Хувьсан өөрчлөгдөх амьдрал

Залуус



Сүүдэрлэн харагдах нүцгэн модод уйтгар гуниг, ганцаардлыг дүрслэх мэт

Хуй салхи мэт хуйлран нисэх шувууд хязгаар нь үл харагдах хөх тэнгэрийн хаяагаар цаг хугацааны урсгал дагаж хөвөрнө. Зарим нь он цагийн аясыг дагах бол нөгөө хэсэг нь салхи зүсэн тэнгэр өөд далавчаа дэвэн нисэх аж. Шувуудаас баяр баясгалан, уйтгар гуниг, атаа хорсол гээд хүний дотоод сэтгэлийн бүхий л араншин дуу шиг сонсогдож, заримаас нь гэрэл шиг цацрах мэт. Шувуудын дугуйрсан хар нүд намайг цоо ширтэж, ертөнцөд хязгаар, амьдралд төгсгөл байгаа эсэхийг асуух буюу. Нээрээ би хаа хүртэл явах юм бол?

Тэнгэр нурахаас өмнө, салхи сэрэх үеийг цаас бус даавуун дээр зураасан зургаар илэрхийлсэн уран бүтээлүүд содон мэдрэмж төрүүлнэ. Бүтээлийн суурь болгон дэвссэн цэнхэр, хар, хөх гурвал амьдралын олон өнгийн нэгээхэн хэсэг. Харин сүүдэрлэн харагдах нүцгэн модод уйтгар гуниг, ганцаардлыг дүрслэх мэт. Хар бараанаас, гэрэл гэгээ рүү нисэх шувууд хүний дотоод мөн чанар, хүсэл тэмүүллийг илэрхийлж буй.

Үзэсгэлэнд тавигдсан бүтээл бүрийг салган харж болох ч тухайн орон зайд ороод үзвэл ямар нэг зүйлээр хоорондоо холбогдож, нэг бүхэл ертөнц байгааг мэдрэх болно. Залуу уран бүтээлч Д.Одончимэг, Ц.Даваажаргал нар “Тэнгэр нурахаас өмнө, салхи сэрэх үеэр” хэмээх анхны хамтарсан уран бүтээлээрээ ямар нэг зүйлийг илэрхийлэх бус хүмүүсээс асуухыг хүсчээ. Залуу уран бүтээлчид хувь хүн талаасаа бие биенээ тодотгохоос илүүтэйгээр нэгдмэл, цул бүтээл туурвин олны нүд, сэтгэлийг баясгахыг эрэлхийлсэн аж.

Цэнхэр, хар, хөх гурвал амьдралын олон өнгийн нэгээхэн хэсэг
Чөлөөт уран бүтээлч Д.Одончимэг Францын Дүрлэх урлагийн дээд сургуулийг төгссөн бөгөөд өдгөө Парис хотноо зураасан зургийн төрлөөр уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрбээр Франц, Герман, Бельги, Итали улсын нийт 30 гаруй үзэсгэлэнд оролцжээ. Харин энэ удаагийн үзэсгэлэн түүний хувьд анхны том хэмжээний үзэсгэлэн болж байгааг онцлов. “Моханик” хамтлагийн дуучин гэдгээр олны танил болсон саунд артист Ц.Даваажаргал анх удаа дүрслэх урлагийн үзэсгэлэн гаргаж байгаа нь энэ. Тэрбээр энэ жил алдарт Венецийн Биенналь наадамд Монгол улсыг төлөөлж буй таван уран бүтээлчийн нэг юм. Амьдралд заримдаа тэнгэр нураад ирэх шиг, салхи гараас минь хөтлөөд хаа нэгтээ дагуулаад явах юм шиг санагддаг. Заримдаа өөрийгөө ч үл танина. Цаг хугацаа улиран одох тусам эргэн тойрон бүх юмс хувьсан өөрчлөгдсөөр. Яг л үхэж, төрдөг нь хүний орчлонгийн бичигдээгүй хууль гэдэг шиг мөнхийн эргүүлэг биднийг үл орхино. Бид завгүй гүйлдэн, амьдралын төлөө зүтгэж явна гэсээр нэг л мэдэхэд өдөр хоног, цаг хугацаа нисэх мэт өнгөрдөг. “Цаг хугацааны эргүүлэг дунд хаашаа явж байна вэ” хэмээн тэд асууж байна.




САНАЛ БОЛГОХ