285 ногоон хот

Экологи


Жилд 1961 автомашины хорт утаатай тэнцэх бохирдол шингээдэг болно

Хөгжлийн төлөө өрсөлдөхөөр Хятад 285 ногоон хот бий болгохоор зорьж байна. Байгаль орчин сүйтгэгч хаягдлын уурхай хэмээх цол хүртээд буй Хятадын хувьд эл зорилт хоосон амбийц төдий зүйл биш аж. Харин ч олон салбарт хурдан хугацаанд шилжилт өрнүүлж, тогтворжуулахаар зорилгынх нь нэг хэсэг, жинхэнэ хөгжлийн загвар юм.

Хөгжлийн загвар болсон ногоон хотууд Хятадын зүүн эргээс эхлээд Төв Азийг эмжээрлэж, Өвөр Монголоос урд зүгийн хөл ихтэй усан боомтын хотуудад ч өрнөж эхэллээ. Ногоон улс болох зорилтынхоо хүрээнд мужийн түвшний хотуудын 80 орчим хувийг эко болгох юм байна. Ингэснээр ойрын ирээдүйд ухаалаг, нүүрстөрөгчийн хаягдал багатай улс болох зорилтынх нь 50 хувь биелэх боломжтой гэж үзжээ.

Өмнөд хөрш ойролцоогоор 650 орчим хоттой. Тус улсын Үнэт цаасны зохицуулах хорооноос хотуудаа ногооруулахад санхүүгийн болон бусад төрлийн тусламж өнгөрсөн гуравдугаар сараас хойш үзүүлж байгаа юм байна. Зүүн өмнө хэсэгт орших Гуанши муж л гэхэд 2020 онд ойгоор бүрхэгдсэн хот болох төлөвлөгөөтэй байгаа аж. Албан газар, зочид буудал, эмнэлэг, сургууль гээд бүхий л барилга байгууламж ойр орчиндоо мод бут тарих юм байна. Энэ ажлын үр дүнд жилд нийт 10 мянган тонн нүүрстөрөгчийн давхар исэл буюу 1961 автомашины хорт утаатай тэнцэх бохирдол шингээдэг болох аж.

Гэхдээ Хятадын зорьж буй ногоон хот нь барууны загвараас ялгаатайг судлаачид онцолжээ. Барууны ногоон хотууд ихэвчлэн дэлхийг аврахад чиглэсэн байдаг бол Хятад хотжилтын чанарыг хангахыг зорьж буй аж. Тухайлбал, баруунд нүүрстөрөгчийг бууруулж, автомашины тоог хязгаарлаж, хэрэглээг хамгийн бага байхад чиглэсэн энгийн амьдралын хэв маягийг чухалчилдаг. Харин эх газарт бол хүмүүс эдийн засгийн өсөлт, амьдралын чанар, нийгмийн хөгжил дэвшилд анхаарч байна. Хятадын ногоон хотууд угтаа бол хотжилтын хөгжил, боловсронгуй дэд бүтэц рүү л чиглэж буй гэх шүүмжлэл ч бий юм.

Ногоон хотын анхны загварууд Өрнөдийн ертөнцөд бий болсон. Гэхдээ Хятадад ногоон хот байгуулах маш тодорхой, олон шалтгаан бий. Наанадаж л бусад улс оронтой харьцуулахад маш хурдтай хотжиж буй түүхтэй. Коммунист нам 1949 онд засгийн эрх авснаас хойш Хятад бараг 600 хол давсан шинэ хоттой болсон. Өнгөрсөн 30 жилд л гэхэд хотожсон хятад хүний тоо бүхэл бүтэн АНУ-ын хүн амаас давж буй. Гэсэн хэдий ч Хятадын эрчтэй аж үйлдвэржилт, хотжилт нь хүрээлэн буй орчныг бохирдлын үүр уурхай болгоход хамгийн том түлхэц болгож байгаа юм. Хүн амынх нь 50 хувь олон улсын стандартад нийцээгүй ундны ус хэрэглэдэг, хуурай газар нутгийнх нь 40 орчим хувь хүнд металл болон хорт бодисын бохирдолд нэрвэгдсэн, нийт хотын 90 хувь жил тутам 1.6 сая хүний зүй бус үхлийн шалтгаан болдог агаарын бохирдолтой. Мөн усан давхарга нь бараг л үгүй болж, олон тооны гол, нуур цөөрөм хатаж, эрэг дагуух газар нутгуудын чийг ууршиж, уул нурууд нь алга болж буй юм.
САНАЛ БОЛГОХ