Тогтворгүй байдлын төлөөс нь бондын ханш
Хөрөнгө оруулалт
Засгийн газрыг огцруулснаар Монголоор овоглосон үнэт цаасны ханш уруудсан
Монгол Улс удаан хугацаанд уулзаагүй гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаа гэнэтийн “бэлэг”тэй угтлаа. Шил шилээ дарсан сонгуулийн “шуурга”наас болоод төр, хувийн хэвшил болон хөрөнгө оруулагчид нэг дор чуулж, санаа бодлоо хуваалцалгүй удсан. Тиймээс өнгөрсөн долоо хоногт ар араасаа цуварсан хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг сонирхох гадаад, дотоодын түнш, хамтрагчдын тоо олон байв. Гэвч монголыг сонжиж, сонирхсон хөрөнгө оруулагчид чуулсан энэ үетэй зэрэгцээд Монгол Улсын Ерөнхий сайдыг огцрууллаа. Ингэснээр нэг нам парламентад үнэмлэхүй олонх болж, улс төрийн тогтвортой байдал батжина гэсэн таамаг талаар болов. Ялангуяа, УИХ Ерөнхий сайдыг огцруулах, эсэх талаар хэлэлцсэн өнгөрсөн пүрэв гарагийн үдээс хойш ихэнх бондын ханш савласан юм. Монгол Улсын Засгийн газрын савлагааг дагаад ханш ч хэлбэлзсэн нь энэ. Өнгөрсөн долоо хоногт 10 жилийн хугацаатай “Чингис” бондын ханш 0.11 хувиар буурч, 98.360 нэгжид хүрчээ. Харин таван жилийн хугацаатай “Чингис” бондын ханш 0.02 хувиар өсөж, 100.62 нэгж болсон байна.
Гэхдээ даваа гарагт таван жилийн хугацаатай “Чингис” бондоос бусад үнэт цаасны ханш буурав. Тодруулбал, 10 жилийн хугацаатай “Чингис” бондын ханш 0.12, “Хуралдай” бондынх мөн л 0.04 хувиар доошилжээ. Ингэснээр Ерөнхий сайдыг огцруулснаас хойш 10 жилийн хугацаатай “Чингис” бондын ханш л гэхэд нийт 0.28 хувиар доошлоод байна. УИХ-ын зарим гишүүн Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, хариуцлага тооцох талаар хөндөж эхэлсэн наймдугаар сараас гадаад зах зээл дэх үнэт цаасны үнэ буурах чиглэлд шилжсэн.
• Шинэ засгаа богино хугацаанд эмхлэхийн хажуугаар төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хадгалахыг хүсэж буйгаа илэрхийлж байна.
• Зайлшгүй өөрчлөх гэж байгаа бол үндсэн зарчмуудаа баримтлах хэрэгтэй. Тийм байдлыг бид эергээр хүлээж авна.
• Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, хариуцлага тооцох талаар хөндөж эхэлсэн наймдугаар сараас гадаад зах зээл дэх үнэт цаасны үнэ буурах чиглэлд шилжсэн.
Дээрээс нь хугацаа нь ойртож буй бондын эргэн төлөлтийн хэлэлцээнд ч хүндрэл учирч болзошгүй байгааг албаны хүн мэдээлж байсан юм. Монгол Улс ирэх оны босгон дээр буюу нэгдүгээр сард “Чингис” бондын эхний төлбөр болох 500 сая ам.долларыг төлөх товтой. Мөн “Димсан” бондын 160 сая ам.долларын хүүгийн төлбөрийг ирэх тавдугаар сард төлнө гэдгийг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа мэдээлж байсан юм.
Уруудаж буй бондын ханш хөрөнгө оруулагчдын нийтлэг сонирхол, итгэлийг нэг талаар илтгэнэ. Үүнээс гадна Засгийн газрыг огцруулж, төрийн ажил цалгардаж, бодлогын залгамж халаа алдагдах эрсдэл нүүрлэсэн энэ үеийг хөрөнгө оруулагчид, хөндлөнгийн шинжээчид хэрхэн үнэлж буйг сонирхлоо. “Moody’s Investor Service”-ийн салбар хариуцсан захирал Грэм Ноуд “Улс төрийн тогтвортой байдлыг засаглалын хүчин чадалд хамруулдаг. Энэ бол нэг төрлийн хэмжүүр. Хэрвээ бодлого өөрчлөгдөх шаардлагатай бол бүгдэд ойлгомжтой хэмжээнд алхам алхмаар өөрчлөлт хийх хэрэгтэй. Шинэ Ерөнхий сайдтай боллоо гээд хэдхэн сарын хугацаанд богино хугацаанд шууд бодлогоо өөрчилж болохгүй. Монгол Улсад засаглалын тогтвортой байдал дутагдаж байна. Төрийн бодлого өөрчлөгдөнө гэдгийг мэдэж байвал бидний ажил хөнгөрнө. Зайлшгүй өөрчлөх гэж байгаа бол үндсэн зарчмуудаа баримтлах хэрэгтэй. Тийм байдлыг бид эергээр хүлээж авна” гэв.
Тэгвэл “Билл Бикалес Эдвайзорс” компанийн гүйцэтгэх захирал Билл Бикалес “Монгол Улс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь чухал. Өмнө нь гадаад зах зээл дэх Монгол Улсын имижийг муутгасан учир шалтгааныг ойлгох ёстой. Зөвхөн бодлогын тохиргоо хийгээд хүссэн үр дүнг авчрахгүй байх талтай. Тиймээс үйлдэл, шийдвэр бүрээ зөв байлгах хэрэгтэй” хэмээн хэлж байна.
Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн “Хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид нэн тэргүүнд бизнесийн тогтвортой орчныг хүсэж байна. Үүнд улс төрийн тогтвортой орчноос гадна бизнес, хууль эрх зүй, эдийн засгийн орчин чухал. Аль нэг нам, эсвэл ямар нэг Засгийн газрыг үлдээх, унагаах гэхээсээ илүү төрийн бодлогын залгамж халааг хадгалах нь чухал болов уу. Бизнесийн тогтвортой, тэгш шударга, ил тод орчныг бий болгож чадвал хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн хүсээд буй тогтвортой орчин бүрдэнэ. Монгол Улсад хөрөнгө оруулалт нэмэгдвэл ажлын байр бий болж, ард иргэдийн цалин ч нэмэгдэнэ” хэмээн өгүүлэв. Тэрчлэн нэрээ нууцлахыг хүссэн хөрөнгө оруулагч “Хамгийн тогтвортой ажиллах болов уу хэмээн найдаж байсан Засгийн газар уначихлаа. Одоо хэн Ерөнхий сайд болохоос үл хамааран бодлогын залгамж, халаагаа тогтвортой бөгөөд тасралтгүй хадгалаасай гэж хүсэж байна” хэмээн хариулав. Хөрөнгө оруулагчдын зүгээс шинэ Засгийн газраа богино хугацаанд эмхлэхийн хажуугаар төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хадгалахыг хүсэж буйгаа илэрхийлж байна.
Эргэн сануулахад, одоогоос гурван жилийн өмнө Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар хугацаанаасаа өмнө огцорч байсан. Тухайд үед тав болон арван жилийн хугацаатай “Чингис” бондын ханш дагаад суларч байсан юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй