Гэнэтийн бэлэгтэй чуулга уулзалт

Уул уурхай


Экспортын тоон өсөлтөөс чанарт шилжих цаг ирлээ

Нүүрсний салбар өндийж, өнгөрсөн онтой харьцуулахад экспортын хэмжээ гурав дахин өслөө. Өмнөх жилүүдэд зэс экспортын орлогын 50 хувийг бүрдүүлж байсан бол өдгөө нүүрс түүнээс дутуугүй нөлөөтэй болов. "Нүүрс зиндаа ахилаа" гэх өөдрөг мэдээллээр “Coal Mongolia 2017” чуулга уулзалт эхлэв. Харин тогтвортой, таатай орчин бий болгоно гэх ам өчгөөр эхэлсэн чуулга уулзалт өнөөдөр Засгийн газаргүй үргэлжилж байна.

Ингэж нэг гараараа боломж санал болгож, нөгөөгөөрөө эрсдэл тулгасан өдрүүд үргэлжилж байна. Долоо дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа нүүрсний салбарын хамгийн том цугларалт эхний өдрөө худалдаа, тээвэр ложистик болон хил, гаалийн уялдаа холбоог онцолсон. Улсын хэмжээнд нүүрсний 50 гаруй уурхай олборлолт явуулж, түүний 20 орчим нь экспорт хийж байна. Экспортын баримжаатай үйлдвэрлэл явуулж байгаа нийт уурхайн хүчин чадал 60 сая тонныг хэдийнэ давжээ. Дотоодын “хар алт”-ны үйлдвэрлэлийн гарц ийнхүү тэлж байгаа нь энэ. Хэрвээ төмөр замтай байсан бол үнийн өсөлтийн “цонх” үе эдийн засгийг илүүтэй тэтгэх байж.


Нүүрсний энэ оны экспортын төсөөлөл бараг л сар сараар өөрчлөгдөж байна.
Хамгийн өөдрөг тооцооллыг одоо дуулгая. Оны эцэст экспортолсон нүүрсний хэмжээ 45 сая тоннд хүрэх төлөв гарчээ. Үүнийг “Coal Mongolia-2017” чуулганыг үүсгэн байгуулагч Л.Наранбаатар тэмдэглэлээ. Тэрбээр “Энэ хэмжээнд хүрч экспорт цойллоо ч уурхайнуудын хүчин чадал, ашиглалт 75 хувиас хэтрэхгүй” гэв. Цаана нь дахиад 25 хувийн боломж үлдэж байна. Монголын нүүрсний салбар үйлдвэрлэлийн түвшинд хэрхэн тэлж байгааг дээрх баримтаас харж болох юм.

Коксжих нүүрсний үнийн өсөлт ялимгүй тогтворжиж эхэлсэн. Хэдий зах зээлийн төлөв дунд Гэнэтийн бэлэгтэй чуулга уулзалт хугацаанд сайн байгаа боловч дэд бүтцийн сул тал экспортын боломжийг тэгнэсэн хэвээр. Ийм нөхцөлд олон улсын нүүрсний зах зээлийн өрсөлдөөнд Монгол Улс ялалт байгуулах талаар бодоход хэтийд энэ. Уг нь экспортын орлогын 30 хувийг нүүрсний салбар дөмөгхөн бүрдүүлж байгаа. Энэ нь дотоодын нөөц, боломж хэр их байгааг илтгэх баримт.

Тус салбарын хууль, эрх зүйн орчин өнгөрсөн хугацаанд харьцангуй тогтвортой байсныг тус чуулганд оролцсон “Монгол нүүрс” ассоциацийн ерөнхийлөгч Т.Наран дурдсан юм. Нүүрсний экспорт тоон өсөлтөөс чанарт шилжих цаг болсныг тэрбээр чуулганы индрээс мэдэгдлээ. Энэ нь нүүрсээ хамгийн наад зах нь угаах, улмаар баяжуулах шаардлагатай гэсэн үг. Ингэснээр нэмүү өртөг шингэж, экспортын орлого өсөх төдийгүй Монголын нүүрсний өрсөлдөх чадвар нэмэгдэх юм.

