Ган хайлагч
Хүмүүс
“Эрдэнэт” үйлдвэрт ээлжийн ажилдаа бие, сэтгэлээ бүтэн зориулсан, бүтээмж өндөртэй, үг дуу цөөнтэй хүдэр эрс олон. Тэдний нэг нь Засвар механикийн заводын Цутгуурын цехийн ган хайлагч Дандарын Энхбаатар. Ган төмрийг сүү хөөрүүлэн самрах адил дэврүүлэн урсгаад шанагадаж зогсохдоо тэрбээр мэргэжлээрээ бахархдаг. Тэр тусмаа шөнийн ээлжээс буух дөхсөнийг сануулах мэт төрийн дуулал эгшиглэх үеэр металлаа гаргахдаа ер бусын омогшил сэтгэлийг нь эзэмддэг гэсэн. Д.Энхбаатар энэ шөнө 25 тонн ган хайлж, ил уурхайн “эзэн” эксковаторын шанага цутгалаа. Үргэлжлүүлээд хэд хэдэн томоохон эд анги хэвлэв. “Оюутолгой”-н захиалга гэнэ. Түүний цутгасан эксковаторын шанагыг хэрэв импортоор авсан бол гадныханд 400 сая төгрөг төлөх байсан. Монгол хүний ур ухаан, тэсвэр хатуужил, хөдөлмөрийн шимээр импорт орлох металл хийцийн нэр төрөл ийнхүү олширч, гадагш гарах мөнгөн урсгал татарсаар...
Ноднин эдний хэсэг 5000 орчим тонн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос даруй 100 гаруй тонноор өссөн. Энэ бүхний ард Д.Энхбаатар халуун зуухны аман дээр ган төмрийг ус мэт урсган хайлуулж, дуслах хөлсөө арчих ч чөлөөгүй тонн тонноор хүдэр хүрздэн шидэж зогссонсон. 2000 хэмд төмөр “хөөрүүлэхдээ”, тэр өөрөө ч бараг “хайлна”. Ган хайлагчийн ажлын хувцас, малгай, бээлийг цэмбээр хийдэг. Зуны аагим өдрүүдэд ч битүү цэмбэн хувцастай, халуун зуухтай ноцолдоно гэдэг шөрмөстэй л эрийн хийх ажил. Хайлуулж буй металлын дөлөнд нүүр нь түлэгдсэн улаан нөхөр явах. Ямартаа л өвөл машинтай явж байхад нь замын цагдаа зогсоогоод “Та согтуу байна, торгоно” гэх вэ дээ. “Үгүй ээ, нүүр түлэгдчихсэн юм” гэхэд мань цагдаа “Өвлийн хүйтэнд нүүр түлэгдэнэ гэж юу байдаг юм” гэсэн гэдэг.
Улаанбаатарын унаган хүүхэд эрдэнэсийн хотод анх хадмындаа ирээд үйлдвэрийн ажилчдын автобусны төрийн хамгаалалттай урт цувааг үзээд үнэнхүү биширчээ. Улсын онцгой объект “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтнуудыг хотын иргэд нь хүндэтгэн зогсож, өнгөрөөгөөд хөдлөхийг хараад нэр хүндтэй энэ газар ажиллахсан гэх хүсэл төрж. Үүнийгээ ч найздаа ярьж явсан нь хожим хэрэг болжээ.
Төрсөн ахаас дутуугүй түшигтэй найз түүнд бий. Их барилгын хэлтсийн инженер Х.Батбаяр найз нь түүнийг бас ч үгүй Монголын толгой компаниудын нэг болох “Говь”-д ноолуурын хялгас ялгагч машин дээр ажиллаж байхад нь дуудаж мөрөөдлийг нь биелүүлжээ. “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх Технологийн сургуулиар ган хайлагч мэргэжлийг “онц” дүнтэй эзэмшиж, сонгон шалгаруулалтаар курсийнхнээсээ түрүүлж ажлын байртай болж гялалзаж явсан хийморьтой үе нь саяхан. Тэрбээр ердөө хоёр жилийн дараа ган хайлагч нарын ажил мэргэжлийн уралдаанд луухруудтай ана мана өрсөлдөн аваргалж, өөрийгөө дархалсан баатар. Орос мэргэжилтнүүдтэй хэл амаа ойлголцох гэж хэрдээ зүдэрч явсан дагалданг энэ хэрийн амжилт үзүүлнэ чинээ тэр үед хэн ч санаагүй биз. Өнөөдөр Д.Энхбаатар хамтрагч “шар” нөхөртэйгөө түвэггүй ярилцчихдаг, дэлхийн чанар стандартад нийцсэн эд анги цутгахдаа гаргуун, туршлагатай ажилтан болжээ. Түүнийг хамт олон нь онол, практикийн өргөн мэдлэгтэй, гологдол гаргадаггүй, жинхэнэ мэдрэмжтэй ган хайлагч гэж магтсан. Цельсийн 1000 гаруй хэмд ган төмрийг шингэн төлөвт ортол хайлуулаад химийн орц найрлагыг тохируулан металл хийц цутгах амаргүй. Хайлсан гангийн жор байдлаас эцсийн бүтээгдэхүүний чанар шууд хамаарах учир нэг хэмийн ч зөрүү алдах эрх түүнд үгүй. Хаягдал төмрийг үйлдвэрт хэрэгцээтэй бүтээгдэхүүн болгон хувиргах шидтэй энэ ажилдаа тэр 13 жил махран зүтгэсэн.
Д.Энхбаатар хэсгийнхээ хамгийн том зуухан дээр ажилладаг. Төмрийг ус адил урсгахад наад зах нь хоёр цаг зарцуулна. Үүний тулд гараар “түлш” хүрздэж зогсолтгүй гал өрдөнө. Ингэсээр эр бие задарч, ган хайлагч нарын цээж бодибилдингийн тамирчныхаас дутахааргүй хөгждөг. Засвар механикийн завод дотор дэвхгэр мөртэй нөхөр яваа харагдвал тэр ган хайлагч байх нь лавтай. Тэр мөн ган хайлах явцдаа ангижруулах, чанаржуулах гээд үе шат бүрт дээж авч шинжилдэг “эрдмийн ажилтан”. Мөнхийн халуун, хүнд хөдөлмөрт энэ олон жил зүтгэхдээ Д.Энхбаатар сэтгэл хангалуун амьдарсан. Яагаад гэвэл түүний мөрөөдөл хүсэл бүрэн биелсэн. Сайн ханьтай, хөөрхөн үрстэй, бахархам ажилтай, бусдаар хүндлүүлэх гавьяатай. Д.Энхбаатар нэр хүндтэй үйлдвэрийн, нэн чухал ажилтан. Түүний суусан автобусны цувааг бусад нь зогсон хүндэтгэж өнгөрөөдөг.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй