"Irma" хар салхи Барбуда арлыг сүйтгэв
Атлантын далайд үүссэн хамгийн хүчтэй хар салхи гэгдэж буй "Irma" Карибын тэнгис дэх Барбуда арлын барилга, байгууламжийн 90-95 хувийг сүйтгэжээ. Тус арлын захиргаанаас мэдээлснээр арал харилцаа холбоогүй болж, ундны ус тасалдаад байгаа юм. Мөн Барбуда арлын барилга, байгууламжийг сэргээн засварлахад хамгийн багадаа 100 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. “Irma” хар салхинд өртсөн Барбуда аралд тусламж үзүүлэх ажил эхэлж Венесуэлийн Засгийн газраас эхний ээлжийн тусламжийг илгээжээ. Түүнчлэн АНУ-ын Флорида мужаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байна. Албаны мэдээллээр 650 мянга гаруй хүнд гамшгийн бүсээс нүүх сануулга өгөөд байгаа ажээ. Мөн “Irma”-ийн замд өртөх магадлалтай Куба улсаас ч жуулчдыг шилжүүлж эхэлжээ.
Ийнхүү нөхцөл байдал хүндэрч байгаа учраас Флоридагийн нисэх онгоцны буудлууд олны хөлд дарагдаж, онгоцны тасалбарууд зарагдаж дууссан байна. АНУ-ын Хар салхи судлалын төвөөс "Irma" хар салхи Флоридагийн өмнөд хэсгийг ням гарагт дайран гарах нь тодорхой болсон гэдгийг анхаарууллаа. Цаашлаад "Irma"-аас гадна "Jose" хэмээх хар салхи Карибын арлуудыг дайрах ба "Katia" хар салхи Мексикийн буланд үүссэн гэдгийг холбогдох албаныхан анхааруулаад байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй