Монгол Улсын Засгийн газрын бондуудын ханш буураад байна

Мэдээ

Есдүгээр сард дотоодын улс төрийн орчинд болсон үйл явдлууд олон улсын зах зээлд арилжиж байгаа Монгол Улсын Засгийн газрын бондуудын ханшид хэрхэн нөлөөлж байгааг харвал хамгийн сүүлд гаргасан харьцангуй идэвхтэй арилжиж байгаа "Хуралдай" бондын ханш есдүгээр сарын таванд түүхэн дээд цэгтээ хүрч, 114 ам.долларыг даваад байна. Харин үүнээс хойш дөрвөн өдөр дараалан буурчээ. Ялангуяа УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрыг огцруулахаар шийдвэрлэсний дараа буюу есдүгээр сарын наймны өдрийн арилжаагаар бондын ханш огцом буюу хагас хувиар буурсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч байсан үе болон Засгийн газрын тогтворгүй байдлын эхлэл хүчтэй мэдрэгдэж эхэлсэн наймдугаар сарын эхэн үед ийм хэмжээний ханшийн огцом өөрчлөлт бүртгэгдэж байсан юм.

2022 онд хугацаа нь дуусах “Чингис” бондын ханш мөн ижил хөдөлгөөнийг харуулж байна. Зургаадугаар сарын сүүлээс хойш гурав дахь удаагийн огцом хөдөлгөөн есдүгээр сарын эхний 10 хоногт гарчээ. “Хуралдай” бондын адил есдүгээр сарын зургааныг хүртэл харьцангуй өсөж байсан бондын ханш есдүгээр сарын наймны өдөр огцом буурчээ. Харин ирэх оны нэгдүгээр сард эргэн төлөлт нь хийгдэх таван жилийн хугацаатай гаргаж байсан “Чингис” бондын ханш сүүлийн хагас жил орчмын хугацаанд тогтворжоод байгаа бөгөөд төдийлөн өөрчлөлтгүй арилжсаар байна.




САНАЛ БОЛГОХ