ОХУ-ын эдийн засаг 2.5 хувиар өсчээ
Байр суурь
ОХУ-ын эдийн засаг хоёрдугаар улиралд жилийн дүнгээр 2.5 хувиар өсөв. Энэ нь 2012 оны гуравдугаар улирлаас хойших хамгийн дээд үзүүлэлт болж байна. Харин оны эхний хагаст тус улсын эдийн засаг 1.5 хувиар өсчээ. ОХУ-ын эдийн засаг өнгөрсөн хугацаанд төдийлэн сайн өсөхгүй байсан ч эдийн засаг нь сэргэх явц эрчимжсэн гэсэн дүгнэлтэд шинжээчид хүрсэн байна. Учир нь, газрын тосны ханш доогуур байсан ч үүнийг даван туулах нөхцөлийг бүрдүүлж эхэлсэн аж. Мөн эдийн засаг нь харьцангуй тогтворжих замаар төсвийн орлого нэмэгдэх, эдийн засагт итгэх итгэл өсөх, төсвийн дарамт буурах таатай нөхцөл бүрдсэн гэж шинжээчид тайлбарлажээ. Хэдий ийм боловч эрчим хүчний салбараас хамааралтай байдлаас гадна геополитиктой холбоотой богино хугацааны эрсдэл байгааг мөн дурдсан байна. ОХУ-ын Төв банкны мэдээлснээр тус улсын худалдааны тэнцэл долоодугаар сард 3.9 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Энэ нь жилийн дүнгээр 36 хувиар буурсан, “Bloomberg”-ийн шинжээчдийн таамгаас 1.6 дахин доогуур үнэлгээ болсон байна. Өмнөх оны мөн үед энэхүү үзүүлэлт 6.4 тэрбум ам.долларын ашигтай гарч байжээ. ОХУ-ын экспорт 10 хувиар өсөж, 24.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь шинжээчдийн таамагт хүрээгүй үзүүлэлт болсон бол импорт нь шинжээчдийн таамаглаж байсанчлан 28.1 хувиар өсөж 20.8 тэрбум ам.долларт хүрчээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй