Тоо "тархи угаадаг"

Нийтлэлчийн булан


Бодит байдлаас хол үр дүнд итгэж, бодлогын луужин болгох нь хэр оновчтой вэ

Тоо худлаа хэлж болно. Учир нь түү нийг хүн бодож гаргадаг. Тиймээс бусдын нөлөө, авлига тоог тойрч, үр дүнг нь хөндөхгүй гэх баталгаа үгүй. Энэ оны эхний найман сарын байдлаар Монгол Улсын нэг ажилчинд ногдох сарын дундаж цалин 78 мянган төгрөгөөр нэмэгдэж, 966.6 мянган төгрөгт хүрснийг Үндэсний статистикийн хороо (ҮСХ) хэдхэн хоногийн өмнө мэдээллээ. Монгол хүний дундаж цалин нэг сая төгрөгт ойртсоныг энэ мэдээллээс харж болохоор байна. Гэтэл нийт ажиллагсдын 70 хувь нь дунджаас бага цалинтай төдийгүй тэн хагас нь 700 мянган төгрөгөөс ч бага хэмээн статистикийн байгууллага мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, нийт ажиллагсдын ердөө 30 хувь нь дундаж хэмээх улаан шугамыг давж байна. Түүнчлэн нийт ажиллагсдын тэн хагас нь дунджаас дэндүү бага. Ийм байхад сая шүргэсэн мөнгөн дүнг монголчуудын дундаж цалин хэмээн томъёолох нь хэр бодитой бас оновчтой бол.

Дахиад нэг эргэлзээ. Бизнес регистрийн сангийн мэдээлэлд дурдсанаар одоогийн байдлаар манайд 70 гаруй мянган аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүний 84.3 хувь буюу үнэмлэхүй олонхыг 1-9 ажилтантай аж ахуйн нэгжүүд бүрдүүлж буй. Гэтэл бичил гэж хэлж болохоор 1-9 хүнтэй аж ахуйн нэгжийн сарын дундаж цалин 630.9 мянган төгрөг хэмээн Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ. Бизнесийн салбарын цөмийг бүрдүүлж буй бичил “бүлэг”-ийн цалин 600 мянган төгрөгт хэлбэлзэж байхад улсын дундаж цалин үүнээс 300 мянган төгрөгөөр илүү гээд бод доо. Хэр үнэмшилтэй сонсогдож байна.

Ийм эргэлзээ дагуулсан тоон дүнгүүдийг статисикийн байгууллага тооцоолоод удаж байна. Энэ жишгээрээ ч хэд хоногийн өмнө Монголын нийгэм, эдийн засгийн тайланг танилцуулав. Мэдээж, нийт ажилчдын цалингийн зөрүү хэт өндөр бас олон салбарын дүнг нэгтгэхээр ийм дүн гарахыг үгүйсгэхгүй. Статистикийн байгууллага алдаа мадаггүй, зөв, зүйтэй тооцоолсон байж болно. Энд тус байгууллагын тооцооллын алдаа мадагийг хөндөх гэсэнгүй. Гагцхүү бодит байдлаас хол зөрүүтэй үр дүнд итгэж, бодлогын луужин болгож шийдвэр гаргахад ашиглах, цаашлаад сайрхах нь хэр зүйтэй вэ.

Дундаж цалингийн тооцоолол бол ганцхан жишээ. Ер нь тоо тойрсон эргэлзээ үүгээр дуусахгүй. Ажилгүйдэл, хөдөлмөр эрхлэлтийн судалгааг ч Монгол Улс үнэн, зөв хийж байгаа нь бас эргэлзээтэй. Өнгөрсөн жилүүдэд ажилгүй иргэдийг тогтоосон Хөдөлмөрийн яам болон Статистикийн байгууллагын тоон мэдээлэл зөрдөг байсан. Аргачлалыг нь өөрчилсөн ч өнөөг хүртэл хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тооцоолол сул хэвээр. Өнгөрсөн онд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөх Владимир Ганта тэргүүтэй мэргэжилтнүүд Монгол Улсын хөдөлмөрийн статистикийн аргачлалд судалгаа хийсэн. Шинжилгээгээр одоогийн аргачлал олон улсын стандартад зарим талаар нийцэхгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Монгол Улсын хөдөлмөрийн статистикийн систем нь Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг хянахад шаардагдах зохистой хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтийн 60 орчим хувийг тооцох чадвартай гэсэн үнэлгээг олон улсын мэргэжилтнүүд өгсөн байна. Иймд үзүүлэлтийн чанарыг сайжруулж, тооцох чадавхийг нэмэгдүүлэх нь чухал төдийгүй сул ажлын байрны тоог нарийн тооцож, ажиллах хүчний дутуу ашиглалтыг хэмжих зайлшгүй шаардлагатай гэсэн зөвлөгөө өгчээ.

Ийнхүү дэлхий дахин хамтран бодит тоо олохоор оролдож эхэллээ

Өнөөг хүртэл бид ийм дутуу, дулимаг тооцоонд үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн бодлогоо тодорхойлж ирлээ. Мэдээж, гүйцэд биш тооцоо судалгаа оновчгүй бодлогын эх үндэс байсан нь манай хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлаас харж болно. Энэ зах зээлийн тэнцвэр алдагдсан. Гудамж “метрлэж”, лааз өшиглөх ажилгүй иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр зарим салбарт хөдөлмөрлөх хүч хомсдож, ажлын байр эзнээ хүлээсээр.

