Иргэд хариуцлага тооцохыг чухалчилав

Засгийн газар


21 аймаг, есөн дүүрэгт 63 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулжээ

УИХ-ын Тамгын газраас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдээс ирүүлсэн саналыг нэгтгэн цахим архивт бүртгүүлж байгаа талаар мэдээлэл өгөв. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Г.Занданшатар “УИХ-ын Байнгын хороодоор ахлуулсан долоон баг 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт нийт 63 удаагийн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Энэ ажилд 4705 төрийн албан хаагч, 12797 иргэн оролцсон” гэлээ. Хэлэлцүүлэгт оролцож, саналаа өгсөн иргэд төрийн өндөр албан тушаалтны сахилга, хариуцлагыг сайжруулах шаардлагатай байгааг чухалчилжээ.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт 239600 санал ирсэн байна. Үүнээс 129258 санал нь орон нутгаас ирсэн бол Улаанбаатар хотын есөн дүүргээс 110 мянган санал иржээ. УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, технологийн хэлтэс иргэдийн бүх саналыг цахим хэлбэрт оруулах тусгай программ бүтээж, Тамгын газрын ажилтнууд Төрийн тусгай албаны давхар хяналтад байдаг камераар тоноглогдсон танхимд иргэн бүрийн саналыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, заалт бүрээр нь цахим хэлбэрт оруулж байгаа аж. Хуулийн төсөлд тусгагдаагүй саналуудыг ч мөн бүртгэж, цахим хэлбэрт оруулж байгааг Г.Занданшатар гишүүн онцоллоо.

Иргэдийн саналыг цахим хэлбэрт оруулсны дараагаар архивын нэгж үүсгэж, мэдээллийн сан бүрдүүлнэ. Ингэснээр иргэн бүр өөрийн саналыг улсын архивын нэгдсэн сангаас үзэх боломж бүрдэх аж. Үүний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ болон Хүний эрхийн үндэсний комисс, Улсын дээд шүүх, хуульч, судлаач, эрдэмтдийн төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байгуулагдаж, боловсруулалтын ажлыг эхлүүлнэ гэлээ. Ажлын хэсэг дээрх саналуудыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгаж, УИХ-аар хэлэлцүүлэх төлөвлөгөө гаргажээ.



САНАЛ БОЛГОХ