Мөнгө дагасан галзуурал буюу буурал тивийн хөлбөмбөг
Хаалгач Ж.Пикфорд 30 сая еврогийн үнэ хүрэх нь энгийн үзэгдэл болжээ
Уг нь Европын хөлбөмбөгийн холбоо солилцоо наймаанд хэтэрхий их мөнгө зарцуулдаг байдлыг таслан зогсоохын тулд санхүүгийн fair play гэгч журам гаргасан. Энэ нь олсноосоо ихийг зарлагадахгүй байх гэсэн ерөнхий утгатай. Гэхдээ ийм журам гаргаад ч том багуудыг хазаарлаж чадсангүй. Учир нь жил ирэх тусам тэдний олох ашиг улам нэмэгдсээр байгаа юм. Багуудын ашиг нэмэгдэхэд телевизийн гэрээний эрх чухал нөлөөтэй байлаа. Английн “Премьер лиг” гэхэд 2015 онд айсуй гурван улирлын тоглолт шууд дамжуулах эрхээ Sky болон ВТ-д 5.1 тэрбум фунт стерлингээр зарсан. Энэ гэрээнээс орж ирэх мөнгө багуудын санхүүгийн чадавхыг үлэмж бэхжүүлжээ. Нэгэнт их хөрөнгөтэй болсон клубүүд амжилт гаргахын тулд сайн тоглогчдыг мөнгөөр “зодон” авчрах болсон нь зүйн хэрэг. Хөлбөмбөгчдийн үнэ хэрхэн өсөж буйг батлахын тулд цөөн хэдэн баримт сонирхуулъя. 2014 онд “Челси” клуб 21 настай довтлогч Лукакуг “Эвертон”-д 28 сая фунтээр зарсан. Гэтэл энэ зун “Эвертон”-чууд түүнийг “МЮ”-д 75 саяар арилжиж орхив. Гурван жилийн дотор түүний үнэлгээ 168 хувиар өсчээ. Түүнчлэн “Суонси” клуб 2014 онд Г.Сигурдссоныг “Тоттенхэм”-ээс 6.8 саяар авсан бол энэ жил “Эвертон”- д 40 саяын үнэ хүргэн арилжжээ.
“Телевизийн гэрээний үнэ өсөхийн хэрээр клубүүд өмнөхөөсөө их мөнгөтэй болсон. Энэ мөнгөөрөө шинэ тоглогч авах сонирхолтой байна. Английн лиг бол дэлхийд хамгийн шилдэг нь. Лигийн нэр хүнд өсөхийн хэрээр бизнесийн хамтрагч, ивээн тэтгэгчид сонирхох нь гарцаагүй” хэмээн Deloitte’s бизнесийн группийн ахлах зөвлөх Крис Стенсон ярив. Түүнчлэн хөлбөмбөгийн агент Жон Смит “Хаалгач Ж.Пикфорд 30 сая еврогийн үнэ хүрэх нь энгийн үзэгдэл болжээ” хэмээн наймааны галзуурлыг товчхон дүгнэсэн юм.
Европын топ таван лигийн багууд солилцоо наймаанд 5.9 тэрбум евро зарцуулжээ
Хамгийн их мөнгө үрсэн лигийн гуравдугаарт Францын лиг орсныг та анзаарсан байх. Уг нь томчууд дундаа сүүл мушгидаг газар шүү дээ. “Лиг 1” ингэж цойлоход баян арабуудын нөлөө их байлаа. Нассер Аль- Хелаифи гэгч катар бизнесмэн 2011 онд “ПСЖ” багийг худалдан авснаас хойш асар их хөрөнгө оруулалтыг энэ багт хийсэн. Улмаар энэ зун бразил довтлогч Неймарыг “Барселона”- гаас 222 сая еврогоор худалдан авч, дэлхийн хамгийн үнэтэй наймааг хийсэн юм. Ганц энэ наймаа л Францын лигийг дээш гаргахад нөлөөлжээ. Чухам энэ наймаа хөлбөмбөгийн “хар зах”-ын үнийг огцом хөөргөдсөн гэж болно. Өмнө нь 70-80 саяын наймааг бүгд уулга алдан хүлээж авдаг байсан бол одоо жирийн нэг өсөх ирээдүйтэй залуу 100 сая хүрэх нь энгийн үзэгдэл болох шинжтэй. “Борусси Дортмунд”- ын У.Дембеле 105 сая, “Монако”- гийн К.Мбаппе 180 саяын үнэ хүрсэн нь үүний нотолгоо.
Үнийн галзуурал мэдээж заримд нь ашигтай туссан. Тухайлбал, “Монако”-г нэрлэж болно. Тус баг шинэ тоглогч худалдаж авахад 105 саяыг зарцуулсан бол тамирчнаа зарсан орлого нь 394 саяд хүрэв. Ингэснээр ганц зуны хугацаанд 289 сая еврогийн ашигтай ажилласан тооцоо гарчээ. Мөн Германы “Борусси Дортмунд” 110 сая, Францын “Лион” 72 саяын ашгийг солилцоо наймааны цонхоор оллоо. Тэгвэл “ПСЖ” 343 саяын алдагдалтай явна. Гэхдээ багийн эзэд өнөөдөр зарцуулсан 300 сая ирээдүйд тэрбум болон орж ирнэ гэсэн өөдрөг төсөөлөлтэй явна.
Эцэст нь хэлэхэд мөнгө дагасан үнийн галзуурал зөвхөн энэ зунаар тогтохгүй, энэ бол зөвхөн эхлэл гэдгийг санаарай. Ирэх жилүүдэд тамирчдын солилцоо наймаанд илүү том дүнтэй мөнгө яригдаж, тэр хэрээр чадварлаг хөлбөмбөгчдийн зах зээлийн үнэлгээ өссөөр байх болно гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй