Нян үржүүлдэг цэг

ЗГМ: Сэдэв


Нэг секундэд бичил биетэн хоёр болж гэрлийн хурдаар үрждэг

Монголчууд ганзагын наймаа, гар дамжсан худалдаагаар амь зуулгаа тэжээж байсан үе бий. Олон хүн үүгээр зах зээлийн савлагаатай, хүнд үед хөл дээрээ боссон. Харин 1990-ээд онтой харьцуулахад улс орон хөгжиж, иргэдийн амьдрал дээшилсэн өнөө цагт ил, задгай худалдаа цөөрсөнгүй. III хороолол дахь “Өргөө” кино театраас ахуйн үйлчилгээний автобусны буудал хүртэлх явган хүний замд чихэр, жимс, гутал, хувцас гээд төрөл бүрийн бараа зайгүй өрөөстэй. Энэ дунд муудаж харалсан жимс, хугацаа нь дууссан амттан, шороо тоосонд дарагдсан хувцас арилжаалагчид олон. Өглөөнөөс орой хүртэл хүний хөл бужигнаж, орчноо хог хаягдлаар талхалж байна.

Ойр орчимд нь амьдардаг иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдлөө хэмээн албаныханд байнга гомдлодог ч нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй 20 гаруй жилийн нүүр үзлээ.

Баянгол дүүргийн 13-15 дугаар хороонд хамаардаг энэ хэсгийн замбараагүй задгай худалдааг цэгцлэх гэж албаныхан уйгагүй ажиллаж байна. Уг нь нийслэлийн Худалдаа үйлчилгээний нийтлэг журамд зөвшөөрөлгүй газарт худалдаа эрхлэхийг хориглодог. Мөн Зөрчлийн тухай хуульд үүнийг зөрчилд тооцож, иргэнийг 50 мянга, албан байгууллагыг 500 мянган төгрөгөөр торгодог заалттай. Холбогдох албаныхан явган хүний зам дагуу ил газарт наймаа хийж буй иргэдийг торгодог ч үр дүнд огт хүрдэггүй аж. Тэднийг 50 мянган төгрөгөөр торгож, бараа зарахгүй байхыг сануулаад явуулдаг ч маргааш нь өөр газар бараагаа дэлгэж, дур зоргоороо аашилдаг.

Зөвшөөрөлгүй талбайд асар барьж, иргэдэд түрээслүүлдэг байжээ

Тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн тасгийн дарга Д.Баасандорж “Энэ хэсэгт зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж буй иргэдэд хуулийн дагуу шаардлага тавихад маш их эсэргүүцдэг. Баянгол дүүргээс эдгээр иргэдэд сарын 35-50 мянган төгрөгийн түрээстэй хямд ажлын байр санал болгосон. Гадна талбайд наймаа эрхэлж байгаа иргэдийг ойролцоох “Apex” төвд хямд үнээр лангуу түрээслэх санал тавьсан. Мөн “Техник импорт” компанийн ойролцоох талбайд хүнсний бүтээгдэхүүн зарах зориулалттай асар засаж, орчныг нь тохижуулж байгаа. Гэтэл иргэд ашиг буурна, олон жил энд худалдаа эрхэлж байгаа тул байршлаа солихгүй гэх шалтгаанаар эсэргүүцэж, төрийн албан хаагчдыг ажлаа хийхэд нь саад учруулж байна” гэв. Тус дүүргийн хийсэн судалгаанаас үзвэл зам дагуу бараа дэлгэсэн иргэдийн олонх нь ойролцоох дэлгүүрт лангуу түрээслэдэг иргэд байдаг аж. Тэд иргэдийн худалдан авах чадвар муудсан учраас хурдан зарахын тулд зарим бараагаа гадна гаргасан гэх. Мөн зарим иргэн автомашинаасаа бараа зарах нь ч олширчээ. Ийм үзэгдэл эдийн засаг суларсантай холбоотойгоор сүүлийн жилүүдэд нэмэгдсэнийг албаны хүн онцоллоо.

Өнгөрсөн сард 1000 нэрийн барааны дэлгүүрийн ойролцоох талбайд 10 гаруй жил зөвшөөрөлгүй худалдаа хийж байсан асрыг буулгажээ. Асрыг барьсан компани тэнд худалдаа явуулах ямар ч эрхгүй атлаа асраа иргэдэд 350-500 мянган төгрөгөөр түрээсэлж байсан аж. Энд модон авдраар зассан 40 лангуу байсан гэхээр өнгөрсөн хугацаанд хууль бусаар асар их хэмжээний орлого олж байжээ. Энэ бол ганцхан Баянгол дүүргийн жишээ. Хотын бусад хэсэгт ч энэ мэт хуулийг уландаа гишгэсэн, зах замбараагаа алдсан наймаачид бишгүй бий.

