Туулыг эрүүл мэндэд заналхийлж буй голоор нэрлэв

Экологи


Иргэд ямар хэмжээний бохирдолтой ус хэрэглэж буйгаа мэдэхгүй байна

Азиудын эрүүл мэндэд заналхийлж буй гурван голын нэгээр Туулыг нэрлэж буйгаа Томсон Ройтерс сан дэлгэжээ. Иргэдийн мэдээлэл олж авах эрх хязгаарлагдмал байгаагаас хүмүүс унд, ахуйн хэрэгцээндээ ямар ус хэрэглэж буйгаа мэдэхгүй байна гэж тус сан үзсэн байна. Тиймээс Туул голыг Индонезийн Ужун, Тайландын зүүн өмнөд хэсгийн голтой ижил оршин суугчдын эрүүл мэндэд заналхийлж байна хэмээн үзжээ.

АНУ-д төвтэй Дэлхийн нөөцийн хүрээлэнгийн шинэхэн тайланд Монгол, Индонези, Тайланд улсын иргэд голын усны чанар, болзошгүй эрсдэл болон хүрээлэн буй орчны мэдээллээр хаалттай байдаг гэж дурджээ. Индонезийн Серанг хотын сам хорхойн аж ахуй эрхлэгчид Ужун голоос аж амьдралаа залгуулдаг бөгөөд ихэнх нь арьсны өвчтэй байдаг байна. Харин Тайландын хамгийн том аж үйлдвэрийн парк болох Мап Та Путэд петро хими, газрын тос боловсруулах болон нүүрсний станц төвлөрдөг нь оршин суугчдад усныхаа чанарт санаа зовох гол шалтгаан болдог байна.

Тайланд дурдсанаар эдгээр гурван улсын оршин суугчид шаардлагатай тайлан мэдээллийг авахад мөнгө төлдөг, интернэтийн сүлжээ хязгаарлагдмал, мэдээллээ ойлгох боломжоор хомс гэдгийг онцолсон байна.

Тухайлбал, Тайланд болон Монголд хүмүүс шаардлагатай мэдээллээ авахын тулд холбогдох байгууллагад заавал хүсэлт гаргадаг гэжээ. Ялангуяа, Тайландад бол байгаль орчны холбогдолтой мэдээллийг нууцын зэрэглэлд оруулж ил болгодоггүй аж. Ийм хаалттай байдлын улмаас Монгол, Индонези, Тайландад хүмүүс эрүүл ахуйн шаардлага хангаагүй ус хэрэглэж, урт хугацаанд эрүүл мэнд, амьдралаараа хохироход хүрч буй талаар Ройтерс агентлагийн цахим хуудаст бичсэн байна.

Дэлхийн хэмжээнд нийт хаягдал усны 80 хувийг цэвэршүүлэхгүй, ариутгахгүй байгальд нийлүүлснээс ялангуяа хөгжиж буй ертөнцөд ужиг өвчинд нэрвэгдэх, хөгжлийн бэрхшээлтэй болох, цаашлаад амь насаа алддаг талаар НҮБ-ын тооцоо бий. Эл бохирдол эдийн засгийн өсөлтөөс ч доош чангаадаг. Агаар болон усны бохирдлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааны санхүүжилт зарим улсад ДНБ-ий дөрвөн хувьтай тэнцэж буй талаар Дэлхийн банк мэдээлжээ.



САНАЛ БОЛГОХ