Хоёр хэсгээс бүрдсэн чуулга уулзалтын эхний хуралдаан “Нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь” сэдвийн хүрээнд өрнөсөн юм. Энэхүү хэсэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд илтгэгчээр оролцох байсан ч тэрбээр ирсэнгүй. Энэ өдөр Засгийн газрын асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байсан учраас салбарын сайд харагдсангүй гэх яриа чуулганы танхимд чих дэлсээд өнгөрсөн.

Зүүн Азийн нүүрсний салбарын томоохон хурлын нэг болж чадсан “Coal Mongolia-2017” чуулга уулзалтад БНХАУ-ын Үндэсний нүүрс ассоциацийн ерөнхий нарийн бичгийн дарга оролцсон юм. Тэрбээр “Хятадын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв”-ийг хэлэлцүүллээ. Өмнөд хөрш дэлхийн нүүрсний зах зээлийн хамгийн том хэрэглэгч төдийгүй олборлогч. Тус улсын хувьд олборлолт болон импортоо нэмж байна. Тэрчлэн нүүрсний үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг эхэнд тавьдаг болсныг Үндэсний нүүрс ассоциаци тодотголоо.

Хаяанд буй их гүрэн “хар алт”-ны үнийг бараг л дангаараа тогтоох болсон. Тэдний гарт дэлхийн эрдэс, түүхий эдийн зах зээл бараг л төвлөрч буй. Тиймээс энэ зах зээлийг хумих, тэлэх нь урд хөршийн өөрийнх нь хөгжлийн бодлогоос үлэмж хамаардаг болчихлоо. Богино болон дунд хугацааны нүүрсний төлөв эерэг байна. Энэ нь манай уул уурхайгаас үлэмж хамааралтай болсон эдийн засагт чимэгтэй мэдээ боловч их хэмжээгээр тээвэрлэх боломжгүй тул төдийлэн ашигтай тусахгүй байж мэдэх юм.

• Монголын боломжийг тодотгох “Coal Mongolia- 2017” олон улсын чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

• Улсын хэмжээнд нүүрсний 50 гаруй уурхай олборлолт явуулж, түүний 20 орчим нь экспорт хийж байна.

• Урд хөрш ногоон хөгжлийг чиглэлээ болгож, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулахаар зорьж байгаа.

Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд урд хөрш ногоон хөгжлийг чиглэлээ болгож, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулахаар зорьж байгаа. Энэ хүрээнд олон жижиг уурхайгаа хааж, хуучин технологийг халж эхэлсэн билээ. Үүний үр дүнд нүүрсний үйлдвэрлэл нь бага зэрэг буурсан байна. Коксжих нүүрсний үнэ сүүлийн арван жилд гурван удаа 300 ам.доллараас давжээ. Энэ нь хамгийн их үнийн хэлбэлзэлтэй бүтээгдэхүүн гэдгийг “Global plats”-ийн ахлах шинжээч Эдвин Ёо илтгэлдээ хөндсөн. Тэрбээр “Хувьсан өөрчлөгдөж буй нүүрсний зах зээл дэх Монголын үүрэг роль” гэсэн сэдвээр итгэл тавьсан юм. Гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох коксжих нүүрсний үнэ энэ оны долдугаар сараас хойш 30-40 хувиар өсчээ. Уг өсөлт нь дунд хугацаанд нүүрсний эрэлт тогтвортой байх магадлал өндөр байгааг нэг талаар гэрчлэх аж.

Хятадад нийлүүлсэн экспортын нүүрсний хэмжээгээрээ манай улс эхний гуравт эрэмбэлэгдэж байна. Өөрсдийн дотоод үйлдвэрлэлийн хэмжээгээ өнгөрсөн онд үлэмж хэмжээгээр танасан өмнөд хөрш байгаль орчны бохирдлын голомт болчихоод байгаа салбартаа шинэчлэлээ зүтгүүлсээр. Хэдий ийм боловч аж үйлдвэрлэлээ тогтворжуулж, тэнцвэртэй байдлыг эрэлхийлэх боллоо. Энэ нь нүүрсний үнийн өсөлтийг шууд бус байдлаар урамшуулж байна. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй чуулга уулзалт нүүрсний тээвэр ложистик, хил гаалийн нэвтрэх чадварыг өнөөдөр ярилцах юм.


САНАЛ БОЛГОХ