Амины үнэтэй халуун тогоо-3
ЗГМ: Цуврал
Халуун тогоонд түлэгдсэн хүүхдүүд Түлэнхийн тасагт өдөр алгасахгүй ирсээр
Хөрслөг бор арьстай, туранхай жаал эмнэлгийн орон дээр хөрвөөх ч тэнхэлгүй хэвтэнэ. Хөрвөөе гэсэн ч халуун хоолонд шалзлагдсан нуруу, хөл, бөгсөн бие нь хөндүүрлэнэ. Хүү олон хоног өвчиндөө шаналсан тул нүүрэнд нь хүүхдийн гэнэн томоогүй инээд тодролгүй уджээ. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасагт уулзсан шинэ танилыг маань С.Ганхүлэг гэдэг. Баянхонгор аймгийн Баацагаан суманд ээж, аав, 11 сартай охин дүүгийн хамт амьдардаг. Жил бүр Эх үрсийн баяр тэмдэглэхээр баяр хөөртэй болж, нийслэлийг зорьдог байсан бол энэ удаад гурав хоног үхэлтэй тэмцэн байж Улаанбаатарт иржээ.
С.Ганхүлэг хүүг найз нь санамсаргүй халуун тогоотой буцалсан халуун хоол руу түлхчихжээ. Тэр үед цахилгаан тасарсан байсан тул ээж нь үүдний өрөөн дэх зууханд гал түлэхээр явсан байв. Гай газар доороос гэгчээр хэдхэн хором халуун тогооноос холдох тэр мөчид ийм аймшигтай зүйл болжээ. Хүүгийн ээж Л.Өлзийцэцэгийн хэлснээр долдугаар сарын 21-нд Баацагаан сумын эмнэлэгт яаралтай аваачсан боловч эмч нар гайгүй гэсээр байгаад нэг өдөр алдсан аж. Хүүгийн бие маш тааруу байсан тул өөрсдөө аймгийн төв рүү авчирсан ч эмч нар олигтой тусламж үзүүлж чадаагүй тул тэнд хоёр хоноод, нийслэлд иржээ.
• Тэр 600 гаруй км зам туулахдаа байнга өвчин намдаах тариагаар “угжуулж”, шокийн байдалтай явсаар иржээ.
• Боолтоо солиулахын тулд заримдаа нэг, хоёр цаг хүлээх нь ч бий. Удаан сууж чадахгүй түүний хувьд хамгийн хүнд даваануудын нэг.
• С.Ганхүлэг энэ жил бусад зургаан настнуудын адил сургуулийн босго алхана. Гэвч гэнэт ирсэн гайгаас болж хичээл, ном нь завсардахад хүрээд буй.
Энэ гурав хоногт уураг их хэмжээгээр алдаж, өөрт хэрэгтэй анхны тусламжийг авч чадалгүй 600 гаруй км зам туулахдаа байнга өвчин намдаах тариагаар “угжуулж”, шокийн байдалтай явсаар иржээ.
Бид С.Ганхүлэгтэй ГССҮТ-д арьс нөхөх хагалгаанд орсных нь дараа уулзсан юм. Хүү өвчиндөө зовиурлан бидэнтэй огт г дуугарсангүй. Харин халуун тогооны хар гайгаас бусдыг сэрэмжлүүлэх зорилгыг минь сонсоод ээж, аав нь гэрэл зураг авахаас татгалзаагүй юм. Ээж нь “Түлэнхийн тасагт халуун тогоотой хоол, цай, эсвэл буцалсан усанд түлэгдсэн хүүхдүүд л ирдэг юм байна. Хүү минь анх ирэхдээ бараг юу ч идэж, уухгүй, үнэхээр хүнд байсан. Харин сайн эмч нарын буянаар арай дээрдэж байна” гээд хотод хөлсөлж буй байшиндаа урилаа.
Анх хотод ирээд хүү нь үхэл, амьдралын зааг дээр байх үед аав О.Соронзонболд, охин дүү хоёр нь ГССҮТ-ийн гадаа машиндаа хоёр хоножээ. Бяцхан охин дүү нь хөхүүл учраас ээжээсээ “уяатай”, аав нь хүүгээ дээрдэх болов уу гэсэн сэтгэлийн уяатай тул холдож төвдөөгүй аж. Тиймээс ГССҮТ-тэй ойрхон байшингийн нэг өрөөг сарын 120 мянган төгрөгөөр түрээсэлжээ. Умгар өрөөний буланд дэвссэн гудсан дээр С.Ганхүлэг хүү өдөржин хэвтэнэ. Эхний хэдэн өдөр боолтоо авахуулах, эмчдээ үзүүлэхээр л гадагш гарч, бусад цагт гар утастай “найзална”. Богино хугацаанд шархыг нь эдгээх, арьсыг нь төлжүүлэхийн тулд ээж нь хоёр цаг тутамд янз бүрийн тос, гель түрхдэг. Тэр бүрт бараг биеийнх нь гуравны нэгийг бүрхсэн шарх нь хөндүүрлэх тул ээждээ уурлана, уйлна. Болдогсон бол босоод, зугтаад гүймээр санагддаг биз. Ээж, аав нь хүүгээ аргадаж, аль болох сатааруулахыг бодно.
С.Ганхүлэг хүү дугуй унах дуртай. Заримдаа ойр зуур гарахдаа сая хотод ирээд авсан шинэ дугуйгаа авч явна гэж зүтгэнэ. “Хурдан эдгээд шинэ дугуйгаа унаарай” гэхээр толгой дохиж, нүд нь гялалзах нь үнэхээр өрөвдмөөр.
Аймаг, сумын төвд зөв эмчилгээ хийлгэж чадахгүй явсаар хугацаа их алджээ
Хүүгийн бодолд хурдан алхдаг, өөрийн дураар гүйдэг болох юмсан гэсэн хүсэл л эргэлдэж байгаа нь илт. Харин ээж, аавд нь толгой өвтгөх түмэн бэрхшээл бий. Ээж Л.Өлзийцэцэг нь Баацагаан сумын Соёлын төв болон сургуулийн хөгжмийн багш. Харин аав О.Соронзонболд нь хувиараа модон эдлэл хийдэг. Тэд хотод ирэхдээ хүнээс 1.5 сая төгрөг зээлсэн ч зөвхөн эхний хоёр хоногт эм, тарианы төлбөрт “урсгаад” дуусгажээ. Ажлаасаа цалингийн зээл авч, аав, ээж, ах дүү, найз нөхөд гээд бүгдээс нь их, бага хэмжээгээр тусламж авсан. Бас сумынхан нь хандивын тоглолт зохион байгуулж, 700 орчим мянган төгрөг цуглуулж өгчээ. Гэвч түлэнхийд түрхдэг зуун грамм тос гэхэд л 50, 60 мянган төгрөгөөс эхэлнэ. Түлэгдсэн талбай нь том учир хурдан дуусна. Дахиад л мөнгөний эрэлд гарахаас аргагүй. Гэхдээ хүүгийн бие өдөр, өдрөөр сайжирч буй нь хэн хэнд нь урам зориг өгч байв. “Хөдөөний хөрслөг арьстай, өөрөө дархлаа сайтай тулдаа л хурдан тэнхэрлээ” гэж ээж нь ярина.
С.Ганхүлэг энэ жил бусад зургаан настнуудын адил сургуулийн босго алхана. Гэвч гэнэт ирсэн гайгаас болж хичээл, ном нь завсардахад хүрчээ. Ээж нь “Ямар ч байсан сургуульд нь бүртгүүлээд, нээлтийн ёслолд оролцуулна. Удаан сууж чадахгүй болохоор одоохондоо сургуульд явах боломж алга. Үсэг, тоог нь гэрээр заана даа” гэв.
Арьс нөхөх хагалгаанд орсноос хойш гурван долоо хоногийн дараа хүүгийн бие сайжирчээ. Ойр зуур алхдаг, энгийн хувцас өмсөх боломжтой болов. Сар орчим гэрээсээ хол байсан тэд нутагтаа харихаар яарч буй нь илт. Хүүгийнхээ хичээлийн хэрэгсэл, хувцаснаас гадна нутгийнхандаа өгөх ойр зуурын юм цуглуулж буйтай нь бид таарсан юм. С.Ганхүлэг уг нь нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой хүү. Өвчин нь илааршиж буйн тэмдэг гэвээс, хүүхдийн гэнэн томоогүй зан, дүрсгүй байдал нь эргэж иржээ. Охин дүүгээ бас хөөрхөн шоглочихно. Би үсэг мэддэг гээд “А” үсэг зурж байгааг нь анх уулзаж байсантай нь харьцуулах ч юм биш.
Гэхдээ санаа амрах цаг болоогүй. Тэд нутагтаа хэд хоночихоод ирэх сарын 10-нд нийслэлд эргэн ирж, физик эмчилгээ хийлгэнэ. Бас нөхсөн арьсны завсар мах ургахаас сэргийлж, өдөр бүр өмсөх зориулалттай хувцас авна. Ийм хувцас хамгийн багадаа 100 мянган төгрөг. Гурван ээлжийнхийг авна гэвэл энэ дүн дахиад л өснө. Ер нь түлэнхийн зориулалттай хувцсыг арьс нь бүрэн төлжтөл нэлээд хэдэн жил өмсдөг юм байна. “Одоо байнга тос түрхэж, арьсыг нь арчлах хэрэгтэй. Бид хоёр өөрсдийнхөө буруугаас болж хүүгээ түлсэн болохоор бүрэн эдгэртэл нь сайн арчилна даа” гэж Л.Өлзийцэцэг сүүлд уулзахдаа нүдэндээ нулимстай өгүүлэв.
Амьдралынхаа хүнд сорилтыг давсан С.Ганхүлэг хүү өчигдөр нутаг буцлаа. Гэвч ГССҮТ-д түүн шиг халуун тогоотой хоол, цайнд түлэгдсэн хүүхэд өдөр бүр ирсээр байгаа нь туйлын харамсалтай. Цаас чичихээс нааш цоорохгүй, хүн хэлэхээс нааш ухаарахгүй гэдэг. Халуун тогооны буруу хэрэглээ, хайнга байдлаас болж бяцхан үрсийнхээ амь нас, эрүүл мэндийг золиослохоо хэзээ болих вэ. Монголчууд шиг төрүүлсэн үрээ халуун тогоонд “чанадаг” улс энэ хорвоод биднээс өөр бий болов уу.
(Эцэг, эхийн хүсэлтээр хүүхдийн зургийг оруулаагүй болно)
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй