Богц дүүрэн анхны айлчлал

ТОМИЛОЛТ


ОХУ хэтдээ Алс Дорнодыг хөгжүүлэх бодлого баримталж буй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоод ирлээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины санаачилгаар гурав дахь жилдээ зохион байгуулагдсан тус чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын төр, засгийн тэргүүнүүд оролцсон. Энэхүү чуулга уулзалтад БНХАУ, Энэтхэг, Вьетнам, Индонез зэрэг орны албан ёсны төлөөлөгчид, Зүүн хойд Ази, Номхон далайн бүсийн орнууд, АНУ, Канад зэрэг орны бизнесийн 3000 гаруй төлөөлөгч оролцож, амжилттай өндөрлөв. Ажиглагчид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ-д хийсэн ажлын айлчлал үр дүнтэй боллоо хэмээн дүгнэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Орос болон Өмнөд Солонгосын Төрийн тэргүүнтэй албан ёсны ганцаарчилсан уулзалт хийж, хоёр талын болон бүс нутгийн асуудлаар санал солилцсон юм. Мөн Японы Ерөнхий сайд Ш.Абэтэй ч уулзалт хийсэн. Үүнээс гадна Монгол-Оросын бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтад оролцсон. Тэрбээр Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд ОХУ, БНСУ-ын Ерөнхийлөгч болон Японы Ерөнхий сайдтай хамт илтгэгчээр оролцож, асуултад хариуллаа. Айлчлалын эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж, хоёр улсын харилцаа хэрхэн амжилттай хөгжиж байгаа талаар дурдаж, цаашид ОХУ Монгол Улстай хөдөө аж ахуй болон дэд бүтцийн салбарын хөгжилд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Үүнээс гадна ОХУ-ын талаас транзит тээврийн хөнгөлөлттэй тарифын хэлэлцээр, хоёр улсын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-д шинэчлэл хийхэд анхаарал хандуулж буйгаа дурдлаа. Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ОХУ-ын “НК Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгтэй Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлын агаарын хөлгийн шатахуун түгээх гидрант системийг техникийн оновчтой шийдлээр ашиглалтад оруулж, шатахуунаар хангах тухай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Дараа нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ- ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзалт хийв. Тэрбээр БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн талаар баримтлах бодлогодоо уян хатан хандахыг хүссэн. Тодруулбал, Монгол Улсын иргэд БНСУ-д зорчих боломжийг илүү нээлттэй болгож, визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрт анхаарал хандуулахыг хүссэн юм. БНСУ-ын Төрийн тэргүүн визгүйн хэлэлцээрт анхаарал хандуулж, Өмнөд Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчуудын талаар баримтлах бодлогодоо анхаарна хэмээн амласан юм. Харин Монгол Улс Зүүн хойд Ази түүний дотор Солонгосын хойгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж, Монголын талын “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга болон “Түмэн голын төсөл” зэрэг төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхээр ярилцлаа.

• Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг шатахуунаар хангах тухай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

• БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн талаар баримтлах бодлогодоо уян хатан хандахыг хүслээ.

• Тавантолгойн сайн чанарын коксжих нүүрсийг дэлхийн зах зээлд гаргахаар ярилцлаа.

Энэ жил Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буй. Хоёр орны найрсаг хамтын ажиллагаа цаашид улам батжин дээшлэхийг Ерөнхийлөгч Х.Баттулга Японы Ерөнхий сайдтай уулзах үеэрээ онцолсон. Тэрбээр Монгол Улсын аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эдийн засгаа тэлэх бодлогын хүрээнд дэд бүтэц болон боловсруулах үйлдвэрийн салбарт Япон улстай ойр дотно хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн ОХУ, Япон улстай хамтарсан аж ахуйн нэгж байгуулж, Тавантолгойн сайн чанарын коксжих нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах зорилгоор ОХУ-ын Алс Дорнодын бүс нутаг дахь боомтын хүчин чадлыг ашиглан ажиллах санал тавив. Монголын тал Дорнын эдийн засгийн чуулганаар “Восточный” боомт руу нүүрс тээвэрлэх тухай яриа хэлэлцээг ОХУ, Япон, БНХАУ-тай хийсэн нь хамгийн чухал яриа болсон гэдгийг Ерөнхийлөгч онцоллоо. Тэрбээр “Зарим хүмүүс хол газар нүүрс тээвэрлэхэд ашигтай ажиллах боломжгүй гэж ярьж байна. Гэтэл Тувагийн цаана байрлах Хакас нь 8000 км-ийн алсаас “Восточный” боомт руу нүүрс тээвэрлэдэг. Биднийг “Восточный” боомтод очиход боомтыг сэргээн засварлаж, дэд бүтцэд хөрөнгө зарцуулсан байна лээ. Түүнчлэн тус хотын зам, дэд бүтцийг сайжруулж, шинэ нисэх онгоцны буудал барьсан байгааг нүдээр үзлээ. Шинэчлэгдэж байгаа бүс нутагтай Монгол Улс ойрхон байна. Тиймээс нэг зах зээлээс хараат байдлаас гарах ёстой” гэв. Түүнчлэн олон жил яригдсан төмөр замын транзит тээврийн тарифын хөнгөлөлтийн асуудлыг нааштайгаар шийдвэрлэхээр болсон нь бас нэг үр дүн болсныг хэлсэн юм.

Транзит тээврийн тарифыг хөнгөлөх санал тавилаа


Чуулганы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Алс Дорнодыг хөгжүүлэх бодлого баримталж буйгаа онцолжээ. Үүнтэй холбоотойгоор тус бүс нутгийг хамарсан эрчим хүчний болон дэд бүтцийн томоохон сүлжээ байгуулах саналыг ярилцсан байна. Зүүн Азид хамаарах Алс Дорнодын бүс нутагт эрчим хүчний том кольцо үүсгэх нь зөв гэсэн санаачилгыг Ерөнхийлөгч Х.Баттулга дэвшүүлж, Монгол, БНСУ, ОХУ, Япон, БНХАУ-ын оролцоотой ажиллах санал гаргажээ. Тодруулбал, Япон улс худалдан авагч, ОХУ тээвэрлэгч, Монгол Улс бүтээгдэхүүн нийлүүлэгч учраас эрх ашгийн зөрчилгүй ажил хэрэг болох боломжтой хэмээн үзэж буйгаа тайлбарлалаа.
САНАЛ БОЛГОХ