Гарааны бизнесийн идэвхжлийн үе

Мөнгө ба бизнес

Монголын гарааны бизнесийн орчин 10 онооноос 3.5 үнэлгээ авчээ

Мэдлэгээс баялаг бүтээдэг гарааны компаниудын хүчтэй давалгаа манайд иржээ. Apple, Facebook зэрэг дэлхийн топ компаниудыг “төрүүлсэн”, гарааны бизнесийн өлгий нутаг АНУ-аас эхэлсэн энэ давалгаа дэлхийн өнцөг булан бүрт бизнесийн шинэ соёл, хандлагыг түгээж байна. Зарим орон старт апыг хөгжлийн гарц хэмээн үзэж, төрийн бодлогоороо дэмжиж буй. Манайхтай адил зэс, төмрийн хүдрээр баялаг Чили улс түүхий эдээс гадна старт апын “ид шид”- ийг ашиглан эдийн засгаа улам хүчирхэгжүүлж байна.

 Старт ап үндэстэн гэгддэг израильтай харьцуулахад манайд энэ салбарын хөгжил дөнгөж эхлэл төдий. Зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй, эдийн засаг нь савалгаатай байдаг тул хөгжил нь дөнгөж соёолж байна. Гэхдээ гарааны бизнес гэдэг үг манайд шинэ ойлголт биш. “Start up Mongolia” төрийн бус байгууллагын тооцоогоор монголд өдгөө 400 орчим гарааны компани өрсөлдөөн дунд торниж байна.

Монголын старт ап хөдөө аж ахуй руу чиглэх хандлагатай байна

Тус байгууллагаас монголд гарааны бизнес хөгжих таатай орчин бий эсэхийг олон улсын аргачлалаар үнэлжээ. Гэвч Монгол Улс 10-аас 3.5 оноо авсан нь маш доогуур үнэлгээ юм. Уг үнэлгээг ийнхүү доош чангаасан хамгийн гол шалтгаан нь хүний нөөц. Шинэ санаа байвч түүнийг бодит ажил болгох боловсон хүчин хамгийн их дутагдаж байна. Жил гаруйн өмнө байгуулагдсан бай гальд ээлтэй архитектур, зураг төслийн “NSP” компанийн захирал Г.Төмөрчөдөр “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бидний бүтээсэн зүйл бол хүний нөөц. Энэ чиглэлээр их, дээд сургууль төгссөн залуучуудын мэдлэг, чадвар сул учраас сургаж авахаас өөр арга байгаагүй. Хүний нөөцөө чадавхжуулсны дараа л том төслүүд дээр ажиллах боломж бүрдэнэ” гэв.

Үнэлгээг доош татаж буй бас нэг шалтгаан нь санхүүжилтийн механизм. Гарааны бизнес эрхлэгчдийн ихэнх нь шинэ санаа, хийж бүтээе гэсэн эрч хүч, ганц компьютертэйгээр ажлаа эхэлдэг. Тэд барьцаа хөрөнгөгүй гэсэн шалтгаанаар банкнаас зээл авч чаддаггүй.

Уг нь гаднын бусад оронд энэ бэрхшээлийг цөөнгүй аргаар шийдсэн. Гарааны бизнес өндөр хөгжсөн орнуудад ментор буюу зөвлөгчид хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Ментор бол амьдралд хэрэгжиж, мөнгө олох боломжтой шинэ санаа бүхий компанийг бойжуулагч гэж хэлж болно. Тэд сонгосон гарааны компанийнхаа бага хэмжээний хувьцааг худалдаж авах юм уу эсвэл хөрөнгө оруулалт хий дэг. “Нялх” компанийг хөлдээрээ бостол нь зөвлөгөө өгч, дэмжинэ. Зарим тохиолдолд бойжуулж буй компаниа хэдэн шат ахиулсны дараа хувьцаагаа дараагийн менторт зарж, ашиг олох нь түгээмэл.

Түүнчлэн, венчур хөрөнгө оруулагчид гэж бий. Тэд тодорхой шалгуур давсан гарааны компаниудад барьцаагүйгээр хөрөнгө оруулдаг. Мөн шинэ санаагаа олон нийтийн сүлжээ эсвэл цахим сайтад байрлуулж, мөнгө босгох краудфандинг арга ч бий. Гол нь бизнесийн санаа нь ирээдүйд мөнгө дуудна гэсэн итгэл төрүүлэхүйц байх хэрэгтэй. Манайд энэ аргыг амжилттай хэрэгжүүлсэн жишээ байна. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг онлайн хувилбарт шилжүүлсэн lean.mn дотоодоос болон Японы зах зээлээс нийт дөрвөн сая ам.доллар босгосон байна. Lend.mn сайт хагас жилийн дотор 250 мянган хэрэглэгчтэй болж чадсан. Зээл авахыг хүсвэл гар утасны аппликэйшнд бүртгүүлэх бөгөөд хэдэн төгрөгийн зээл олгож болохыг хиймэл оюун ухаан тооцон гаргахаар автоматжуулжээ. Тэд бизнесээ Монголоос гадна Япон, Филиппинд өргөжүүлэхээр ажиллаж байгаа юм.

 Манай улсын 400 орчим гарааны компанийн ихэнх нь технологийн салбарынх. Учир нь Монгол Улс цөөн хүн амтай, зах зээл багатай. Бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зах зээл нь бага, эхлэх хөрөнгө шаардлагатай тул технологийн компаниудад илүү боломж олддог аж. Цахим хуудсын загвар бүтээдэг “Димтон” ХХК гэхэд бараг дэлхийн бүх улсад бүтээгдэхүүнээ борлуулдаг. Тус компани цахим хуудсын 60 гаруй загвараа 15 мянган хувь борлуулсан. Түүнчлэн, энэ салбартаа дэлхийн 30 мянга орчим компаниас 50 дугаарт эрэмбэлэгдэж байгаа аж. Хоёр жилийн өмнө гараагаа эхэлсэн тус компанийн загварыг онлайнаар худалдаж авах боломжтой тул бүтээгдэхүүнээ шинэлэг, сонирхолтой л хийж чадвал томоохон зах зээлийн үүд нээлттэй байна.  

Сүүлийн жилүүдэд манай улсад гарааны компаниуд идэвхжиж буйн жишээ бол coworking space буюу ийм бизнес эрхлэгчдэд хямд үнээр ажлын байр түрээслэх үйлчилгээ. Одоогоор нийслэлд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг таван газар бий. Хамгийн отгон нь өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн “Work central” төв. Төв салбар нь сингапурт байдаг. Эднийх таван өрөөтэй бөгөөд бүх өрөө нь аль хэдийнэ эзэнтэй болжээ. Сарын түрээс нь 700 мянгаас 1.5 сая төгрөгийн хооронд. Түүнчлэн өрөө биш ширээ түрээсэлж болдог. Сарын 150 мянга, өдрийн 10 мянган төгрөгийн төлбөртэй. Мөн долоо хоногт хоёр удаа ирвэл сард 80 мянган төгрөг төлдөг багц үйлчилгээ ч байдаг аж. Гарааны компаниудыг нэг газар ийнхүү цуглуулах нь олон талын хожоотой. Тус төвийнхөн залууст зөвлөгөө өгч, шаардлагатай хүмүүстэй нь холбож өгдөг. Мөн ажил хэрэгч, эрч хүчтэй орчин бүрдүүлснээр залуусыг шантралгүй ажиллахад нөлөөлдөг аж. Ирэх таван жилийн дотор ахин гурван салбар нээхээр төлөвлөжээ.

Ийнхүү гарааны бизнесүүд төрийн оролцоогүйгээр зах зээлийн давалгаан дунд идэвхжиж эхэллээ. Гарааны компаниуд манай улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй ком-паниудын дөнгөж 0.5 хувийг эзэлж буй ч ирэх жилүүдэд хурдацтайгаар өснө гэдгийг энтрепренерүүд хэлж байна. Монголд гарааны бизнесийн экосистем бүрдүүлэх зорилготой “Start up Mongolia” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч С.Эрдэнэбат “Манай улсад технологиос гадна хөдөө аж ахуй, аялал жуулчлалын гарааны бизнес хөгжих хандлагатай байна. Хэрэв залуус эрч хүчтэйгээр, шантралгүй ажиллаж чадвал таван жилийн дараа гэхэд гарааны бизнесийн орчин бүрдэж чадна” гэсэн юм.

САНАЛ БОЛГОХ