ нийлүүлэлтийн цоорхойг бусад улс орон нөхөж байгаа. Ялангуяа, Монгол, ОХУ зэрэг орон үүнийг нөхөж, эдгээр улсын экспорт мэдэгдэхүйц өсөж, ашиг хүртсэн. Гэхдээ үүнд сөрөг тал ч бий. Олон улсын байгууллагууд ялангуяа, Дэлхийн худалдааны байгууллага худалдааны хориог үгүй болгохоор зорьж байгаа. Ингэснээр худалдаа эрчимжин, дэлхийн эдийн засаг сэргэж, бүх улс орон хожно гэж үзэж байгаа. Гэвч Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр болон АНУ-ын шинэ Ерөнхийлөгч худалдааг илүү хумьсан бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдээд байна. Ийм байдлаар худалдааг хаалттай болгоод эхэлбэл худалдааны урсгал удааширч, дэлхийн эдийн засагт нөлөөлнө гэж үзэж байна. Цаашлаад манай эдийн засагт ч нөлөөлөх нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл, эерэг болон сөрөг талыг дагуулна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй