Э.Одбаяр: Эдийн засгийн шинэ зах зээл нээгдэнэ

Албаны хүний үг


НҮБ-ын ажлууд дээр илүү далайцтай оролцох боломж бүрдэж байгаа

Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах хэлэлцээр ирэх сарын 6-нд албажина. Энэ талаар Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн захирал, Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Э. Одбаяртай ярилцлаа.

- Олон улсын судалгааны төвийг Улаанбаатарт байгуулах санаачилга хэзээ гарсан бэ. Энэхүү санаачилга гарах болсон шалтгаан нь юу вэ?
- Монгол Улс далайд гарцгүй 32 орны нэг. Далайд гарцгүй байна гэдэг бол сул тал. Учир нь далайд гарцтай орнуудаас хөгжлийн хувьд 20 хувиар доогуур байдаг. Иймд 1990-ээд оны эхэн үед НҮБ далайд гарцгүй орнуудын бүлэг байгуулсан бөгөөд Монгол Улс үүсгэн байгуулагчдын нэг. 2002 оноос эхлэн далайд гарцгүй орнуудын үйл ажиллагаа идэвхжсэн. 2003 онд Алматы хотод болсон далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нарын хурлын үеэр бодлогын судалгааны хүрээлэнтэй байх асуудал хөндөгдсөн. Учир нь өндөр хөгжсөн орны байгууллага судалгаа хийж, түүнд түшиглэн далайд гарцгүй орнуудын хөгжлийн бодлого боловсруулна гэдэг бодит байдалтай нийцэхгүй хэмээн анх манай улс үзэж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд олон улсын судалгааны төв байгуулах санаачилгыг Монгол Улс гаргасан. Энэхүү асуудал 2003 онд яригдсан ч эзэнгүй байсан юм.


Бага хурал дагасан аялал жуулчлал хөгжих боломжтой

2006 онд анх удаа Монгол Улс дээрх олон улсын судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах санаачилгыг НҮБ-ын хурлын үеэр гаргасан. 2006-2009 он хүртэл энэхүү санаачилгаа ажил хэрэг болгохын төлөө монгол Улс тэмцсэн. Учир нь далайд гарцгүй бусад орон энэхүү санаачилгын үр дүнг харсан учир өөрийн улсдаа байгуулахаар санаархсан. Тухайлбал, Казахстан улс Астана хотноо байгуулах санал гаргаж, бүхий л хөрөнгийг хариуцахаа амлаж байсан юм. гэвч 2009 онд Монгол Улс НҮБ-ын тогтоол гаргуулж, олон улсын судалгааны төвийг Улаанбаатар хотод байгуулах шийдвэрийг албажуулсан. Үүний дагуу 2009 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Монгол Улсад айлчлах үеэрээ шийдвэрээ танилцуулж, шавыг нь тавьсан. Тухайн үед Монгол Улс нэг сая ам.доллар хандивлах, судалгааны төвийн байраар хангах амлалт өгсөн юм. Амлалтаа 2014 онд биелүүлсэн.

- Энэ судалгааны төвийг үүсгэн байгуулах тухай олон талт хэлэлцээрт хамгийн сүүлд Балба улс нэгдсэн. Ингэснээр олон улсын судалгааны төвийг Улаанбаатарт байгуулах боломж албан ёсоор бүрдлээ. Судалгааны төв эрх зүйн хувьд чадамжтай болсноор ямар үйл ажиллагаа явуулах вэ?
Олон талт хэлэлцээрт далайд гарцгүй 10 орон нэгдэн орсноор олон улсын судалгааны төвийг Улаанбаатарт байгуулах бүрэн боломжтой болно. Намайг анх ажил авах үед буюу 2012 онд хоёрхон орон нэгдэж, гарын үсгээ зурсан байсан. Лоас, Монгол улсууд 10 орны дэмжлэг авахын тулд судалгаа хийж, ажлын төлөвлөгөөгөө харуулах шаардлагатай байсан. Өөрөөр хэлбэл, далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Харин судалгааны байгууллага эрх зүйн хувьд албажих ажил ирэх сарын 6нд болно. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор олон улсын байгууллагын статустай болно гэсэн үг. Харин ирэх оны зургадугаар сард хийхээр төлөвлөсөн олон улсын хурал бол Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийг албан ёсоор зарлаж байгаа хэрэг.

Энэ бол далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын өмнө тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг тодорхойлж, түүнээс гарах арга замыг эрэлхийлж, бодлогын зөвлөмж өгөх ёстой байгууллага. Бодлогоо зөв тодорхойлохын тулд зөв судалгаа, зөв тоо баримт байх ёстой. Хэрэгтэй, хэрэгжих боломжтой, бодит зөвлөмжүүд байх нь чухал. Үүнийг л гаргах нь энэ байгууллагын үндсэн чиг үүрэг.

- Энэ төвийг Улаанбаатар хотод байгуулснаар Монгол Улсад улс төрийн хувьд ямар дэвшил гарах вэ?
Монгол Улс олон улсын тавцанд нэр хүндтэй байгаа. Олон улсын судалгааны төвийг байгуулснаар нэр хүнд улам өснө. Далайд гарцгүй орнуудын хувьд Монгол Улс манлайлагч байр сууриа хадгална. Буурай хөгжилтэй орнууд ч манай улсаас үлгэрлэж, олон улсын тавцанд бидний шийдвэрийг дэмжих хандлагатай болж байна. Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаагүй байсан Африкийн зарим орон болон харилцаа хөндийрсөн Төв азийн зарим улстай ч далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын хамтын ажиллагааны хүрээнд харилцаагаа сэргээж байна. Нөгөөтэйгүүр, олон улсын байгууллагын төв Улаанбаатарт байх нь стратегийн чухал ач холбогдолтой. Олон улсын хэлэлцээрт Монгол Улс дангаараа орох нэг өөр. Харин далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын хамтын ажиллагааны хүрээнд хэлэлцээрт ороход илүү жинтэй тусна. Мөн НҮБ-ын бүлгийн шинж чанартай ажлуудад илүү далайцтай оролцох боломж бүрдэж байгаа.


• 1990-ээд оны эхэн үед НҮБ далайд гарцгүй орнуудын бүлэг байгуулсан бөгөөд Монгол Улс үүсгэн байгуулагчдын нэг.

• 2006 онд анх удаагаа Монгол Улс дээрх олон улсын судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулах санаачилгыг НҮБ-ын хурлын үеэр гаргасан.

• Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын өмнө тулгарч байгааг хүндрэл бэрхшээлийг тодорхойлж, түүнээс гарах арга замыг эрэлхийлж, бодлогын зөвлөмж өгөх ёстой байгууллага.

- Эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтой вэ?
- Энгийнээр тайлбарлахад, далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв жилдээ нэг удаа ТУЗ-ийн хурлаа хийнэ. Өөрөөр хэлбэл, бага хурал дагасан аялал жуулчлал хөгжих боломжтой болно. Мөн далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын судалгаагаар дамжиж, бүлгийн гишүүд хоорондын эдийн засгийн харилцаа идэвхжинэ. Эдийн засгийн шинэ зах зээл нээгдэж байна гэсэн үг. Үүнээс гадна Монгол Улсын оюуны салбар дахь томоохон хөрөнгө оруулалт болно. Гаднын судлаач, экспертүүдийн баг Монгол Улсад ажиллаж, түүнтэй хамт судалгаа хийх боловсон хүчний чадавх дээ шилнэ. Манай байгууллагаас судалгаа хийхийн хажуугаар боловсон хүчнийг бэлтгэх асуудалд ихээхэн анхаарал хандуулж, хөрөнгө оруулалт хийж байгаа.

-Олон улсын судалгааны төвийг Улаанбаатарт байгууллаа. Монгол Улсын олон улсын тавцан дахь дараагийн амбийц юу байх бол?
Энэ төвийг Улаанбаатар хотод байгуулах нь том амбийц. Амжилттай ч боллоо. Гэхдээ шууд дараагийн алхам хийх хэрэггүй байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, том зүйл рүү орох шаардлагагүй. Харин гэрийн даалгавраа сайн хийх хэрэгтэй байна. Монгол Улс НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, олон улсын гэрээ конвенцэд нэгдэн орох зэрэг ажлыг гуравхан сая хүн амтай хөгжиж байгаа орны хувьд хангалттай гүйцэтгэж байгаа гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, олон улсын тавцанд Монгол Улсын дуу хоолой хангалттай гарч байна. Одоо агуулга талдаа анхаарах хэрэгтэй. Тухайлбал, Монгол Улс дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон. Мөн дэлхийн худалдааны байгууллагын худалдааг түншлэх хэлэлцээрийг соёрхон баталсан. Мөн хийн хөрш хоёр орон ч дэлхийн худалдааны байгууллагын гишүүн. Дэлхийн худалдааны байгууллага гэсэн малгайн дор хөрш хоёр оронтойгоо илүү ашигтай ажиллах шаардлагатай. Өнөөдрийн хувьд Монгол Улс дэндүү тайван, том гүрний аясаар байна. Эвтэй хэлбэрээр, зөөлөн бодлогоор дэлхийн худалдааны байгууллага дотроо эдийн засаг, худалдаагаа хөгжүүлэх хэрэг тэй. БНХАУ таван боомт ашиглах зөвшөөрөл өгсөн. Гэтэл үүнийг ашиглахгүйгээр шинэ зам хайгаад байгаад гайхаж байна.


САНАЛ БОЛГОХ