Монголын бараа ОХУ-ын нутгаар хөнгөлөлттэй "зорчино"
ТОМИЛОЛТ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд оролцож, ОХУ-аар Монголын бараа, таваар дамжин өнгөрөхдөө тээврийн хөнгөлөлт авах боломжтой болсныг онцоллоо. Энэхүү өргөтгөсөн хуралдааны өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Төрийн тэргүүнтэй уулзлаа. Уулзалтын эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд амжилттай хөгжиж байгааг дурдав. Тэрбээр Монгол Улстай хамтран ажиллах харилцаанд хөдөө аж ахуй, тэр дундаа монгол малыг эрүүлжүүлэх болон дэд бүтцийн салбарын хөгжилд ихээхэн анхаарал хандуулж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Мөн 2020 онд Монгол Улсад зохион байгуулагдах Азийн хүүхдүүд олон улсын спортын наадмыг амжилттай зохион байгуулахад бүхий л талаар туслах боломжтой гэв.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам бүр идэвхжүүлж, хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргах хүслээ илэрхийлээд тодорхой саналууд тавив. Тухайлбал, ОХУ-аас рублийн зээл авч хоёр улсын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д шинэчлэлт хийх хэрэгтэйг дурдав. Мөн Монгол Улсаас тус улсаар дамжуулан олон улсын зах зээлд гаргах экспортын бүтээгдэхүүнд транзит тээврийн хөнгөлөлт үзүүлэх тухай хэлэлцээрийг баталгаажуулах санал тавив. Үүнээс гадна хоёр улсын хооронд соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, орос хэлний сургалтыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Монгол, ОХУ-ын бизнес форум болсон. Энэхүү форумд “Оросын төмөр замууд” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхийлөгч О.Белозёров оролцож, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй амжилттай хамтран ажиллаж байгааг онцлов. 2009 оны арванхоёрдугаар сарын эхлэн “Оросын төмөр замууд” нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн удирлагын 50 хувийг бүрдүүлэн ажиллаж байгаа. Хамтын ажиллагааны хүрээнд ачаа тээвэрлэлтийн хэмжээ өсөж байгааг тэрбээр дурдав. Тодруулбал, 2014 онд ачаа тээвэрлэлт 21 сая тонн хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт байсан байна. Энэ нь 2009 онтой харьцуулбал 51 хувиар өссөн дүн юм. Энэ оны эхний долоон сарын байдлаар ачаа тээвэрлэлт өмнөх оны мөн үеэс 13 хувиар өсчээ.
Үүнээс гадна Орос, Монгол, Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах ажлыг энэ оноос эхлүүлэх шаардлагатай байгааг ч тодотгов. Тэрбээр “Энэ системийн үйл ажиллагаа ямар нэг доголдолгүй, оролцогч талууд бие биедээ саад учруулахгүй явах ёстой. Дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхийн тулд учирч болох бэрхшээлүүдийг арилгах хэрэгтэй. Үүнд дэд бүтцийн асуудал, нэвтрүүлэх чадвар, галт тэрэг хүлээж авах, дамжин өнгөрүүлэх, холбогдох баримт бичгийн цахим бүрдүүлэлт, гаалийн болоод бусад хяналт шалгалтыг түргэн шуурхай, хүндрэлгүй явуулах ёстой” гэв. Түүнчлэн зөвхөн тээвэрт анхаарал хандуулах нь өрөөсгөл гэлээ. Төмөр замаар тээвэрлэсэн ачааг далайн боомтод хүргэх учир энэ чиглэлд анхаарах ёстойг сануулав. Тиймээс далайн боомтын үйл ажиллагаанд хамтрах, хувь эзэмших боломжтойг дуулгалаа. “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн зүгээс техник, технологийн бүх туслалцааг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй