Өсөлтийн өлгий-Зүүн Өмнөд Ази

Мөнгө ба бизнес


Монгол Улс дэлхийн хамгийн өндөр өсөлттэй бүс нутагт байрлаж буй

Монгол Улс өсөлтийн өлгий нутагт оршиж байна. Бид маш хурдтай тэлж буй үлэмж том БНХАУ-ын хаяанд, дэлхийн хамгийн өндөр өсөлттэй бүс нутагт байрлаж буй. Монголыг өсөлт, өгөөж, боломж хүрээлж байгаа нь энэ. Өнгөрсөн жилүүдэд Азийн зүтгүүр болсон Хятадын эдийн засгийн өсөлтийг даган бүс нутгийн орнууд өндийсөн. Ялангуяа, Филиппин, Индонез, Вьетнамыг багтаасан Зүүн Өмнөд Азийн орнууд Хятадын араас бичигдэх хүчирхэг эдийн засгийг цогцлоож эхэллээ. Өдрөөс өдөрт өөдлөн дэвжиж буй эдгээр улс өнөөдөр бүс нутаг төдийгүй бүх дэлхийн эдийн засгийн өсөлтийн шинэ хүч болчихоод байна. Өнгөрсөн жилүүдэд өрнөсөн хямралаас үүдэн сульдаж, саарсан дэлхийн эдийн засгийн өсөлтийг Азийн хөгжиж буй орнууд өдөөж буйг Дэлхийн банк тэргүүтэй олон улсын байгууллагууд онцлох болсон. Сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн өсөлт дунджаар 2-3 хувьд хэмжигдэж байхад Филиппин, Индонез, Вьетнам зэрэг Зүүн Өмнөд Азийн орнуудын ДНБ-ий өсөлт үүнээс хоёр дахин өндөр буюу 6-7 хувьд хүрээд байна.

Дэлхийн банкны тооцоогоор Филиппиний эдийн засаг л гэхэд энэ онд 6.9 хувь өснө. Энэ оноор зогсохгүй ирэх арван жилд эрчээ алдахгүй байх төлөвтэй. Ялангуяа, Филиппин, Индонез, Вьетнам, Малайз, Сингапур, Тайландын ДНБ-ий жилийн өсөлт ирэх 10 жилд таван хувиас дээш байх төлөвтэйг олон улсын судлаачид тооцоолжээ. Өөрөөр хэлбэл, Зүүн Өмнөд Азийн орнууд ийм өндөр өсөлтийг удаан хугацаанд тогтвортой хадгалах нь. Тэгвэл энэ өсөлтийг дагаад үйлдвэрлэл, эрэлт нэмэгдэх нь тодорхой.

Ер нь Зүүн Өмнөд Азийн орнууд дэлхийн эдийн засагт том тооцогдох худалдан авагч. Энэ бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг буюу АСЕАН-ий гишүүн орнуудын хүн ам гэхэд 625 саяыг давсан. Ийм л том хэрэглэгч, худалдан авагч Азид оршиж байна.

Эдгээр орны эдийн засаг хөгжихийн хэрээр иргэдийнх нь эрэлт, хэрэгцээ, худалдан авах чадвар дээшилж, хотжилт хүрээгээ тэлсээр. Хотуудад нь ирэх 20 жилд 400 сая хүн оршин сууна гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Энэ хэрээр хотжилт дагасан эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ. Хотжилтын судас болсон гангийн эрэлт гэхэд энэ бүсэд их хэмжээгээр нэмэгдэхээр байгаа. Хэдийгээр Хятадын гангийн эрэлт саарч буй ч Индонез, Вьетнам гэх мэт хөгжиж буй орнуудад гангийн хэрэглээ өсөж, төрөлжилт үүсээд буйг салбарынхан тодотгох болсон. Энэ хэрээр гангийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт тогтворжихоор байна.

Их Хятадын үсрэнгүй өсөлт дэлхий дахиныг гайхшруулж байх зуур Азийн хөгжиж буй зарим орон чимээгүй атлаа хурдтай хөгжсөөр манай гарагийн эдийн засгийн нөлөө бүхий тоглогчдын тоонд багтаж эхэлсэн нь энэ. Тэгвэл ийм өндөр өсөлт хийгээд эрэлтийн дэргэд буй Монгол Улс үүнийгээ бүрэн ашиглаж чадаж байна уу. Үнэндээ Монгол болон Зүүн Өмнөд Азийн орнуудын харилцаа, хамтын ажиллагаа даруу, цаашид идэвхжүүлэх шаардлагатай болохыг судлаачид онцолж байна. Бид нэг бүс нутагт оршдог атлаа хоорондын гадаад худалдаа ч бага дүнтэй.