Ихэнх задгай худалдаа эрхлэгчид дээрх шиг томоохон худалдааны төв барааддаг бол зарим нь ерөнхий боловсролын сургуулийг “онилдог”. Учир нь хүүхдүүд амттан л авч идэж байвал, тэдэнд хаана зарж буй нь чухал биш. Хичээлийн завсарлагаанаар 100 төгрөгийн зайрмаг, 800 төгрөгийн пирожки гээд ил, задгай зарж буй хүнсний бүтээгдэхүүн авах нь түгээмэл. Тэд гоё баглаа боодолтой, хямд үнэтэй, амттай л бол тоос шороонд дарагдсан, хадгалалтын хугацаа нь дууссан эсэхийг үл анзаарна. Гэтэл ил, задгай хүнс гэдэг хүний, ялангуяа, хүүхдийн эрүүл мэндэд үлэмж хортой.

• Цөөн хэдэн хүн орлого олохын төлөө бусдад эрүүл ахуйн шаардлага хангахгүй бүтээгдэхүүн худалдаж буйг зөвтгөх аргагүй.

• Ихэнх задгай худалдаа эрхлэгч томоохон худалдааны төв барааддаг бол зарим нь ерөнхий боловсролын сургуулийг “онилдог”.

• Өнгөрсөн онд манай улсад нийт 9000 гаруй гэдэсний халдварт өвчний тохиолдол илэрчээ. Үүний 80 гаруй хувийг нийслэлчүүд эзэлж буй.

 Өнгөрсөн онд манай улсад нийт 9000 гаруй гэдэсний халдварт өвчний тохиолдол илэрчээ. Үүний 80 гаруй хувийг нийслэлчүүд эзэлж буй. Насны бүтцээр нь харвал бага насны хүүхдүүд түлхүү өвджээ.

Хүнсний бүтээгдэхүүнд температурын аюултай бүс гэж бий. Аливаа хүнсийг 5-60 хэмийн дулаанд хадгалж болдоггүй. Хэрэв ийм орчинд хоёр цагаас дээш хадгалвал шим тэжээл нь муудаж, төрөл бүрийн нян үржих нөхцөл бүрддэг. Ялангуяа, бургер, пирожки зэрэг түргэн хоолонд нян гэрлийн хурдаар өсдөг юм байна. Нэг секундэд нэг бичил биетэн хоёр болж үрждэг. Энэ зарчмаар 10 цагийн дотор 10 тэрбум хүрч олширдог юм байна. Бохир орчинд ил худалдаж буй бүтээгдэхүүнд ганцхан нян наалдана гэж үгүй. Ингэж тооцвол задгай худалдаанаас авсан хүнсэнд хэдэн сая нян дагалдаж ирнэ гэсэн үг.

Ихэнх задгай худалдаа эрхлэгч зам дагуу байрладаг учраас зарж буй хүнс нь хөрс болон агаарын бохирдол дээр автомашины хорт утаа нэмэгдэж бараг “бактериологийн хорт зэвсэг” болчихно. Автомашины утаанд хар тугалгаас гадна олон төрлийн хүнд металл агуулагддаг. Гэтэл хүүхдүүд хүнсийг угааж, цэвэрлэхгүй идчихдэг. Уут, савалгаатай бүтээгдэхүүн авлаа ч гэсэн гадна тал нь бохирдсон байдаг учир бохир гараар дамжин мөн л эрүүл мэндэд нь хор учруулж буй. Тухайлбал, задгай худалдаанаас жигнэмэг авахдаа түүнийг гараараа барьж, цаасыг нь задална. Цаасанд наалдсан нянгууд гараар дамжин аманд орж, гэдэсний халдварт өвчний үүсвэр болно. Ихэнх эцэг, эх хүүхдээ хичээлдээ явахад нь 1000-2000 төгрөг өгдөг. Гэтэл тэд сургуулийнхаа ойр орчмоос өвчний голомт болсон бактеритай хүнс авч инээд алдан идэж байна.

Өнөөдөр эрүүл мэндэд нь шууд нөлөөлдөггүй юм гэхэд ирээдүйд ужиг өвчний эхлэл болох нэн аюултай. Өнөөдрийн 1000 төгрөг маргааш хэдэн сая төгрөгийн эмчилгээний зардлын “өр”-нд унагаах эхлэл ч болж мэдэх нь.

Хэдийгээр ил, задгай талбайд худалдаа эрхлэх нь зарим хүний амьдарлаа залгуулах арга болдог ч үүний хор уршиг нь олон хүнд нөлөөлж байна. Мэдээж, иргэдийн эрүүл ахуйн боловсрол, хэтэвч нимгэн байдал эмх замбараагүй худалдааг дэвэргэдэг. Гэхдээ зах зээлийн нийгэмд нэг хү ний эрхээр нөгөө хүний эрх хязгаарлагддаг хуультай.

Тэгээд ч цөөн хэдэн хүн орлого олохын төлөө бусдад эрүүл ахуйн шаардлага хангахгүй бүтээгдэхүүн худалдаж буйг зөвтгөх аргагүй.

Хүний эрхийн үндэсний комиссоос задгай талбайн наймаачдын үйл ажиллагааг хорих нь хүний эрх зөрчихгүй гэсэн дүгнэлт гаргасныг албаны хүн онцолсон. Тиймээс 20 гаруй жил мөнгөний төлөө бусдын эрүүл мэндийг хохироож буй замбараагаа алдсан наймаачдад төр төмөр нүүрээ харуулж, нян үржүүлдэг цэгүүдийг цэгцлэх цаг хэдийнэ болжээ.
САНАЛ БОЛГОХ