Улс орны хөгжил статистик тоо яагаад чухал байдгийн баталгаа нь энэ. Аливаа шийдвэрийн тулах цэг нь мэдээлэл, статистик байдаг бөгөөд түүнд үндэслэн бодлого тодорхойлдог. Гэтэл бодлогын жанжин шугам болсон дата, мэдээлэл ташаа эсвэл дутуу дулимаг бол түүнийг дагаад бодлого ч алдаатай болж байна.

Өөрөөр хэлбэл, статистик нь бодлогын луужин болдог. Ялангуяа, эрчимтэй хөгжиж буй өнөөгийн нийгмийн бүх үе шатыг тоон мэдээллээр илэрхийлэх, статистикт үндэслэн дүгнэлт хийх, хөгжлийн замаа тодорхойлох шаардлага улам нэмэгдсээр байна. Тиймээс ч улс орнууд тоон мэдээллийн хойноос хошуурдаг. Учир нь дата мэдээлэл нь хүч чадал, давуу талыг дагуулж байна. Бидний олонхын өдөр бүр зочилдог “Facebook” гэхэд хүмүүсийн харилцаанд тулгуурлан, мэдээлэл цуглуулж, хандлага тодорхойлох зорилготой нэг тандалт. “Google” хайлтын систем хүртэл нэг талаар мэдээлэл хуримтлах талбар. Мэдээлэл, тоон үзүүлэлт ийм үнэ цэнэтэй, ач холбогдолтой болчихоод байхад бид өнөө хэр бодит байдлаа зөв тооцож чадахгүй байна.

Өөрөөр хэлбэл, тооцоолох аргаа өөрчлөх, илүү бодитой болгох шаардлага яах аргагүй тулгараад байна. Дээрээс нь хэт өөдрөгөөр тооцоолох, бодит байдлаас алд дэлэм зөрүүтэй тооцооллыг танилцуулж олон нийтийн тархи угаах хандлага ч сүүлийн үед ажиглагдах болсон. Улмаар үүнийгээ аливаад ашиглаж, олон нийт төдийгүй төрийн бодлогыг төөрөгдүүлэх эрсдэлтэй болохыг дээр өгүүлсэн сая төгрөг шүргэсэн дундаж цалингийн үзүүлэлтээс харж болно.

Тиймээс олон улсад тоон үзүүлэлтийн үнэн зөвийг зөвхөн төрийн байгууллагын тооцооллоор хязгаарладаггүй. Хөндлөнгийн хэд хэдэн байгууллагын дүнг харьцуулж байж үнэлэлт дүгнэлт өгдөг болохыг гадаадын мэргэжилтнүүд анхааруулж байсан юм. Ер нь үнэн тооны үнэ цэнэ улам нэмэгдээд байна. Тиймээс дэлхий даяар худал хэлдэггүй, хөндлөнгийн нөлөөгүй жинхэнэ тооны эрэлд гарсан. Энэ долоо хоногийн лхагва гарагт Беларусийн Минск хотод статистикийн чанарын олон улсын чуулган эхэлсэн. Өнөөдөр буюу баасан гараг хүртэл үргэлжлэх энэ чуулганд Монголоос гадна Төв Ази болон Зүүн Европын орнуудын төлөөлөгчид оролцож байгаа юм. Уг чуулганаар Европын статистикийн системийн чанар, үлгэр жишээ арга замыг хэлэлцэж буй. Ийнхүү дэлхий дахин хамтран бодит тоог олохоор оролдож байна.

НҮБ хүртэл дэлхийн ирээдүйд статистик үлэмж нөлөөтэй болохыг онцолсон. Эх дэлхийг ирээдүйд тогтвортой хөгжүүлэх 167 зорилтын нэг нь статистикийн салбарын чадавхийг сайжруулах гэдгийг тогтоосон юм. Тиймээс тус тусдаа өөрсдийн аргачлал, аргазүйгээ боловсруулах бус дэлхий нийтээрээ бодож, тооцох аргаа хамтран эрэлхийлж байна.

• Олон улсад тоо үзүүлэлтийн үнэн зөвийг зөвхөн төрийн байгууллагын тооцооллоор хязгаарладаггүй

• Беларусийн Минск хотод статистикийн чанарын олон улсын чуулган болж байна.

• Тиймээс улс орон даяар худал хэлдэггүй, хөндлөнгийн нөлөөгүй жинхэнэ тооны эрэлд гарсан.

Тэгвэл ийм чухал цаг дор бидэнд ч бусдын нөлөө, захиалгат дүнгүйгээр бодит байдлаа үнэлэх шаардлага тулгарч байна. Үүний тулд тухайн тоог “төрүүлэх” тооцоолох арга замыг сайжруулж, илүү нарийвчлалтай болгохгүй бол тоонууд ч худал хэлсээр байх нь. Учир нь тэднийг тооцох аргачлал, тухайн тооцоонд ашиглаж буй хүчин зүйлсийг хүн сонгодог. Тиймээс цоорхойгүй, хөндлөнгийн оролцоо орох боломжгүй тооцооллын арга замыг нутагшуулах шаардлага Монгол Улсад нэгэнт бий болжээ. Эс бөгөөс бодлогын луужин болсон тоон дүнгүүд буруу чигийг заасаар байх нь.

САНАЛ БОЛГОХ