Гаалийн ерөнхий газрын мэдээллээр өнгөрсөн онд Зүүн Өмнөд Азийн дийлэнх орныг чиглэсэн Монголын экспорт 2-3 сая ам.доллараар хэмжигджээ. Тухайлбал, өнгөрсөн онд манай улс Тайландад 2.7 сая ам.долларын бүтээгдэхүүн худалдсан байна. Харин Сингапур улсад 16.9 сая ам.долларын экспорт хийсэн нь хамгийн өндөрт тооцогдож байна. Гэтэл Филиппинд 238 мянган ам.долларын бараа экспортолжээ. Ийм уудам зах зээлээс Монголын олж буй орлого ердөө энэ. Дээрээс нь эдгээр улстай хийсэн худалдаанаас Монгол Улс тогтмол алдагдал хүлээдэг. Бидний нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнд гянт болдын баяжмал, тунгаасан зэс ба хайлш, үхэр, адууны шир, лак, давирхай, гавар, ноос, ноолуур зэрэг нэмүү өртөг бага шингэсэн, хэдхэн төрлийн бүтээгдэхүүнээс хэтрэхгүй. Дэлхийн томоохон улсуудад хүртэл ирээдүйтэй хэмээн тодотгож буй эдгээр улстай бидний хийж буй худалдаа, эдийн засгийн үзүүлэлт дэндүү чамлахаар байгааг үүнээс харж болно. “Өнөөг хүртэл Монгол Улс энэ зах зээлд гарч чадаагүй. Эдгээр зах зээлийг судалж амжаагүй” хэмээн Монгол- Вьетнамын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, доктор профессор С.Дашцэвэл хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Угтаа өдрөөс өдөрт хүн амынх нь амьжиргааны түвшин дээшилж, худалдан авах чадвар нь сайжирч буй эдгээр оронд Монгол Улс бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх боломж бий. Вьетнам улс гэхэд ямааны мах Монголоос худалдан авах сонирхолтой. Өнгөрсөн сард тус улс руу туршилтын журмаар ямааны 200 тонн хөлдөөсөн мах, дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн нийлүүлэхээр болсныг эс тооцвол энэ чиглэлийн худалдааны түүх тийм ч зузаан биш. Мөн бэлэн хувцас зэрэг үйлдвэрлэлээ дэлхий дахинд хүчээ авч буй Филиппин, Вьетнам зэрэг улсад арьс, шир, ноос, ноолуурын эрэлт өндөр.

• Хэрэв ашиг олж чадах хэрэгцээт бараа, үйлчилгээг нь бэлэн болгож, тээврийн тээг саадыг шийдэж чадвал мөнгөө бидэнд тушаахад бэлэн Азийн орнууд байна.

• Бид маш хурдтай тэлж буй үлэмж том БНХАУ-ын хаяанд, дэлхийн хамгийн өндөр өсөлттэй бүс нутагт байрлаж буй.

• Тиймээс технологийн энэ давуу талыг ашиглан, хил хязгааргүйгээр энэ талбарт гарч болохоор байгаа юм.


Вьетнам улсад гэхэд гутал, пүүзний үйлдвэрлэлийн орлого нь газрын тосны дараа ордог байна. Гэвч хоёр талын худалдаа өнөө хэр өргөжөөгүй хэвээр. Угтаа энэ зах зээлд нэг давуу тал бий. Хэдийгээр биднийг Хятад улс зааглан оршдог ч хил хязгааргүйгээр худалдаа хийх боломжтой. “Google” компанийн судалгаагаар Зүүн Өмнөд Азийн орнуудын интернэт хэрэглэгчдийн тоо 260 саяд хүрчээ. Энэ хэрээр интернэт худалдаа идэвхижсэн байна. Тиймээс технологийн энэ давуу талыг ашиглан, хил хязгааргүй энэ талбарт гарч болохоор байгаа юм. Гэхдээ худалдааг тэтгэхэд тээврийн зарим тээг саадыг шийдэх шаардлагатай. Монголын бүтээгдэхүүн Зүүн Өмнөд Азийг чиглэхийн тулд Хятадын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх тул үүнийг давхар шийдэх хэрэгтэй байгаа. Мөн энэ хэрээр тээврийн зардал өсөх тул өндөр үнэт бүхий нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн нийлүүлэх нь ч чухал байгаа аж.

Хэрэв ашиг олж чадах хэрэгцээт бараа, үйлчилгээг нь бэлэн болгож, тээврийн тээг саадыг шийдэж чадвал асар их мөнгөө бидэнд тушаах Азийн орнууд бэлэн байна.

САНАЛ БОЛГОХ