Багшийн цалин хөлсний шинэ тогтолцоог нэвтрүүлэх хэлэлцүүлэг өрнүүлнэ

Мэдээ

БСШУСЯ-наас багшийн цалин, хөлсний шинэ бодлогыг боловсруулж байгаатай холбогдуулан цалин хөлс, урамшууллын эрх зүйн зохицуулалтыг хянах, сургууль, цэцэрлэгийн багш нар, ажилтнуудыг хамарсан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах ажлыг эхлүүлж байна. Энэ хүрээнд БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар "Багшийн цалин хөлсний шинэчлэлийн бодлогын үзэл баримтлал”-ын төслийг цэцэрлэг, сургууль бүрд хүргэх, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахыг үүрэгдлээ. Нээлттэй хэлэлцүүлгийн санал, дүгнэлтийг нэгтгэн 10 дугаар сарын 13-нд, харин үүргийн хэрэгжилтийн эхний тайланг энэ сарын 20-ны дотор БСШУСЯ-д цахим болон бичгийн хэлбэрээр ирүүлэх үүрэг өгсөн байна. “Багшийн цалин хөлсний шинэчлэлийн бодлогын үзэл баримтлал”-д тусгаснаар цалин хөлс нь амьдрал, ахуйн зайлшгүй хэрэгцээг хангадаг байх, хөдөлмөрийн онцлог, нөхцөл, ачаалалтай уялдсан байх зэрэг зарчмыг баримтална. Мөн цэцэрлэгийн багш, бага ангийн багшийн үндсэн цалинг нэмэгдүүлэх, багшид сар бүр үр дүнгийн урамшууллын 10 хувийн нэмэгдлийг тогтмол олгож, ажлын гүйцэтгэл, үр дүнгээс хамаарч таван хувиар нэмэгдүүлэн авах боломжийг бий болгох зэрэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэжээ.

Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, “Багшийн цалинг нэмүүлэх түр хороо”-оос багшийн цалинг нэмэгдүүлэх шаардлагыг Монгол Улсын Засгийн газарт хоёр дахь удаагаа хүргүүлээд байна. Харин Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын Төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэх, багш ажилтны цалин хөлсийг боловсронгуй болгох талаар санал боловсруулах үүрэг бүхий гурван яамны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан тушаалаар байгуулаад байгаа юм.




САНАЛ БОЛГОХ