Нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгоно

Мэдээ


Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, өндөр хөгжилтэй орнуудаас туршлага судлах зорилгоор “Нийгмийн даатгалын шинэчлэл- өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт олон улсын форумыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Форумд ХБНГУ-ын Ослын нийгмийн даатгалын байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Нийгмийн хамгааллын газар зэрэг олон байгууллагын 160 гаруй судлаач оролцов. Энэ үеэр Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Зүүн болон Зүүн өмнөд Ази, Номхон далайн зохистой хөдөлмөрийг дэмжих багийн Нийгмийн хамгааллын ахлах мэргэжилтэн Нуно Дэ Кунхи “ОУХБ-аас Монгол Улсын нийгмийн хамгааллын тогтолцоог дэлхийд тэргүүлэх жишгийн нэг гэж үнэлдэг. Манай байгууллагаас баталсан иргэдийн эрхийг хамгаалах зорилго бүхий 102 дугаар конвенцийг Монгол Улс хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг ухаалгаар ашиглавал нийгэм, эдийн засгийг хөгжүүлэхэд түлхэц болно. Тиймээс энэ чиглэлээр манай байгууллага Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн” гэж хэлэв.

Форумаар нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэл, бодлогын болон тэтгэврийн шинэчлэлийн олон улсын чиг хандлага, нийгмийн даатгалын хамралт, эдийн засгийн өсөлтийн асуудлыг чухалчиллаа. Түүнчлэн манай улсын нийгмийн даатгалын салбарт хүн ам зүйн болон хууль эрх зүйн томоохон өөрчлөлтүүд гарч буй чухал цаг үед зохион байгуулагдаж байгаа нь ач холбогдолтойг оролцогч талууд онцолсон юм. Харин Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгал бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг “Нийгмийн даатгалын сангаас даатгуулагчдадаа 30 орчим нэр төрлийн үйлчилгээг үзүүлж буй. Орлогын хувьд 1.4 их наяд төгрөг оруулж, эргээд 1.9 их наяд төгрөг зарцуулах журмаар үйл ажиллагаагаа явуулж байна” гэв.

Одоогийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас 380 мянган иргэн тэтгэвэр авч байна. Үүнээс 280 мянга нь өндөр насны тэтгэвэр тогтоолгожээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын иргэдийн дундаж наслалт нэмэгдэж, нийт хүн амын 60 орчим хувийг хөдөлмөрийн насны залуучууд эзэлж байгаа аж. 20-30 жилийн дараа эдгээр залуусыг тэтгэвэрт гарах үед санхүүжилт чухлаар тавигдах юм.

Энэ асуудлыг эртнээс шийдвэрлэх зорилгоор Нийгмийн даатгалын багц хууль боловсруулж, 2037 он гэхэд иргэдийг 65 насандаа тэтгэвэрт гаргадаг болох юм.


САНАЛ БОЛГОХ