Хөгжлөөс гээгдсэн хөөрхийлөлтэй төрх

Нийтлэлчийн булан


Одоогийн байдлаараа үргэлжилбэл Замын-Үүдийн ирээдүй үнэхээр бүрхэг байна

Одоогоос 22 жилийн өмнөх түүхийг эргэн сөхвөл гоё сайхан мөрөөдөл нэлээд хөвөрнө. Тэр жил УИХ нэгэн чухал хууль баталсан нь Замын-Үүдийг эдийн засгийн чөлөөт бүс болгон хөгжүүлэх тухай байв. Энэ хууль амьдралд хэрэгжсэнээр хилийн жижиг сум их мөнгө эргэлдсэн худалдааны том төв болон хөгжих учиртай байлаа. Гэтэл 22 жил улиран одсон ч өөдлөн дэвжсэн зүйл үгүйг бид бэлхнээ харна.

“Намайг 1990-ээд оны дундуур наймаанд явдаг байхад Замын-Үүд ямар байсан, одоо бараг л тэр хэвээрээ” хэмээн “Бөмбөгөр” худалдааны төвд лангуу ажиллуулдаг М ярьсан юм. “Өдийд харин ч гайгүй байна. Хавар бол хэцүү шүү дээ, байнга шороогоор шуурна. Гадаа удаан суух ч аргагүй” хэмээн тэр нэмж хэлэхдээ итгэл нь бөхсөн нүдээр харав.

Бид Замын-Үүдийг эрээнтэй байнга харьцуулдаг. Хоёулаа л адилхан, боомтын жижиг хотууд. Гэтэл өнгөрсөн жилүүдэд энэ хоёр нутгийн хөгжил тэнгэр, газар мэт ялгаатай болсныг харьцуулж ярих нь зүйн хэрэг.

Хоорондоо хэдхэн километрийн зайд орших хоёр хот яагаад ингэж хол зөрүүтэй хөгжинө вэ. Бидний зүгээс юу болохгүй байна вэ.

 Юуны өмнө эрээн хотын талаар товч өгүүлье. Хятадын Засгийн газар анх 1992 онд тус хотыг ирээдүйд олон улсын худалдааны төв болгох зорилгоор байгуулжээ. Тухайн үед ердөө найман мянган хүнтэй байсан гэдэг. Гэтэл өдгөө гаднын ажилчдыг оруулаад 100 мянган хүн амьдардаг томоохон хот болж өргөжсөн байна. 2016 онд энд давхардсан тоогоор 1.98 сая хүн зорчиж, жуулчлалаас орж ирэх орлого 8.6 хувиар өсөж, 4.4 тэрбум юаньд хүрсэн тухай Хятадын сайтуудад мэдээлжээ. 1990-ээд оны дундуур ганц ширхэг машингүй, хэдэн яйжгар хүн тэрэг хөлхсөн, хуучны дэнжийн мянгын захыг санагдуулам зээлтэй байсан бол өдгөө нүүрээ угаасан хүүхэд мэт өнгө зассаныг тэнд очсон хүн бүр шагшин ярьдаг. Энд Замын-Үүд шиг шороогоор шуурна гэсэн ойлголт үгүй. Учир нь эргэн тойрон тэр чигээрээ ногоон байгууламж. Ялгаагүй л говь цөл газар ч гэсэн тэнд зүлэг ургуулж, мод тарьж, элсний нүүдлийг зогсоож болдгийг хятадууд бидэнд жинхэнэ утгаар нь харуулж байна.

Хотын дарга Тянь Юн pressreader.com-д өгсөн ярилцлагадаа 2017 онд дотоодын болон гаднын жуулчдыг татах зорилгоор 20 сая юань буюу 2.9 сая ам.долларыг ресторан, зочид буудал, орон сууц, зугаа цэнгээний газар барихад зарцуулснаа тайлагнажээ. Ойрын үед нэг тэрбум юаниар жуулчлалын үйлчилгээний төв барих гэнэ. Ийнхүү хорь гаруйхан жилийн өмнө сураг ч үгүй байсан газарт орчин үеийн том хот сүндэрлэн улам хөгжсөөр.

Харин Монгол, Хятадыг холбосон цорын ганц төмөр замын боомт болох Замын-Үүд энэ хугацаанд чөлөөт бүсийн шав тавьж, дарга нар тууз хайчлахаас өөр хөгжил дэвшилд хүрээгүй гээд хэлчихэд хатуудсан болохгүй. Мэдээж орон сууц, худалдааны төвүүд баригдсан ч хотын өнгө үзэмжид гэрэл гэгээ нэмэх байгууламж ховор. Уг нь 1994 онд сумын статустай болсноос хойш оршин суугчдын тоо тогтмол нэмэгдсэн юм билээ. Өдгөө энд 17 мянган хүн аж төрж байна. Түр оршин суугч болон явуулын хүмүүсийг нийлүүлж тооцвол энэ тоо 20-25 мянгын хооронд хэлбэлзэнэ. Өдөрт 6-8 мянган зорчигч автобус болон төмөр замаар хил нэвтэрдэг гэдгийг бодолцвол яах аргагүй олны хөл бужигнасан газар. Гэвч хэдэн хуучин барилга, эвдэрхий зам, нүүр нүдгүй боссон тоос шороо, гудмаар нь давхилдах эвдэрч хэмхэрсэн хэдэн УАЗ-469 машин л энд байна. Очиж үзээгүй хүн бол Замын-Үүдийг иймэрхүү байдлаар төсөөлөхөд хангалттай. Эрээн хотын жуулчлалын товчооны дарга Жан Ин Жие хэвлэлд ярихдаа “Замын-Үүдийн байдал хятадуудын хувьд тун тохигүй санагддаг. Хятадын бүлэг жуулчдын хоёр хэсэг ороход л хэдэн жижиг дэлгүүрийнх нь лангууг хоослохоор. Гэхдээ хятадууд Монголд үйлдвэрлэсэн барааг авах сонирхолгүй байдаг” хэмээжээ. Хатуу ч гэсэн үнэн л дээ.

“Замын-Үүд бол Монгол Улсын 300 гаруй сумтай ижилхэн төсөвтэй л газар шүү дээ. Ийм тарчиг байхад хөгжил ямар байх нь ойлгомжтой. Эдийн засгийн чөлөөт бүс гэж хөөрөлдөөд л байгаа. 1995 онд хууль нь батлагдсанаас хойш 22 жил өнгөрсөн ч ядаж тойруулаад барьсан хашаа ч алга. Нэн тэргүүнд Хот тосгодын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж, улмаар аймгийн зэрэглэлтэй хот болговол эрх зүйн хувьд зөв голдиролдоо орж, цаашид хөгжих чадамж нь бүрдэх болов уу. Харин өнөөдрийн байдлаараа үргэлжлэх юм бол Замын-Үүдийн ирээдүйг төсөөлөхөд үнэхээр бүрхэг. Эрээний боомттой харьцуулахад хөгжлөөрөө маш их хоцорч яваа. Гэхдээ бид төсөв хүрэлцэхгүй байна гээд зүгээр суугаагүй. Дотоод, гадаадын аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч нарт хандан зовлонгоо ярьж л явна” хэмээн тус сумын Засаг дарга Н.Алдар баяр учирласан юм.

Нэг үеэ бодвол энд бүтээн байгуулалтын ажил мэр сэр хийгдсээр байгаа. Тухайлбал, азийн хөгжлийн банкны 78.5 сая ам.долларын санхүүжилтээр бүс нутгийн ложистикийн төв буюу шилжүүлэн ачилтын талбай баригдаад дуусах дөхсөн. Мөн Хятадын Засгийн газрын 58.8 сая ам.долларын зээлээр дулааны цахилгаан станц, төв цэвэрлэх байгууламж зэрэг чухал объект баригдаад бараг дуусаж байна. Үүнээс гадна нарны сэргээгдэх цахилгаан станц барих Японы том төсөл хэрэгжих гэж буй. 25 сая ам.долларын төсөвтэй энэ станц ашиглалтад орвол бүс нутаг цахилгааны найдвартай эх үүсвэрээр хангагдах юм билээ. Иймэрхүү ажил хийгдэж байгаа ч гүйцэтгэл нь яст мэлхийний хурдтай.

Хоорондоо хэдхэн км-ийн зайд орших хоёр хот яагаад ингэж ялгаатай хөгжинө вэ

“Замын-Үүдийг хүнд, хөнгөн үйлдвэрийн болон боомт хот болгож байж хөгжинө. Хөгжилд хүрэх хамгийн том хөшүүрэг бол эрхзүйн зохицуулалт. Бидний хувьд өөрсдөөс шалтгаалах бүхнээ хийсэн. Хөдөөгийн сум, багууд дээр наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 2-ны хооронд Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг хийлээ. Нийт 800-гаад иргэний саналыг нэгтгээд УИХ руу явуулсан. Замын-Үүдийн иргэд юу хүсч  байна гэвэл ерөөсөө л бие даасан хот болох” хэмээн Н.Алдар баяр дарга нэмж хэлсэн юм.

Тус сум жилд хоёр тэрбум гаруй төгрөгийг аймгийн төсөвт төвлөрүүлдэг юм байна. Үүнд хилээр нэвтэрсэн дотоод, гадаадын иргэдээс хурааж авдаг 1000 төгрөгийн орлого багтана. Өмнө нь энэ мөнгө сум хөгжүүлэх санд үлдэж, орон нутгийн хөгжилд бага ч атугай нэмэр болдог байжээ. Харин өнгөрсөн жил аймгийн  ИТХ-аас тогтоол гаргаж, өнөөх мөнгө аймгийн төсөвт төвлөрдөг болов. Ийнхүү олсон хамаг орлогыг нь хураагаад авчихдаг хэрнээ зөрүүлээд илүүчлэх мөн гө өчүү хэн төдий байдаг нь ма най улсын нүүр царай болсон чу хал боомтын хөгжлийг хойш чангаасаар. Яах аргагүй “Лонхонд унгаж, нохойд зайлж өгнө” гэдэг үгийг санагдуулам.

Монгол Улс гадаад худалдааныхаа 65 хувийг өмнөд хөрш тэйгөө хийдэг. Энэхүү худалдааны эргэлтийн үлэмж хэсэг нь Замын-Үүдийн боомтоор дамжина. Монголчууд өдөр бүр хэдэн мянгаараа эрээнийг зорьж, тэндхийн барааг нутаг руугаа зөөсөөр. Нэгэнт эрэлт, хэрэгцээ байгаа учраас энэ цуваа цаашид ч үргэлжилнэ. Харамсалтай нь энэ цуваа он удаан жил зөвхөн эрээнийг л хөгжүүлжээ. Бид хятадуудыг муйхарлан муулж, үзэн ядаад байдаг ч тэд орон нутгаа хөгжүүлж чадаж байгааг нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Харин манай дарга нар шав тавьж, шоудахаа хэзээ больж, нүүр тахлах ганц боомтоо эрээний түвшинд хүртэл хөгжүүлэх юм бол.
САНАЛ БОЛГОХ