Амины үнэтэй халуун тогоо

ЗГМ: Цуврал


Нэг хүүхдэд дунд­ жаар 436 мянган төгрөгийн эмийн зардал ногдож байна

Тонгочин тоглодог насандаа эмнэлгийн бүгчим өрөөнд дусал залгуулж, ээж аавынхаа өвөр дээр өвчиндөө шаналан хэвтэх хүүхдүүдийг эгцэлж харах ч хэцүү. Тоглоомынхоо хойноос гүйж яваад халуун тогоотой усанд түлэгдсэн гурван настай охин Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасагт хэвтээд зургаа хонож байна. Түүний ээж Б.Уянга үүнд өөрийгөө буруутган, эмнэлэгт охиноо сахих хугацаанд сэтгэл нь хямарч, нойргүй шахуу хэд хоножээ. Тэд Сэлэнгэ аймгаас хотод ирсэн даруйдаа эхний өдөр охиныхоо эмчилгээнд 100 мянга гаруй төгрөг өгсөн аж. Хэдийгээр ор үнэгүй, улсын төсвөөс эмийг нь даадаг ч зардал үүгээр тогтохгүй нь ойлгомжтой.


Халуун тогооны зах зээлийн үнэ 30-40 мянган төгрөг. Гэвч импортын энэ хямд бүтээгдэхүүн хурдан буцалдгийг эс тооцвол эрүүл мэндэд хортой, хүүхдийн аминд халтай хэрэггүй эд. Ийм бүтээгдэхүүнийг худалдан авч, бяцхан үрсийнхээ амийг халуун тогоогоор сольсоор байх уу.

ГССҮТ-д сүүлийн дөрвөн жилд түлэгдсэн шалтгаанаар 14,372 хүүхэд ханджээ.

Орон нутгийн эмнэлгүүдэд түлэнхийн тасаг байдаггүй учраас хүнд түлэгдэлтэй хүүхдүүд заавал нийслэлийг зорих шаардлагатай болдог.

2016 онд 1130 хүүхэд ГССҮТ-д түлэгдсэн шалтгаанаар хандсаны 112 нь халуун хоол, цайнд түлэгджээ. Өндөр хувийн түлэгдэлттэй бол эцэг, эхчүүд хагалгааны зардлын 25 хувийг халааснаасаа гаргана. Мөн хүүхдийн эрүүл мэндэд учрах хохирол хэмжээлшгүй. Түлэгдсэн охид 18 нас хүртлээ жил бүр арьс татуулах хагалгаа хийлгэдэг.

Боолт, тос зэрэг ойр зуурын хэрэгцээнд өдөрт 20 орчим мянган төгрөг зарцуулж байна.


Өнгөрсөн онд ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хэвтэж буй 0-5 насны хүүхдүүдийн зөвхөн эмийн зардалд улсын төсвөөс 417 сая төгрөг олгожээ.

Түлэнхийн тасагт хүүхдүүд дунджаар ес хоног хэвтдэг байна. Эцэг, эхчүүд эхний хоногт 100 мянга, дараагийн найм хоногт 20 мянган төгрөг зарцуулдаг гэж үзвэл улсын төсвийн эмийн зардалтай нийлээд 600 мянга гаруй төгрөг нэг хүүхдийн эмчилгээнд зарцуулдаг байна. Хэдийгээр бага сонсогдож болох ч энэ бол зарим айлын бүтэн сар амь зуух мөнгө. Хэрэв хүүхдийн бие тааруу бол зардал үржихийн хүрдээр өснө.

Өнгөрсөн онд 0-5 насны 160 хүүхэд хорвоог орхисон гашуун мэдээ байна. Тэдний 35 хувь нь халуун тогоонд буцалж байсан зүйлд түлэгдсэний улмаас амиа алдсан нь эмгэнэлтэй.


САНАЛ БОЛГОХ