Тогтвортой байдал талаар болов

Засгийн газар


Дөрвөн жилээ дуусгавар болгож чадаагүй 12 дахь Засгийн газар боллоо

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулснаар мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар бүдэрлээ. Ингэснээр Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа батлан мөрдөж эхэлснээс хойшхи 25 жилд бүрэн эрхийн дөрвөн жилээ дуусгавар болгож чадаагүй 12 дахь Засгийн газар боллоо.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат санал хураахын өмнө чуулганы индэр дээрээс төрийн түшээдэд хоёр сонголт ирээд байгааг онцолсон. Тэрбээр улс төрийн тогтвортой байдлаа хадгалаад сэргэж эхэлж байгаа эдийн засгаа тогтворжуулах, эсвэл Улсын Их Хурал Тогтвортой байдал талаар болов улс төрийн тогтворгүй байдал үүсгэж, эдийн засгаа эргээд царцаах уу гэсэн хариуцлагатай мөч тулгарсан байгааг сануулсан юм. Гэвч ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 57.5 хувь нь Засгийн газрыг огцруулах кнопыг дарав. Ингэснээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид чуулсан эл өдрүүдэд УИХ улс төрийн тогтворгүй орчинг бий болголоо. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 2017 оны эдийн засгийн хамгийн чухал гурван арга хэмжээ болох “Invest Mongolia”, “Coal Mongolia” болон “Discover Mongolia” дор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид нэгдсэн үед эрх баригчид тэдний итгэлийг үргээв. Эдгээр арга хэмжээний хоёр нь өнөөдөр үргэлжилж буй. Харин энэ үеэр хөрөнгө оруулагчид эрх баригчдын амласан тогтвортой байдлыг сураглах нь тодорхой.

Угтаа бол эдийн засаг агшиж байсан үед улс төрийн нэг хүчин үнэмлэхүй ялалт байгуулсныг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид олзуурхан хүлээн авсан. Гэвч эрх баригчид Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хариуцлага тооцох нэрийдлээр танхимыг нь 14 сарын дараа огцрууллаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Ардчилсан парламентын засаглалтай оронд Засгийн газрыг огцруулах нь байдаг л хэвийн үзэгдэл боловч сайн үйлийг хүртэл хэм хэмжээнээс нь хэтрүүлбэл хор болдог. Бид заримдаа “гадаадын зарим хөрөнгө оруулалтыг эдийн засгийн алуурчин” гэх нэр хоч өгч шүүмжилдэг ч, бодит байдал дээр Монгол Улсынхаа хөгжлийг чөдөрлөн боомилогч нь, басхүү эдийн засгийнхаа “дотоодын алуурчин” нь улстөрчид бид өөрсдөө болжээ. Уг нь Засгийн газар тогтвортой ажиллах дархлаа нь түүнийг томилсон УИХ өөрөө юм. Тэр дундаа эрх баригч намын бүлэг хэр олон суудалтай байна, тэр чинээгээр томилсон Засгийн газрынх нь дархлаа баталгааждаг. Гэтэл өнөөдөр бид 65-уулаа буюу хэт олуулаа байж өлдөхийн зовлонгоо давж чадахгүй өрөөлийн тоглоомд орж байгаа нь харамсалтай” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын танхим хамгийн богино хугацаанд байгуулагдсан түүхтэй. 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүнгээс даруй ес хоногийн дараа Ерөнхий сайдыг тодруулж, батламжилсан бол танхимыг нь 24 хоногийн дараа эцэслэсэн байдаг. Тухайн үед Монгол Улсын эдийн засгийн өсөлт жил дараалан буурсаар 1.2 хувьд хүрсэн байв. Харин энэ оны эхний хагас жилийн дүнгээр эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрэв. Цаашлаад 2016 оны УИХ- ын ээлжит сонгуулиас хойш гадаад худалдааны тэнцлийн үлдэгдэл 475 сая ам.доллараар нэмэгдэж, аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 43.5 хувиар өссөн байна. Мөн гадаад валютын нөөц нэг тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр 1.3 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулсан. Үүнээс гадна сүүлийн дөрвөн жилийн турш тогтмол тасарч байсан улсын төсвийн орлого энэ оны хагас жилийн байдлаар 330 тэрбум төгрөгөөр давж биелсэн гэлээ.

Тэрбээр “2016 оны УИХ-ын сонгуулиас хойш эдийн засагт гарсан эдгээр эерэг үр дүн болгон дан ганц Засгийн газрын гавьяа биш. Энэ бол төр засаг тогтвортой байж, УИХ, Засгийн газраас зөв бодлого хэрэгжүүлсний үр дүнд манай үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийнхний маань бүтээсэн амжилт, амжилтын эхлэл” хэмээн тодорхойлов.


САНАЛ БОЛГОХ